ХОЛЫН ТҮНШ САЙХАН Ч ХОЁР ХӨРШ МААНЬ ИЛҮҮ ОЙРХОН
Улаанбаатарт холын гийчдийн хөл татраад хэдхэн хонож байна.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын YII бага хурал гэж хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхмөөр том арга хэмжээ болж өндөрлөв. Дэлхийн 100 гаруй орны 1300 орчим зочин төлөөлөгч ирсэн гэж байна. Африкийн шугуй, Амазонкийн ширэнгийн зочид ч талын Монголд хөл тавьсан юм байх. Харин хачирхалтай нь хойд урд хоёр хөршийнхөн маань ирсэнгүй. Энэхүү чуулганыг гардан зохион байгуулсан Да.Ганболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “БНХАУ болон ОХУ-д урилга илгээсэн ч аль алинаас нь төлөөлөгч ирсэнгүй” хэмээн онцолсон байна билээ. Хэлэлцсэн юм шиг хоёулаа ирээгүйг бодоход хэн хэнийх нь цээжинд нэг ялихгүй гомдол яваад байдаг юм болов уу гэж бодоход хүрлээ. Эсвэл жийрэг болдог “жижигхэн” Монголдоо томорхож, тоомжиргүй хандаж байгаа нь энэ үү гэж эргэлзэж нэг үзэв. Н.Алтанхуягийн Засгийн газрыг хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд ач холбогдол өгөхгүй, харайж дэгдээд байна гэсэн өнгө аястай шүүмжлэл эхлээд Их хурлын танхимд шуурсан юмдаг. Үнэн л болж таарлаа.
Он гарсаар гадаадын олон хүндтэй зочин төлөөлөгч ирлээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан, Тайландын Ерөнхий сайд залуу хатагтай Йинлак Чинават гэхчлэн гуравдагч хөршийн гэсэн тодотголтой томчууд айлчлаад буцлаа. Энэ зуур цаг хугацааны цаад наадыг эс тооцвол хоёр хөршийн тэргүүн нар харилцан айлчилж асуудлаа шийдэж, ажлаа эмхлээд авах шиг боллоо.
Монголчуудын нэг үг байдаг даа. Саахалтынхан сайхан амьдарвал манайх сайн явна гэж. Тэд яг л ийм логикоор бие биедээ хандаж байх шиг байна. Асуудлын эрэмбэ гэж бий. Эхлээд манайх, дараа нь хөршийнх, тэгээд тэднийх. Холын ажлыг ойроос эхэлдгийн жишгээр хөршөө эхэлж урих нь хэн хэнийх нь эрх ашиг байдаг бололтой юм. Өөрсөд дээрээ жишээд үзэхээр ингэж төсөөлөгдөж байгаа юм. Монголчууд нүүрсээ гуравдагч зах зээлд гаргана гэж сүүлийн арван жил хөл хөнгөрч явлаа. Тэнгис далай гаталгаж арилжаалахын тулд хоёр хөршийнхөө нутгаар л дамжуулан тээвэрлэнэ. Тэр асуудлаа одоо хүртэл шийдэж чадаагүй л байна. Нефтийн бүтээгдэхүүний хангалтаа дан ганц хойд хөршөөс хийдэг. Энэ мэт хаяа залган орших хоёр хөршөөсөө хамаарах асуудал дэндүү олон. Иймэрхүү хамаарал мөнхийнх гэдгийг тодотгох нь зүй байх. Монголын зүггүйтэлд Хятадын тал хилээ хааж сануулга өгч байсан нь бий. Ихэнх импорт, идэж уух минь ч тэднээс хамааралтай болохоор хэдхэн хоног ч гэлээ хэрхэндээ тэвдээд л авах шиг болсон.
Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнийг бүдүүн бааргаар илэрхийлбэл дэлхийн улс орнуудын эрх ашгийг Монголдоо тэнцүү хэмжээгээр оруулж ирэх явдал. Өөрөөр хэлбэл, аливаа улс орнуудыг танай манай гэлгүйгээр тал алдахгүй байж, тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүй байх явдал. Геополитикийн өвөрмөц байршил орчинтой, харьцангуй цөөн хүн амтай манай улсын хувьд үндэсний аюулгүй байдлаа хангах нэг арга нь энэ гуравдагч хөршийн бодлого гэлцдэг. Алс Америк, Япон, БНСУ, БНТУ, Энэтхэг болон Европын холбоог ч бид гурав дахь хөршөө хэмээн үздэг. Түүнчлэн хөрөнгө оруулалт талаас нь илүү сонирхож арав гаруй улсыг Монголын парламент онцлон нэрлэсэн явдал бий.
Гуравдагч хөршийн бодлого бол хэн нэгний, тэр дундаа хоёр хөршийн эсрэг санаа бодол агуулдаггүй. Тийм болохоор түүнийг тухайлан буруутгах гэсэнгүй. Гагцхүү энэ агуулга дор хоёр хөрштэйгөө харилцах харилцаанд бий болсон зарим нэг үнэт зүйл бүдгэрэн гээгдэх вий гэсэн болгоомжлол байгааг л илэрхийлэх гэсэн хэрэг. Гурвдагч хөрш гэхээр “гунхсан сайхан амьтан” байх мэтээр төсөөлж, гулгиж цалгисан хачраар амтлах гээд байх юм. “Хол”-ыг харж, хойд урд хөршөө давуулан харайх нэг шалтгаан нь иймэрхүү сэтгэхүй. Ялангуяа Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хувьд хоёр хөршийнхөө дээгүүр саравчлаад, “тэнд нэг хоёр хүн уулзаа л биз” гэхчлэн хэнэггүйтэх янзтай юм. Гадаад бодлогын тэнцвэржилт, ур ухаан гэдэг улстөрч хүний нэг илэрхийлэл байх учиртай. Хоёр хөршөө огоорчихоод гуравдагч руу гулгаж хандраад байгаа нь л уулын буга, унасан морь хоёрыг санагдуулаад байгаа юм.
Гэтэл тэдгээр гуравдагч хөршүүдээс маань Монголд ямар дорвитой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт юу байна гэхээр япончуудын хийсэн хэд хэдэн бүтээн байгуулалтыг эс тооцвол барьцтай юм санаанд буухгүй л байна. Алив, америк ах нар маань ямар хөрөнгө оруулж, яаж хамтран ажиллаж байна гэхчлэн асуумаар.
Харин хоёр хөршийн хувьд гэвэл өөр. Хамгийн түрүүнд сануулах нэг зүйл бол ОХУ түүхэн цаг үеийн турш Монголын тусгаар тогтнолын баталгаа болсоор ирсэн. Өнөөдрийн өнгөн дээр өнгөрсөн үеэ мартвал дээлэндээ багтахгүй нүгэл хураана гэсэн үг. Түүнчлэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын тэн хагас шахам хувийг БНХАУ-ынх эзэлдэг гэсэн тоо баримт буй. Монголын төмөр зам, саалийн ганц хэмээн өхөөрддөг “Эрдэнэт” үйлдвэрийн үндсэн хувь нийлүүлэгч нь хойт хөрш хэвээрээ байгаа. Эдүгээ манай нүүрсийг импортолж буй ганц том зах зээл нь Хятад. Хэрэв тэд авахгүй гээд гэдийчихвэл мөнөөх нүүрс үнс болсноос ялгаа юу байх билээ. Энэ мэт учрал хамаарал их бий. Бид мөнхийн хөршүүд, энэ бол бурхны хуваарилалт. Манай гурвын нийтлэг эрх ашиг, хамаарал гэж бас байдаг байж таарна. Хоёр хөрштэйгөө харилцан ойлголцож, хамтран ажиллах, хэн хэнийхээ эрх ашгийг эн тэнцүүхэн авч явах нь Монгол төрийн тэргүүлэх бодлого гэж төсөөлөгддөг. Холын түнш сайхан ч хоёр хөрш маань илүү ойрхон.
П.Ядамдорж
URL: