Сүнсэн хот уу, Сүлд хот уу?
Эрдэнэтийн зэсийн ордын геологийн нөөц 25 жилийн дараа дуусна. Харин зуун мянган оршин суугчтай манай улсын гуравдагч том хот тэгэхэд яах вэ гэдгээ шийдсэн үү? Энэ асуултын хариу аль болох хурдан тодорхой болох тусам уул уурхай дагаж бүрдээд, нөөц нь дуусахаар хаягддаг Сүнсэн хотын сүрэгт нийлэх магадлал улам бага болно. Би энэ асуултыг Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд болсон Орхон аймгийн Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Эрдэнэтийнхний өмнө тавьсан юм.
Эрдэнэтийн уурхайг анх 1968 онд Чехийн геологичид олж илрүүлсэн бөгөөд 1971 онд оросууд зэс, молибдений нөөцийг нь тогтоож, эрчимтэй ажилласнаар олборлолт эхэлж, хэдхэн жилийн дотор баяжуулах үйлдвэр барьснаас хойш 35 жил ашиглаж байна. Эдүгээ эл уурхай жилд 25 сая тонн хүдэр боловсруулж, 500 мянган тонн баяжмал гаргаж буй бөгөөд энэ явцаараа бол 25 жилийн дараа нөөц нь дуусах ажээ. Нэмэлт хайгуулын ажил хийж байгаа гэдэг ч ямар нэг орд олсон, эсэх нь тодорхойгүй. Нэн тодорхой болсон зүйл бол “Эрдэнэт” үйлдвэр төр засгийн эрх авсан улс төрийн намын удирдлага, тэдний хамсаатнуудын гарт сонгуулийн дараа түргэн шилждэг явдал. Мөн зэсийн баяжмал нийлүүлэх гэрээ нь маш нууц бөгөөд Coca Cola-гийн жор шиг зөвхөн Гүйцэтгэх захирал нь мэддэг гэнэ. Энэ хүн борлуулалт, орлогын хэмжээ, хугацаа, өр төлбөрийн нөхцөлийг бүрэн атгадаг учир хөрөнгийн эрх мэдлээрээ Монгол Улсын “титэмгүй” хаан нь болдог.
“Эрдэнэт”-ийн удирдлагыг авьяас чадвар гэхээсээ илүү улс төрийн намын харьяаллаар томилдог бөгөөд эвслийн намууд, намуудын фракцуудын хүчний харьцааг энд болон төрийн өмчийн бусад бүх компаниудын зохион байгуулалтын шинэ бүтцээс тольдон харж болно. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт 6000 хүн ажилладаг. Үлдсэн 90 мянган иргэнээс сургуулийн хүүхдүүд, өндөр настнуудыг хасаж тооцвол 40-өөд мянган хүнтэй хөдөлмөрийн нөөц бий. Тэд хивс, нэхий болон хүнс, нэхмэл, зам, барилга угсралт, барилгын материалын үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад ажилладаг боловч хотын хүн амын худалдан авах чадвар, инфляц бүхлээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа, зэсийн үнийн хэлбэлзлээс хамаарна.
Орхон аймаг өрсөлдөх чадвараар бусад аймгуудаас илүү. Гэхдээ үүнийг “Эрдэнэт” үйлдвэрээс салгаж үзвэл бодит байдал сая тодорно. Энэ аймаг хоёрхон сумтай бөгөөд Жаргалантад 3094, Баян-Өндөр суманд 87273 хүн амьдардаг. Эрдэнэт хот Сүнсэн хот болж хувирахгүйн тулд одооноос тодорхой арга хэмжээ авч эхлэх ёстой. Ганц нэгийг санал болгоход юуны өмнө “Шинэ Эрдэнэт 2040 сан” байгуулж хөрөнгө хуримтлуулах, тодорхой салбарт бүс нутгийн төв болох, хотыг орчин үеийн ухаалаг хот болгох зэрэг ажлуудыг эхэлж болох юм. Сангийн хувьд, эх үүсвэрийг нь “Эрдэнэт” үйлдвэрийн ногдол ашгаас тодорхой хувиар авах учиртай. “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын төрийн өмчийн хувийг олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан борлуулах хувьцааны тодорхой хэсгийг (таван хувь ч юм уу) анхны зарласан үнээр Эрдэнэтийн орон нутгийн зөвлөл худалдан авах, Төлөөлөн удирдах зөвлөлд хотын даргаа суулгах (Монголд хотуудын дарга иргэдээсээ шууд сонгогдох ёстой) нь шударга ёсонд нийцнэ.
Монголчууд бид төрийн өмчит бүх компаниудыг хувьцаат компани болгож, хувьцааг нь нийтэд зарах, ТУЗ-д нь орох, улмаар Гүйцэтгэх удирдлагыг томилох, хянах замаар нийтийн хөрөнгөндөө эзэн болж, арвижуулах ёстой. Энэ бол одоохондоо хувьцаат компанийг хянах хүн төрөлхтний бодож олсон цорын ганц арга зам. Жинхэнээс нь удирдаад эхлэх цагт ярихаас хэтэрдэггүй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих ажил ч урагшлах боломжтой. Гэхдээ хугацаа алдсан учир энэ төсөл Оюутолгойн зэсийн баяжмалыг боловсруулах үйлдвэр хаана баригдахаас хамаарна. Бүс нутгийн төвийн хувьд боловсролын (уул уурхайн дээд сургууль, эсвэл гадаадын аль нэг нэр хүндтэй их сургуулийн салбар), эмчилгээ сувилгааны, эсвэл банк санхүүгийн, хөнгөн болон хүнсний, нэг бол барилгын материалын гэх мэт аль нэг чиглэлийн үйлдвэр байгуулж болно. Мөн төмөр зам, ачаа тээврийн зангилаа цэг болох, эхлээд дотоодын, дараа нь Зүүн хойд Азийн бүсийн түвшинд нэр хүндтэй болох зорилго тавьж болох юм. Харилцаа холбооны хувьсгалт шинэчлэлийн дунд амьдарч байгаа цаг үеэ зөв ашиглаж чадвал боломж маш их байна.
Харин ухаалаг хотын хувьд, орчин үеийн хотжилтын хамгийн сүүлийн үеийн туршлагыг тусгаж хүн, байгальдаа ээлтэй болгон өөрчлөхөд анхаарах учиртай. 1990-ээд оноос эхэлсэн мэдээлэл, холбооны технологийн хувьсгалын үр дүнд ердийн хотууд ухаалаг хот болж, 2010 оноос ухаалаг нь оюунлиг болж байна. Энэ бол тухайн хот мэдлэг, өрсөлдөх чадвартай, өөрийн онцлогт суурилан төрөлжин хөгжихийг хэлж байгаа юм. Жишээ нь Сингапур хот хөршөөсөө ундны усаа хоолойгоор татаж хэрэглэдаг учир борооны усыг тосох, хадгалах, цэвэрлэн хэрэглэх өвөрмөц дэд бүтцийг бий болгосныг дэлхийн бусад хотууд сонирхож байгаа. Сингапур оюунлиг хот болох замдаа бас дэлхийн мөнгөний болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн салбарын төв болохоор зорьж байна. (дэлгэрэнгүйг http://jargaldefacto.com/#!/оюунлаг-хот)
Ер нь Эрдэнэт хотыг Улаанбаатараас хүмүүс нүүн ирж суурьших хэмжээний болгож хөгжүүлэхэд хэн саад болоод байгаа юм бэ? Эрдэнэтийнхэн одооноос ухаан санаагаа уралдуулан алсын хараатайгаар хэтийн төлөвөө тодорхойлж, түүнийгээ цаасанд буулгаж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгох шаардлагатай байна. Зорилтоо зөв тодорхойлж, бүх хүч чадал, оюун ухаанаа нэгтгэн зүтгэж чадвал Эрдэнэт маань Монгол Улсын хамгийн зөв төлөвлөсөн, хүн байгальдаа ээлтэй, бүс нутгийн хөгжлийн чухал төв-ухаалаг хот ч болж чадна. Сүнсэн хот, эсвэл Сүлд хот болохыг Эрдэнэтийнхэн та бүхний хүсэл зориг, хичээл зүтгэл мэднэ.
Д.Жаргалсайхан www.jargaldefacto.com
URL: