БАГАХАНГАЙД БАЙРШУУЛСАН АЯГАНЦАРУУД ХИМИЙН АЮУЛТАЙ ХОРТ БОДИС МӨН ҮҮ?
Тигель буюу аяганцар гэж юу вэ?
Багахангайн ойролцоо байрлах агуулахад буулгасан хаягдал нь геологийн лабораторид ашиглаж байсан тигель буюу аяганцар болно. Энэ нь магнийн ислийг шингэнтэй зуурч хийсэн шавар аяганцар. Хүдрийг өндөр температурт зууханд шатааж, хялбар уусамтгай хэлбэрт оруулан, түүний найрлага дахь элементүүдийг тодорхойлох лабораторийн шинжилгээнд аяганцарыг /тигель/-ийг ашигладаг. Уг аяганцар нь галд маш их тэсвэртэй тул төрөл бүрийн эрдэс, металлын орц хэмжээг тогтоох шинжилгээнд ашигладаг. Эрдэс түүхий эдэд агуулагдаж байсан төрөл бүрийн хүнд металлууд шингэж үлдсэн байх магадлалтай байдаг тул эдгээр хуучин аяганцарыг ахуйн хог хаягдлын ландфиллд хаяж устгадаггүй харин аюултай хог хаягдал болгон авч үздэг. Гэхдээ өндөр хэмд боловсруулалт хийхэд ашигласан тул ямарваа нэг дэгдэмтгий хий, тоос, тоосонцор байх боломжгүй юм.
Магнийн исэл гэж ямар бодис вэ?
Тигелийг үйлдвэрлэхэд магнезит (MgC03) гэдэг байгалийн эрдсийг 1600-1650oC-д шатааж гаргаж авдаг учраас үндсэн найрлагад нь магнийн исэл ордог. Магнийн исэл нь усанд уусдаггүй, галд маш их тэсвэртэй, дэлбэрэх аюулгүй цагаан өнгийн талст бодис. Уг бодисыг далайн уснаас ч их хэмжээгээр гаргаж авдаг бөгөөд дэлхийд түгээмэл тархсан байдаг.
Магнийн исэл нь бага хортой бодисын ангилалд хамаардаг, хорт хавдар үүсгэдэггүй, үр удамд нөлөөлдөггүй бодис. Хүний биед ч тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Өмнөговь аймгийн Бидэрийн голын магнезитийг боловсруулах замаар гаргаж авсан магнийн ислээр сайн чанарын галд тэсвэртэй материал үйлдвэрлэж болохыг манай эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Магнийн ислийн энэ чанарыг ашиглаж дулааны цахилгаан станц, металлургын үйлдвэрийн зуухны өндөр хэмд тэсвэрлэх хучилт, тоосго хийх, цементийн үйлдвэрлэл, газрын тосны үйлдвэрт шүүлтүүр, резины үйлдвэрт дүүргэгч материал хийхэд өргөн ашигладаг ажээ. Мөн магнийн ислийг шахаж эм гаргадаг бөгөөд түүнийг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг. Түүнчлэн хүн төрөлхтөн E530 гэсэн хүнсний нэмэлт тэжээл ч гарган авчээ. Бидний сайн мэдэх хүндийн өргөлтийн тэмцээнд туйванчдын гартаа түрхдэг цагаан зүйл бол магнийн ислийн нунтаг аж.
Яагаад нийслэлийн Багахангай дүүрэгт байрлах агуулахад химийн бодис хадгалах болов?
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны 20/13 дугаар зөвлөмжөөр хэнд “Аюултай хог хаягдлыг устгах, аюулгүй болгох зориулалтын байгууламж байгуулах асуудлыг байгаа бололцоогоо ашиглан 2012 оны эхний хагаст багтаан эхлүүлэх, зориулалтын байгууламж баригдан ашиглалтанд орох хүртэлх хугацаанд химийн хорт хаягдлыг түр хадгалах зориулалтын байр, нэгдсэн агуулахын асуудлыг шийдэж, харуул хамгаалалтыг сайжруулах тухай” гэсэн үүрэг даалгавар өгсөн.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмж болон “ТВХ” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн БОАЖЯ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хуулийн дагуу тус компанийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ (2011.08.08) болон нарийвчилсан үнэлгээг (2012.08.22) баталжээ. Үнэлгээг батлахдаа тус компани нь химийн бодисын хаягдал устгах техник, технологийн чадавхигүй гэж дүгнэн, зөвхөн химийн хорт болон аюултай бодисын хаягдал “хадгалах” чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг тодорхой зааж өгсөн байна. Үнэлгээний материалд “Уг төслийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлантай танилцав” 2012 оны 06 сарын 07-ны өдөр гэсэн Багахангай дүүргийн Засаг дарга И.Батнасангийн албан бичгийг хавсаргасан байв.
Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт орших Зэвсэгт хүчний 337-р ангийн харъяа нисэх онгоц хадгалах ангар нь тусгай хэрэгцээний газар нутагт хамаардаг болохыг Зэвсэгт хүчний жанжин штабаас 2012 оны 05 дугаар сарын 28-ны өдөр БОАЖЯ-нд бичгээр ирүүлжээ. “Тамбов-Цэргийн химичид” ТББ буюу “ТВХ” ХХК химийн бодисын хаягдал устгах, хадгалах үйл ажиллагаа явуулах хүсэлтээ 2012 онд БОАЖЯ-нд удаа дараа гаргаж, тухайн асуудлыг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар ч хэлэлцүүлж байжээ. Энэ бүхнийг үндэслэн БОНХЯ Багахангай дүүрэгт байрлах, тусгай хэрэгцээний газар нутагт хамаардаг, тусгай харуул хамгаалалт бүхий Зэвсэгт хүчний 337-р ангийн харъяа нисэх онгоц хадгалах ангарт хадгалах зөвшөөрөл өгсөн байна.
“ТВХ” ХХК нь “Ес Жи Эс” лабораторийн нийлэг уутанд хийж, модон хайрцагт савласан 108 хайрцаг, 120 тн галд тэсвэртэй магнезитын тигелийг (аяганцар) тус ангарт зөөвөрлөж хадгалах үйл ажиллагааг явуулжээ.
Эх сурвалж: БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ГАЗАР, ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ
Мэдээллийг бэлтгэсэн: БОНХЯ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
URL: