Алт, үнэт эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг зогсоолоо
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА МЭДЭЭЛЛЭЖ БАЙНА
Алт, үнэт эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг
завдсан үйлдлийг таслан зогсоолоо.
Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн улсын байцаагч нар БНСУ-аас Монгол Улсад зорчин ирж буй зорчигчдын ачаа тээшинд эрсдэл тооцон ажилласнаар их хэмжээний алт үнэт эдлэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг таслан зогсоолоо.
2013 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНСУ-аас ирсэн КЕ-867 нислэгийн онгоцны зорчигч МУ-ын иргэн Э нь их хэмжээний алт, монетон эдлэл буюу нийт 513 ширхэг /нийт жин 2341,7 гр/ алт, монетон эдлэлийг татваргүй барааны шошго бүхий уутанд жигнэмэгийн төмөр хайрцаг, эрэгтэй хүний гоо сайханы бэлдмэл зэрэгт хийн, хар цаасанд ороож гаалийн хяналтаас нуун далдлан хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ.
Тухайн барааг үнэт металлын сорьц тогтоох лабораторид илгээн шинжилгээ хийлгэхэд үүнээс 45 ш /498,8 гр/ нь алтан эдлэл, 468ш /1842,8 гр/ нь монетон эдлэл болохыг тогтоожээ. Зөрчилд холбогдсон барааны дүн нь 85 800 000 /наян таван сая найман зуун мянган/ төгрөг болно.
Тухайн хууль бус үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байх тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар боллоо.
Гаалийн ерөнхий газар
URL: