”Тэмүүлэнбаатар”-ын захиалагчид хэдий хүртэл хохирох вэ Бат-үүл даргаа
Сүүлийн үед төрийн байгууллага аж ахуйн нэгж хоёрын дундын зөрчлөөс болж энгийн иргэд хохирох асуудал газар авч байна. Тэр дундаа барилгын салбарт иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хамгийн их хохирч буйг хэн ч үгүйсгэхгүй байх.
Уг нь Үндсэн хуульд зааснаар ардчилсан нийгэмд амьдарч буй хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл албаныхан “ардчилал” хэмээн амаа чилтэл ярих хэдий ч үнэн хэрэгтээ тийм биш аж. Хамгийн сүүлийн тод жишээ гэвэл 77 өрх айл нэг тэрбум 670 сая төгрөгөөр хохирсон явдал юм.
Энэ нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард байрлах “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн барьж байсан 13 давхар барилгын захиалагчид. Энэхүү 77 өрхөд хэдэн иргэн амьдарч буйг хэн ч мэдэхгүй.
Ямартаа ч тэд нийслэлийн Засаг даргын өнгөрсөн оны аравдугаар сарын 5-ны А/601 тоот захирамжаар барилгынх нь үйл ажиллагааг зогсоосноос хойш өнөөг хүртэл нийтийн байр, хажуу өрөө, хамаатан садныхнаараа амьдарч байна.
Тухайн үед Э.Бат-Үүл дарга “Хууль зөрчиж барьсан л бол буулгана. Хэрэв буулгахгүй бол буруу жишиг тогтоно. Тийм учраас бусдад сургамж болгох үүднээс зайлшгүй нураана” хэмээн хэвлэлээр ярилцлага өгч байсан. Гэвч өнөөг хүртэл нэг ч барилга нураасангүй.
Мөн “Орон сууц захиалсан иргэдийн хохирлыг 100 хувь барагдуулна. Иргэн хохирох ёсгүй” гэсэн. Үүнийг нь сонссон иргэд ч баярлаж, өгсөн мөнгөө буцааж аваад дахин найдвартай байгууллагаас орон сууц захиална хэмээн итгэцгээж байсан юм.
Харамсалтай нь тэдэнд амласан хотын даргын энэ үг төдөлгүй хүчингүй болсон. Өөрөөр хэлбэл, хотын дарга маань “Захиалагчдын хохирлыг 100 хувь барагдуулна гэж би буруу ярьсан байна лээ. Үүнээсээ болж хуулийн хэлтсийнхэндээ загнуулсан.
Иргэдээ өрөвдөж сэтгэл хөдлөлөөр буруу хэлсэн байна” гэж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар зөвшөөрөлгүй барилгын асуудал хэлэлцэх бүртээ ахин дахин хэлж байгаа. Үүнийг нь сонссон иргэд удаа дараа жагсаал зохион байгуулж, уулзах хүсэлт хүргүүлсэн ч хотын дарга хүлээж аваагүй.
Харин барилга нь зөвшөөрөлгүй буюу хууль зөрчсөн учраас хотын дарга өмнө нь барилга байгууламжаа буулгах хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн ч “Тэмүүлэнбаатар”-ынхан буулгаагүй.
Энэхүү шаардлагыг нь биелүүлээгүй тул нийслэлийн Засаг даргын А/668 тоот захирамжаар тухайн газрыг Б.Эрдэнэчимэгийн хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
Албадан чөлөөлөх захирамж гарсны дараа газраа чөлөөлөхийг шаардаж хугацаатай мэдэгдлийг мөн хүргүүлсэн боловч газраа бас л чөлөөлөөгүй. Харин Б.Эрдэнэчимэг зөвшөөрөлгүй барьсан барилгын карказаа энэ оны гуравдугаар сарын 14-ний өдөр төрийн өмчид авахуулах талаар хүсэлт гаргажээ.
Тиймээс хотын дарга Газрын тухай хуулийн 57.4, 57.5-т зааснаар “газрыг чөлөөлөөгүй бол, барилга, байгууламжийг шаардлагатай гэж үзвэл төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэсний дагуу төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх захирамж гаргасан. Гэвч энэхүү захирамж хараахан хэрэгжээгүй байна.
Б.Эрдэнэчимэг албаныхантай хуйдалдаж иргэдийг залилсан уу
“Тэмүүлэнбаатар” компанийн захирал Б.Эрдэнэчимэг газрын болон барилгын зөвшөөрөлгүйгээ мэдсээр байж иргэдтэй гэрээ байгуулж их хэмжээний мөнгө завшсан /энэ нь цэвэр залилан/ гэдгийг нийслэлийн өмчийн харилцааны газрын мэргэжилтэн хэлж байгаа юм.
Захиалагчдын хэлснээр энэ хүн НМХГ-ын н.Мөнхсүх гэдэг байцаагчтай хуйвалдсан гэнэ. Иргэд орон сууц захиалхаасаа өмнө н.Мөнхсүх байцаагчаас барилга нь үнэхээр зөвшөөрөлтэй эсэхийг лавлахад “Ямар ч асуудалгүй, бүх зөвшөөрөл нь бий” гэж хэлээд кадастрын зураг, газрын зөвшөөрөл зэрэг баримт үзүүлжээ.
Тиймээс иргэд итгэж хашаа байшин, нэг өрөө байр, машин тэргээ зарж, мөн бэлэн мөнгө, банкны зээл авч орон сууц захиалсан байна. Түүнчлэн тухайн үед “Тэмүүлэнбаатар” компани барилгын захиалга авах зарлалаа зар мэдээллийн сонинуудад үргэлж гардаг байжээ.
Гэвч албаныхан энэ бүхнийг зүгээр л хараад, уншаад явж байсан бололтой. Энэ мэтчилэн хууль зөрчсөн үйлдэл хийж байхад нь хэн ч түүнийг зогсоогоогүй юм байна. Өөрөөр хэлбэл, 2007 онд 139 шоо метр газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авчихаад ямар нэг зөвшөөрөлгүйгээр газрын хэмжээг 236-гаар нэмэгдүүлэн 375 шоо метр хэмжээтэй суурь бүхий 13 давхар орон сууцны барилга барихаар ажлаа эхлүүлэхэд хэн ч анзаараагүй, эсвэл тоогоогүй.
Мөн энэ компанийн өмнө нь барьсан /одоогийн байдлаар айлууд оруулчихсан байгаа/ долоон давхар барилга ч хууль зөрчсөн байдаг. Анх таван давхар барилга барих зөвшөөрөл авсан ч дур мэдэн долоон давхар болгон барьжээ.
Тиймээс өнгөрсөн онд албаныхан “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр эрчим хүчийг нь таслахад “Оршин суугчдын эрх зөрчигдлөө” хэмээн нэг хэсэг хэвлэлээр шуугисан.
Харин албаныхан “Нэгэнт айлууд орсон учраас яах ч аргагүй байна” гээд хүлээн зөвшөөрсөн юм. Үүнээс харахад Б.Эрдэнэчимэг захирал хуульд захирагддаггүй, эсвэл албаны томоохон хамтрагчтай байх нь.
Хуулийн байгууллагын шийдвэр хэзээ гарах вэ
Газрын тухай хуульд заасны дагуу хотын дарга уг барилгын зургаан давхар карказыг нийслэлийн өмчид үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авах тухай захирамж гаргасан ч хууль хяналтын байгууллагаас Б.Эрдэнэчимэгийн үйлдэл, хохирогч болон хохирлын хэмжээг шалган тогтоохоор болсон.
Учир нь төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуульд заасны дагуу иймэрхүү асуудал гарвал тухайн барилгатай холбоотой, маргаантай асуудлуудыг нэг мөр эцэслэн шийдэгдсэний дараа л НИТХ-д өргөн барих ёстой.
Тиймээс хуулийн байгууллагаар шалгуулахаар иргэдийн хурлын Хууль, эрх зүйн хэлтсээс нийслэлийн Прокурорын газарт хүсэлт гаргасан байна. Үүний дагуу нийслэлийн прокурор хянаж үзээд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Харин хуулийн байгууллагын шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байгаа бөгөөд үүнийг хүлээсэн захиалагчид өдөр ирэх тусам хохирсоор, ядуурсаар байна.
Ямар ч тохиолдолд иргэдийн хохирлыг барагдуулах нь дамжиггүй. Гэв ч Б.Эрдэнэчимэгт тэдний бэлнээр өгсөн 1.67 тэрбум төгрөгийг л барагдуулах уу, эсвэл өнгөрсөн хугацаанд алдсан бусад хохирлыг нь нэмж төлөх үү гэдэг эргэлзээтэй байна.
Эх сурвалж:
URL: