Найруулагч Г.Бадамрагчаагийн хэрэг дээд шүүхэд шилжлээ
Нийслэлийн прокурорын газраас “Хэргийг дахин нягтлах шаардлагатай” хэмээн үзэж мөрдөн байцаалтад буцаагаад байсан найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг ахин хянаж үзээд Улсын дээд шүүхэд шилжүүлжээ.
Жил гаруйн өмнө төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр гурван сар орчим хугацаанд хоригдсон кино найруулагч Г.Бадамрагчааг өнгөрсөн оны долдугаар сарын сүүлээр батлан даалтад гаргасан юм. Б.Бадамрагчааг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд баривчилснаас хойш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу дээрх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Сэжигтэний гэр бүлийнхэн нь уг хэргийг улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн үзэж байгаагаа тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж байсан юм.
Харин ТЕГ-ын хэвлэлийн албанаас “ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл ангиар Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг шалгаж эхэлсэн. Энэхүү хэрэг, хуулийн хүрээнд, прокурорын хяналтад шалгагдаж байгаагийн зэрэгцээ уран бүтээлтэй нь холбогдуулж, эсвэл улс төрийн бусад шалтгаанаар баривчилсан гэх яриа үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан учир хэрэг үүсгэн, болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч Г.Бадамрагчааг баривчилсан. Баривчилгааны үеийн ажиллагаа мөн мөрдөн байцаалтын явц хуулийн хүрээнд явагдаж байцаалт болгонд өмгөөлөгч нь оролцож байгааг энд дурдах нь зүйтэй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын хэрэг нь зохион байгуулалттай бүлэг гэдэг утгаараа ноцтой хэрэг” хэмээн мэдэгдсэн юм.
Я.Баяр
МОНЦАМЭ
URL: