АНУ-аас манай улсад нэмж 17 багц олдвор ирэхээр болжээ
Тринозавр батаар эх орондоо 17-уулаа болж ирэх нь тодорхой болжээ. МУ-ын ерөнхийлөгчийн хуулийн ахлах зөвлөх Цагаан, ССАЖ-ын сайд тэргүүтэй ажлын хэсгийнхэн АНУ-д энэ цаг мөчид ажиллаж байна. Тэдний хувьд үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь авч ирэх бүхий л шатны ажлыг жигдэртэл тэнд байх юм. Батаар болоод бусад олдворуудыг албан ёсоор маргааш АНУ-д хүлээн авч байгаа юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр АНУ-ын үлэг гүрвэлийн наймаачин Эрик Прокопид холбогдох хэргийн шүүх хурал болж тэрээр дээд тал нь 17 жилийн хорих ял сонс ч магадгүй байсан. Гэсэн ч ялыг эцэслэн шийдэх хугацааг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулж, түүнийг батлан даалтад гаргасан. Учир нь Эрик Прокопитой ял тохиролцох явцад түүний хамтрагч Англи улсын иргэн Кристофер Моор өөрийн эзэмшилд байгаа үлэг гүрвэлүүдийг Монголын талд бүрэн хүлээлгэн өгөх санал гаргасантай холбоотой. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Нью-Йорк хотын прокурор энэ сарын 01-ний өдөр ялын тохиролцоо явуулж “тохиролцоо ба тушаал” хэмээх баримт бичиг гаргажээ. Энэ тушаалын үр дүнд Монгол улсад Кристофер Моороос нэр бүхий 17 багц олдвор шилжин ирэхээр болжээ.
Батаарыг энэ сард багтааж эх оронд нь авч ирж бусад олдворуудыг ч яаралтай шилжүүлнэ гэж байна. Харин хадгалах байр савны тухайд өмчлөлийн эрх нь шийдэгдээгүй байгаа Лениний музейг салбар яамныхан нэрлэлээ. МАН-ынхан өөрийн өмч гэсэн тайлбарыг өгч байгаа бол ССАЖЯ-ыхан энэ байрыг засгийн газрын өмч гэсэн хангалттай нотлох баримтыг цуглуулсан. Тиймээс Лениний музейг үлэг гүрвэлийн зориулалттай музейгээр ажиллуулна гэсэн тайлбарыг өглөө.
ШУ-нд болоод музейд хосгүй үнэт, нэн ховор олдворууд сүргээрээ, хэлхээ яс нь бараг гэмтэлгүй байгаа нь үзэсгэлэнгийн танхимын чухал үзмэрүүд болохоор байгааг судлаачид тогтоосон байна. Нэг яс нь л гэхэд хэдэн сая долларын өртөг бүхий эдгээр олдворыг баглаж бооход хичнээн чингэлэг болох нь одоогоор тодорхойгүй байгаа гэлээ. Лениний музейг үлэг гүрвэлийн музейн зориулалтаар засч тохижуултал Сүхбаатарын талбайд түр байрлуулах музей байгуулахаар ажиллаж байгааг ССАЖЯ-аас мэдээллээ.
tv5.mn
URL: