Дур мэдэн эм ууснаар онош бүдгэрдэг

otgonӨвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн мэс заслын их эмч Батсайхантай  жилд 1000 хүнд мэс засал хийхэд  70 хувийг нь  олгойн хагалгаа эзэлдэг талаар ярилцлаа.

 

-Сүүлийн үед олгойн хагалгааг олон хүн хийлгэдэг болжээ. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ?

-Тийм ээ манай аймгийн хувьд нийт хагалгааны 70 хувийг мухар олгойн хагалгаа эзэлдэг. Олгойн өвчлөлийн шалтгаан нь олон талын шалтгаантай. Тэр дундаа хавар   олгойн өвчлөлөөр их өвдөж ирдэг нь хоол хүнстэй холбоотой байна. Өдөр өнжилгүй олгойн хагалгаа хийдэг ч долоо хоногтоо 20 гаруй хүн энэ хагалгаанд орж байна. Насны хувьд  8-15, 20-40 насны хооронд ихэвчлэн олгой нь өвчилдөг.

-Сүүлийн үед өөр ямар нарийн мэргэжлийн мэс засал хийж байна вэ?

-Аймгийн хувьд олгойноос гадна нэлээд олон төрлийн мэс ажилбар хийж байгаа. Тухайлбал, хэвлийн хөндийн хагалгаа, цөс, цөсний хагалгаандаа дурангийн хагалгаа голчлон хийгдэж байгаа.Үүнээс гадна хэвлийн хөндийн гэмтлийн янз бүрийн хагалгаа, элэг, цөсний хүүдийн гэмтлүүд  голчлон ордог, харин сүүлийн үед дэлүүны гэмтэлийг оёх,  мөн ясны төрөл бүрийн хагалгааг хийхээс гадна, чөмөгний ясны түгжээт хагалгааг хийдэг боллоо.

- Гадаадын эмч нар тэр дундаас Италийн эмч нар их ирдэг. Тэднээс сурал­цах зүйл их байгаа байх. Таны хувьд хүнд хагалгаанд  ороход анхаар­даг зүйл юу байдаг вэ?

-Тийм ээ Италийн эмч нартай эрүү нүүрний мэс засал, АНУ-ын Соросын сангийн эмч нартай нарийн мэргэжлийн ха­галгаан дээр туршлага судалдаг. Мөн Нийс­лэлийн нэгдүгээр эмнэлэг дээр очиж  турш­лагаас нь суралцдаг. Байнга л су­ралцаж байхгүй бол хүний амь   эмч бидний ажил мэргэжилтэй  салшгүй холбоотой. Га­даадын эмч нараас цаг сайн барим­талдаг, хагалгааны өмнөх бэлтгэл ямар  нарийн  байдгийг сурч барим­талдаг. Хүнд хагалгаанд оролгүй яахав. Энэ үед онош нь мэдэгдэхгүй хэцүү үе бий. Харин төлөвлөгөөт хагалгаанд бол бэлтгэл сайтай ордог учраас гайгүй байдаг юм.

-Мэс заслын тасгийн багаж хэрэгсэл, техник хэрэгслийн хувьд хэр дэвшил гарч байна вэ?

-Манай тасагт 2000 онд Японы тусламжаар нэлээд багаж тоног төхөөрөмж ирсэн нь одоо хуучирч байна.Харин энэ жил шинээр компьютер томографын багаж хэ­рэгсэл тавигдлаа. Ноднин дурангийн хагалгааны аппараттай болсон. Хуучин багаж хэрэгслүүд муудаж хэрэглэгдэхгүй л болчих гээд байна даа. Цаашид хагалгааны нэгдсэн болоктой болмоор байгаа талаар саналаа хэлсэн.

- 2000 оны хүмүүсийн эрүүл мэндийг 2013 оны үеийнхтэй харьцуулбал, дээр нь сүүлийн үед илүү эрхтэнтэй төрөлт гараад байгааг эмч хүний хувьд юу гэж үзэж байгаа вэ?

-Одоогоос арваад жилийн өмнө нойр­суулах эмч дутагдалтай дээр нь дахин дахин ха­галгаанд орох үе ч байсан. Харин сүүлийн таван жил шинэ техник хэрэгсэлтэй болоод ч тэр үү хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөөд тэр үү холын дуудлага ч багассан. Ер нь базаад хэлэхэд хүмүүс эрүүл мэндийнхээ төлөө өөрсдөө их санаа тавьдаг болжээ. Архи согтууруулах ундаа  хэрэглэх нь багассантай холбогдон  дуудлага  ч харьцангүй  хасагдаж байна шүү. Үүнд эмч хүний хувьд их баярладаг даа. Саяхан зүрх нь ил гарсан нярай хүртэл төрлөө. Энэ нь  сүүлийн үед эхийн ургийн гажиг ихсэх хандлагатай байгаад сэтгэл их зовж байгаа. Энэ нь утаа, тортог агаарын бохирдол, авто машин ихссэн дээр нь хоол хүнстэй холбоотой гэж үздэг. Ер нь ихсэх хандлагатай байгаа шүү. Эхийн ургийн түгжрэл ч гардаг үүнийг мэс заслын аргаар авдаг л юм. Ер нь хүмүүс өөрсдөө дур мэдэн төрөл бүрийн эм хэрэглэснээр өвчний  онош бүдгэрч мэс засал хийхэд хүндрэл гардаг. Үүнийг л анхаармаар байгаа юм. Эмчийн зөвөлгөөнгүйгээр нэг ч эм хэрэглэж болохгүй гэдгийг хэлье. Хамгийн гол нь цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй гэдгийг дахин дахин хэлье.

А.ОТГОН


URL:

Сэтгэгдэл бичих