АТГ-аас халагдсан мөрдөн байцаагчид ажилгүй хугацаанд байсан цалингаа нөхөн авахаар болжээ
АТГ-ын дарга Н.Ганболд, дэд дарга Б.Хурц нар ажлаа хүлээж авсны дараахан бүтцийн өөрчлөлт нэрээр ширүүхэн халаа сэлгээ хийж хэд хэдэн хүнийг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас нь халсан билээ. Уг халааны хоморгонд тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Батзогсих, мөрдөн байцаагч Одхүү, Шидэн-Иш, Батбаатар нарын таван мөрдөн байцаагчид багтаж ажлаасаа гэнэт халагдсаныгаа эсэргүүцэж, шинэ дарга нартайгаа заргалдахаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Н.Ганболд, Б.Хурц нарыг хариуцагчаар татаж шүүхдэхээр болсон юм. Тэд нэхэмжлэлдээ ажлаас нь ямар ч үнэдслэлгүйгээр халсан, ажилгүй байх үеийнхээ цалингаа олж авахыг хүссэн нэхэмжлэл өнгөрсөн намар гаргасан бөгөөд уг хэргийг шийдэлгүй нэлээд удсан билээ. Учир нь ажлаасаа халагдсан мөрдөн байцаагчид Төрийн албаны зөвлөлд хандахад тэднийг ямар ч үндэслэлгүйгээр нь ажлаас халсан байна гэх шийдвэрийг тус байгууллагаас гаргасан. Үүнийг нь АТГ эсэргүүцэж мөн шат шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ялагдал хүлээсэн. Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татсан АТГ-ын удирдлагуудад холбогдох шүүх хурлыг эцэслэн дууссаны дараа мөрдөн байцаагчдын нэхэмжлэлийг хүлээн авсан юм байна. Харин уг шүүх хурал гурван удаа хойшилсон ч өнгөрсөн сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болжээ. Шүүх мөрдөн байцаагчдын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл тэднийг ор үндэслэлгүйгээр ажлаас нь халсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж олгох ёстой гэжээ. Тиймээс давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хандалгүй хэргийг нь шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг АТГ биелүүлж мөрдөн байцаагчдыг ажилд нь эргүүлэн авах, цалинг нь нөхөн олгохоор болжээ. Шүүх хурал гурван удаа хойшилсон шалтгаан нь эхний шүүх хуралд нэг нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөрдөн байцаагчид нэг утгатай нэхэмжлэл гаргасан ч бие биедээ итгэмжлэгч олгоогүй. Нэгнээ төлөөлж шүүх хуралд оролцох эрх байхгүй тул хурал хойшилж байжээ. Бас нэг шалтгаан нв Н.Батзогсохын хувьд ажлаасаа халагдсаны дараа ЦЕГ-т ажилд орж, төрийн байгуулагаас цалингаа авч байж ажилгүй байх үеийн цалин гэж АТГ-аас гаргуулах гээд байсныг шүүгч тодруулах шаардлагатай гэж үзжээ. Мөн АТГ-аас шинээр нотлох баримт гаргаж өгнө гэсэн үндэслэлээр удаа дараа хурал хойшилж байжээ.
URL: