М.Бадамсүрэн: Хууль биелүүлдэггүй ерөнхий сайдын талаарх тайлбараа шүүхэд өгсөн

Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэнтэй ярилцлаа.

-Дорнод аймгийн За­саг дарга одоог болтол батламж­лагдаагүй байгаа. Энэ асуудал юун дээр гацчихсан хэрэг вэ. Уг нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан гэж сонссон юм?

-Орон нутгийн сонгуулиас хойш зургаан сар өнгөрлөө. Монгол Улсад Ерөнхийлөгчийн, УИХ-ын, орон нутгийн гээд тусдаа биеэ даасан сонгуулиуд явагддаг. Орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг сонгох сонгууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон. Арваннэгдүгээр сарын 29-нд манай аймгийн ИТХ анхны хуралдаанаа хийж ИТХ-ын дарга, тэргүүлэгчид Засаг даргад нэр дэвшүүлэх асуудал зохион байгуулалтаа хэлэлцсэн. Түүнээс хойш зургаан сар өнгөрчихөөд байна. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр МАН есөн аймагт олонхи болсон. Есөн аймгийн Засаг дарга нар томилогдох гэж нэлээд удаж, он дамнасан. Хамгийн сүүлд зургаан аймгийн Засаг дарга батлагдахгүй удсан. Үүнээс одоогийн байдлаар Хөвс­гөл, Дорнод аймгийн Засаг дарга нар батлагдаагүй байгаа. Дорнод аймгийн ИТХ 35 мандаттай. Үүнээс сонгогчид саналаа өгч МАН 18 суудал авсан. Харин АН 14, бусад суудлыг ИЗНН, бие даагч нар авсан. Дорнод аймгийн иргэд МАН-аас нэр дэвшигчид болоод тэдний мөрийн хөтөлбөр, бодлого, зорилтыг нь дэмжиж манай намд итгэл үзүүллээ. Энэ бол хамгийн гол утга учир. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд нэг удаа Дорнодоос Засаг даргад нэр дэвшигчийг буцаасан.

Хуулиараа нэг удаа буцааж болно гэж заасан байгаа. Харин хоёр дахь удаад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу “Засаг даргад нэр дэвшүүлсэн бол тав хоногт багтаан томилох үүрэгтэй” гэж байгаа юм. Энэ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг  биелүүлэх үүргийг Ерөнхий сайдад даалгаж өгсөн заалт л даа. Хуулиараа бүр ийм үүрэгтэй гэж байгаа юм. Гэтэл тав хоног бус зургаан сар  өнгөрчихөөд байна. Миний хувьд энэ асуудал дээр Засаг даргад нэр дэвшигч гэдэг утгаараа миний эрх ашиг зөрчигдөж байна гэхээсээ илүү Дорнод аймгийн иргэдийн сонгож байгуулсан ИТХ, Дорнод аймгийн 70 гаруй мянган иргэдийн эрх, ашиг зөрчигдөж байгаад санаа зовж байна. Бид асуудлыг шийдэж, хуулийн дагуу явах байх гэж нэлээд харсан. Аймгийн ИТХ-аас Ерөнхий сайдад олон удаа албан тоот явуулж, Дорнод аймгийн иргэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандаж жагсаал, цуглаан зохион байгуулж, гарын үсгээ зурж орон нутгийн ажлыг явуулахыг шаардсан. Ингээд байхад асуудал шийдэгдэхгүй байгаа учраас Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Өнгөрсөн сарын 8-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс Дорнод аймгийн Засаг даргыг томилохыг Ерөнхий сайдад даалгасан шийдвэр гарсан.

-Шүүх нэгэнтээ хуулийн дагуу Дорнодын Засаг даргыг томилох үүргийг Ерөнхий сайдад өгч. Гэтэл яагаад томилохгүй байгаа юм бэ?

-Ерөнхий сайд “Төрийн албанд гурван жил ажиллах шалгуурыг хангаагүй учраас томилохгүй байгаа” гэдэг зүйлийг хэлж байгаа. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай намын байгууллагын орон тооны ажилтныг төрийн алба хаасанд тооцдог. Миний хувьд Улсын нөөцийн газар, Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд даргаар нийтдээ таван жил ажилласан. Энэ нь төрийн алба хашсанд тооцогддог. Мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр дөрвөн жил ажилласан. Тэгэхээр УИХ-д суудал­тай намын  хорооны орон нутаг дахь орон тооны дэд даргаар ажиллаж байсан гэдгийг нотлох тодорхойлолтыг Нийгмийн даатгалын байгууллага, холбог­дох газрууд шүүхээс гаргасан хүсэлтийн дагуу гаргаж өгсөн байгаа. Шүүхийн шийдвэр ч нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангасан гэж үзсэн. Ер нь Монгол Улсын иргэн бүр төрийн албанд ажиллах тэгш эрхтэй. Үндсэн хуульд заагдсан олон эрх зөрчигдөж байна. Хэнийг ч үзэл бодлоор намын гишүүнчлэл, харьяаллаар нь ялгаварлан гадуурхах ёсгүй. Гэтэл үүнийг зөрчөөд байна. Жишээлбэл, надтай адил тухайн намынхаа намын хорооны дарга, дэд даргаар ажиллаж байсан АН-ын хүмүүс аймаг, дүүргийн Засаг даргаар томилогдсон. Тодорхой хэлбэл, Баянхонгор, Төв аймгийн Засаг дарга нар надтай адилхан намын хорооны дарга, дэд даргаар ажиллаж байсан. Үүнээс юу харагдаад байна гэхээр Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төрийн албаны тухай хууль АН-аас Засаг даргад нэр дэвшсэн хүмүүст үйлчлээд, МАН-аас нэр дэвшсэн Хөвсгөл, Дорнод аймгийн хүмүүст үйлчлэхгүй байгаад гол учир нь байгаа. Үүнийг бид тайлбарын хамт шүүхэд гаргаж өгсөн.

-Танайхаас бусад аймгийн хувьд төрийн ажил, төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлээд эхэл­чих­лээ. Гэтэл танайх таг гацчихсан сууж байдаг. Засаг даргаа томилуулж, ажлаа эхлэхийн тулд цаашид яах гэж байна вэ?

-Орон нутагт хэрэгжүүлэх чухал ажлууд цалгардаж байна. Орон нутгийн сонгууль бүх аймгуудад ижил цаг хугацаанд явагдаж дууссан. Гэтэл бусад аймгийн Засаг дарга нар томилогдоод бүх ажил нь жигдрээд явж байна. Харин Дорнод аймаг Засаг дарга ч үгүй, бусад аймгаас ажлаараа тасраад хол хоцорчихлоо. Засаг даргын алба гэдэг аймаг, орон нутгийн ажлыг урагшуулах гол албан тушаал. Тиймээс МАН-ыг олонхи болгож, итгэл өгч дэмжсэнээрээ Дорнод, Хөвсгөлийн ард түмэн хохирох ёсгүй. Ерөнхий сайд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа юм билээ. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хуулиа дагаж гарах байх. Тиймээс Монгол Улсын шүүх шударга шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Үүнийг л Дорнодын ард түмэн хүлээж сууна.

-Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа вэ?

-МАН-ын дарга, УИХ дахь намын бүлэгт хандсан. УИХ дахь МАН-ын бүлэг Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн санал, бодлоо Ерөнхий сайдад хүргүүлж байгаа. Саяхан Ерөнхий сайдын Дорнод, Хөвсгөл аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилсон асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Өнгөрсөн хугацаанд Дорнод аймагт хоёр сарын хугацаанд үүрэг гүйтцэтгэгч томилогдсон. Тэгээд Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахын өмнөх өдөр Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэгч томилсон захирамжаа хүчингүй болгосон. Одоо Засаг даргын үүргийг манай аймгийн Засаг даргын орлогч хийж байна.

-АН-ынхан МАН олонхи болсон аймгуудад албан тушаа­лын тохироо хийсэн гэх мэдээлэл бий. Танай аймагт ийм тохирооны асуудал яригдаж байгаа юу?

-МАН ялалт байгуулсан есөн аймгийн долоод Засаг даргын орлогч, бусад удирдах бүрэлдэхүүнд АН-аас хүмүүс сонгогдож, томилогдож ажиллаж байгаа. Дорнод аймгийн хувьд ч ийм саналууд яригдсан. Тухайн үед бид нэгэнт бүх аймагт ийм асуудал яригдаж байгаа учраас хамтарч ажиллахад бэлэн байна гэсэн. Ер нь улстөржсөн юм уу, намчирхсан байдлаар асуудал битгий хандаасай гэж боддог. МАН, АН-ын Засаг дарга ч бай шинэчлэлийн Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжиж л ажиллана. Төр талаасаа, нам талаасаа үзэл бодол, бодлого зорилтын хувьд өөр. Гэхдээ манайх шиг нэгдмэл улсын хувьд Ерөнхий сайд нь хэн байхаас үл хамааран Засгийн газрын үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлнэ шүү дээ.

-Аймагтаа МАН олон­хийн санал авсны хувьд орон нутаг­таа юу хийж, хэрэг­жүүлэхээр төлөвлөөд байгаа вэ. Мөрийн хөтөлбөрөөсөө дурдвал.?

-Дорнод аймгийн МАН-ын хувьд орон нутгийн сонгуулийн өмнө намын хорооны дарга, удирдлагууд шинэчлэгдсэн. Шинэ хүмүүс гарснаараа өнөөд­рийн түвшинд гарч ирсэн. Манай нам иргэд, намын гишүүд, дэмжигчдийн санал дээр үндэс­лэж боловсруулсан мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Дорнод аймгийн хувьд зүүн бүсийн тулгуур төв. Хоёр улстай хил залгаа оршдог. Байгалийн баялаг ихтэй. Хөдөлмөрийн насны хүн ам ихтэй аймаг учраас хөгжлийн олон боломж харагдаж байгаа юм. Үүнийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Юуны түрүүнд Дорнод аймагт ажлын байр нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилтыг нэн тэргүүнд тавьж байгаа. Дорнод аж үйлдвэржсэн аймаг. Хүн амын талаас илүү хувь нь аймгийн төвд амьдардаг. Хуучин нийгмийн үед олон үйлдвэрийн газар байсан учраас бусад хөдөө аж ахуй дагнасан сумын төвтэй, хөдөө олон айл амьдардаг аймгуудыг бодвол өөр. Ажилгүйдэл ядуурал ихтэй аймаг. Хүн амын 55 хувь нь аймгийн төвд, 20 хувь нь сумын төв, 20 хувь нь хөдөө амьдардаг. Тиймээс ажлын байр олныг бий болгож, аймагтаа ажиллаж байгаа уул уурхайн компаниудыг түшиглэж, гэр бүлээр нь ажлын байраар хангахаар төлөвлөж байна. Орон нутгийн хөгжлийг дэмжих сангийн тухай хуулиар тухайн аймгийн хүн амын тоо, газар нутгийн алслагдсан байдал, татвар төлөлтийн индекс гээд үзүүлэлтийг харгалзан аймгуудад тодорхой хөрөнгө хуваарилж байгаа. Энэ бол шударга тогтолцоо. Энэ хуулийг МАН олонхи байхдаа гаргаж баталж байсан. Үүний дагуу Дорнод аймгийн нэг сум жилдээ 300-500 сая төгрөг Орон нутгийн хөгжлийн сангаар зарцуулах эрхтэй болсон. Аймагт нийтдээ 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөгдөж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд төсвийн хөрөнгө бол эрчим хүч татах, сургууль, цэцэрлэгийн засварт нэлээд зарцуулагдаж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээндээ их явдаг байв. Одоо ийм  асуудлууд харьцангуй шийдэгдсэн. Дорнод аймагт гэхэд бүх сум цахилгаан, эрчим хүчинд холбогдсон. Одоо бид Орон нутгийн хөгжлийг дэмжих сан, улсын төсвөөр иргэддээ ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр гол үйл ажиллагаа явуулна. Энэ талаар бид мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан.

-Орон нутагт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага байгуулагдаад ажиллахад эрх зүйн талаасаа боломж нөхцөл нь хэр байдаг вэ?

-Орон нутгийн сонгууль бол УИХ, Ерөнхийлөгчийнхөөс тус­даа сонгууль. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр нам, эвслийн бүлэг байгуулагддаг. Хууль тогтоох байгууллага УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхи болсон намын мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлэх дархлааг Үндсэн хууль болоод бусад хуулиар тогтоож өгсөн. Тухайлбал, Үндсэн хуульд “УИХ-ын сонгуулиар олонхи болсон нам бусад нам эвсэлтэй зөвшилцөн Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж байгаа. УИХ-ын тухай хуульд мөн адил “УИХ-ын даргад олонхи болсон нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж нэр дэвшүүлнэ”, “УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг олонхи болсон намаас нэр дэвшүүлж илээр санал хурааж сонгоно” гэсэн заалт бий. Үүний хамгийн гол утга нь олонхи болсон нам ард түмний итгэл хүлээлгэсэн мөрийн хөтөлбөр бодлогыг хэрэгжүүлэх үүднээс Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилох хуулийн дархлааг бий болгож өгсөнд байгаа юм. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуульд цөөнх болсон ч бай тухайн ИТХ-ын дарга, Засаг даргад нэр дэвшүүлж сонгогдох эрх нь нээлттэй байгаа юм. ИТХ-ын даргад нэг хүн нэр дэвшвэл илээр, хоёр ба түүнээс дээш хүн нэр дэвшвэл нууцаар санал хураана гэж заасан. Тэгэхээр тухайн ИТХ дахь нам, эвслээс ИТХ-ын төлөөлөгч нь ч байсан ИТХ-ын дарга, Засаг даргад нэрээ дэвшүүлэх эрхтэй. Одоо бол уг асуудал дээр зөрчил үүсч байна. Ялангуяа, Хөвсгөл, Дорнод аймагт. Олонхи болсон мөртлөө Засаг даргад нэр дэвшигч нь томилогдож чадаагүй. Гэтэл АН-аас Засаг даргад нэр дэвшиж сонгогдох боломжийг маш их эрэлхийлж байна. Яагаад гэвэл хуулиар нээлттэй учраас. Тэгэхээр хамгийн гол нь орон нутгийн сонгуульд бие даасан мөрийн хөтөлбөртэй нэр дэвшигчтэй оролцож олонхи болсон нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Орон нутагт мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч субъект нь Засаг дарга байдаг. Тиймээс Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайдыг томилж, тухайн олонхи болсон намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг шиг орон нутагт ч үүний адил шийддэг болох хэрэгтэй байна.

Ц.Жаргалцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих