Эх орноо бусдын далдлах оромж болгомооргүй байна
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох нэр дэвшигчдийг тодруулах халуухан үйл явц ид хүчээ авч байгаа эл өдрүүдэд хүн бүрийн улс төрийн идэвх илт сэргэж байх шиг байна.
Улс орон, үндэс угсаагаа гэх далд язгуур чанараас илүүтэй хаврын синдромтой хавсарсан улстөржилт нөмрөөд ирлээ. УИХ-ын ээлжит сонгуулийг хүлээвэл бүтэн гурван жил алдах учраас энэ ч аргагүй биз. Гэхдээ яаж ч цамнаад цаг хугацаатай юм болдгоороо болоод өнгөрнө. Сонгуулийн маргааш нар манддагаараа л манддаг шиг. Тэгээд л бидний амьдрал үргэлжилнэ. Тэгэхээр арай бодит юманд сэтгэл чилээмээр санагдана.
Тухайлбал, туурга тусгаар улсынхаа бүрэн бүтэн байдалд иргэний хувьд хэн хүнгүй анхаардаг баймаар байна. Яагаад гэвэл биднийг даяарчлалд даган баясаж, хөгжих эс хөгжихөө холоос хайж байх зуурт хоёр их гүрний дунд хавчуулагдсан эх орон минь бусдын далдлан нуугдах “оромж”, дамжин өнгөрөх “гарц” болоод байна уу даа гэх эмзэглэл төрснөөс тэр юм. Энэ нь ч учиртай. Долоо хоногийн өмнө Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурал Улаанбаатарт болж өнгөрсөн билээ.
Хуралд оролцохоор ирсэн гадаадын 1000 гаруй зочин төлөөлөгчийн “буянаар” Монгол Улсын хилийн дээсийг алхаж, эх оронд минь орогносон, Интерполийн шугамаар олон улсын хэмжээнд хайж байсан Пакистаны гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан юм. “Буянаар” хэмээн тодотгохын учир хэрвээ ийм нэр хүндтэй хурал Монголд болоогүй бол, манай цагдаа тагнуулынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаагүй бол тэднийг илрүүлж баривчлах байсан эсэх нь эргэлзээтэй.
Тэгээд ч хурлын төлөөлөгчдөд ардчилсан Монголын аливаа сайхныг харуулахын тулд нэлээдгүй бэлдсэн нь нууц биш. Яаравчлан замаа зассан. Тогтсон жишгээ өөрчилж, олон улсын хурал болсон гурван өдөрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн тал хувийг амраасан. Сүү өргөдөг Ерөнхийлөгчтэй улсад сархад уусан согтуучууд сальдаргалж явах зохимжгүй учраас архичдыг хоморголон баривчилж, тодорхой хугацаагаар журамласан. Саарал ордны цонхоор хот сайхан харагдаж байх ёстой.
Тиймээс хамгийн түрүүнд нүдэнд тусах ордны зүүн талын урт балгасыг тэр чигээр нь жимбийтэл бүтээж, зар сурталчилгааны том том самбарыг залсан гээд тоочоод байвал их юм бий. Гэсэн ч энэ бүхнээс анхаарал татах нь дээр дурдсан террористуудыг баривчилсан явдал л байлаа. Олон улсын хэмжээнд хүний амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан гэх Пакистан гаралтай энэ гурван эр чухам яагаад манай орныг сонгож ирсэн нь одоогоор тодорхойгүй байгаа. Зорилго хийгээд хаагуур хил нэвтэрсэн нь бас л тодорхой бус. Яагаад гэвэл манай хууль хяналтынхан “Шалгаж байгаа. Одоохондоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг ээлжит жижүүрийн үгээр сэтгүүлчдийн амыг тагласаар хэд хонов.
Манай цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээс харах юм бол эдгээр гурван нөхөр харъяа улсынхаа болон АНУ-ын хот мужийн Интерполийн төв товчооноос албан ёсоор зарлагдаж, хаа сайгүй хайж байсан эрүүгийн элемент болох “хүнд гарууд” бололтой. Лалын орныхон алан хядах ажиллагаа зохион байгуулах, олон нийтийн газарт амиа егүүтгэх зэрэгт манайхныг бодвол мэргэшсэн улс. Тэгэхээр энэ гурван Мухаммад чухам юуны учир Монголыг сонгосон нь сонин байна. Овог нэрийг нь харахад ах дүү баймаар хэл хугалах шахсан нэртэй эл нөхдүүд эх оронд минь юу шиншилж ирсэн нь түгшүүр төрүүлж байна.
Хэдхэн жилийн өмнө хоёр том гүрний завсарт орших Монголыг дэлхийд дийлдэхээ больж хүрээгээ тэлээд байгаа хүний наймаа, хар тамхи, мөнгө угаалт гээд аль л болж бүтэхгүй бүхэн дайран өнгөрөх магадлалтай орон гэж үзээд Олон улсын байгууллагаас санаачлан хүний наймааны талаарх хурал зохион байгуулж байсныг санах юм. Тэгэхэд тэр аймшигт аюул манайхаар дамжина гэж үү хэмээн эргэлзэх хүн олон байсан.
Харамсалтай нь, 2-3 жилийн дараа л харийн киноноос харж байсан хар тамхины асуудал манайд салхи татуулан ирж, мөнгө хөрөнгөтэй томчуулын хүүхдүүд анхлан холбогдож, эцэг эхийнхээ чихийг халууцуулж эхэлсэн нь дэндүү үнэн. Одоо харин аль газарт ад шоо үзэгдсэн алан хядагчид эх оронд маань үүрлэж эхлэх нь энэ үү? Энэ асуудал дээр шийдвэр гаргагчид анхаарлаа хандуулж тууштай агаад тодорхой байр суурь баримталж байгаагаа иргэддээ мэдэгдмээр байна. 30- 44 насны эдгээр гэмт хэрэгтэнд харийнхныг хараад өвдөг сөхөрдөг монголчуудын гаж сэтгэлгээ таатай санагдаж, элэг нэгтнээсээ илүү өрөөлийг дээдэлдэг энэ улсад амьдрах боломж байна гэж харсан ч байж болох юм.
Аль эсвэл үл бүтэх зүйлд гар хөл болохоор манай орныг товлосон байж ч болох. Монгол Улсын хилээр бизнес, жуулчны визээр орж ирсэн гэх гурван иргэний хоёр нь хүнийг санаатай алах, терроризмтой холбоотой хэрэгт сэжиглэгдэж олон улсад эрэн сурвалжлагдаж байсан “рецетивүүд” гэнэ. Харин үлдсэн нь мэргэшсэн хулгайч. Ийм л үл бүтэх эрүүгийн хэрэгтнүүд бидэнтэй мөр зэрэгцэн хээвнэг алхаж байж.
Гэнэн итгэмтгий нь дэндсэн монголчууд тэдэнтэй таарвал “Аль газраас ирсэн алуурчин бэ” гэж болгоомжлохоосоо өмнө “Мөнгөтэй харийнхан зугаацаж явна” гэж хараад л өнгөрнө дөө. Ер нь Монголыг онилж ирсэн гадныхан сайн зүйлд хүргэж байсан нь цөөхөн. Одоогоос 21 жилийн өмнө Монголд бас л ингэж нууцаар шахам орж ирсэн Камеруны хоёр хар ДОХ гэдэг тахлын шанг манайд анхлан татаад л явсан биз дээ.
Тэдний балгаар Монгол Улс ДОХ-той орны тоонд орж, одоо энэ тахлын вирусыг тээгч 137-д хүрчихээд байгааг мартаж болохгүй. Эртхэн илрүүлээгүй бол энэ террористууд ямар ч гай даллах байсан юм билээ, бүү мэд. Тиймээс хазгай хэлтэй бүрийг гадаад хүн гэж гараа дэлгэхээ азнавал ямар вэ?
Н.Саранчимэг
НИЙГМИЙН ТОЛЬ
URL: