Устгагчид
Хоёр Засгийн газрын үед “Их бүтээн байгуулалт” нэрийн доор сүйтгэгдэж байгаа нэгэн газрыг хараад элэг эмтэрч сууна. Энэ бол Улаанбаатар төмөр замын Төв буудлын арын хоёр цэцэрлэг. Дээхнэ үед “Рашийн цэцэрлэг” хэмээн нэрлэгдэж байсан үе ч бий. УИХ-ын гишүүн байсан Р.Раш Улаанбаатар төмөр замын дарга байхдаа энэ хоёр цэцэрлэгийг тордож тохижуулан “Улаанбаатарын уушиг” болгосон юмсан. Хайс хамгаалалттай битүү ногоон төгөл. Тэнд, ургаагүй мод бут, жимс жимсгэнэ байгаагүй байх. Гоёмсог сүүдрэвч, чулуун сандал, хүүхэд тоглох зам талбай, хөгшид нарлаж суух ширээ сандал, ер нь үгүй, дутуу зүйл байгаагүй. Р.Рашийг УИХ-ын гишүүн болж явснаас хойш, УБТЗ-ын удирдлагууд энэ хоёр цэцэрлэгийг хараа хяналтаасаа гаргасан. Өнөөх сайхан модыг нь хөрөөдөж, булгалж зөөгөөд бараг дуусгасан. Жимсний модноос нь цөөн хэдэн нохойн хошууны бут үлдсэнийг ноднин жилийн сонгуулийн өмнө “Их бүтээн байгуулалт”-аар устгаж амарсан. Замын алаг чулуун шал, чулуун сандлуудыг нь хүртэл нэг л шөнө буулгаад зөөчихсөн байсан. Би энэ цэцэрлэгийн дэргэд хорь гучин жил амьдарсан хүний хувьд, нэг гэр шиг минь болчихсон, тэнд сууж нөхдүүдтэй ярьдаг, дасгал сургууль хийж алжаалаа тайлдаг байлаа. Хайран цэцэрлэг минь!
2012 оны хавар, тэр үеийн Баянгол дүүргийн удирдлагууд “Их бүтээн байгуулалт” зарлаж, УИХ-д нэр дэвшигчдийн зураг, амлалтууд тэнгэр тулан сүндэрлэж билээ. Цэцэрлэгийн өмнө талын гоёмсог хайсуудыг суурийн цементтэй нь булга татаад зөөчихсөн. Тэр хайсуудыг маш гоёмсог хийж шинээр будсан, олон зуун сая төгрөгний зүйл байсан л даа. Хэн нэгэн эрх мэдэлтэн нь хувьдаа аваачаад, аль нэг зуслан, орд харшдаа тойруулчихсан л байгаа. Хайс хамгаалалтуудыг тал талаас нь буулгаж, ёстой л эзэнгүй хонинд чоно орсон юм шиг загнасан. Тэгээд цэцэрлэгт маань аварга том хоолойнууд авчирч буулган, мод бутнуудыг хайр гамгүй эвдэж сүйтгэсэн л дээ. Тэр үед дүүрэг, төмөр замын удирдлагууд тайлбарлахдаа “Бохирын тэр хоолойнуудыг цэцэрлэгийн дундуур булаад, дээд талыг нь тохижуулж сайхан болгоно” гэж байсан. Эрх баригч нам ялагдаж, өнөөх “Их бүтээн байгуулалт”-ынхан тэр чигт нь хаяад зугтааж билээ. Бүтэн жил өнгөрлөө. Юун “Их бүтээн байгуулалт”. Авчирч хаясан хоолойнууд нь хүртэл тэр чигээрээ архичдын жорлон болоод байж байна. Уул нь тэр аварга том хоолойнууд гадаадаас өндөр үнээр ачигдаж ирсэн, эзэнтэй л зүйл баймаардаа. Бүтэн жил эзэнгүй хэвтэхэд хэн ч түүнийг хайхарч үзсэнгүй. Монголын мөнгө ингэж л хөсөр хэвтэх юм даа.
Ардын намын “Их бүтээн байгуулагчид” зугтаад явчхаар Ардчилсан намын “Их бүтээн байгуулагчид” халаагий нь аваад ирсэн. Урьдахаасаа улам дордсон. Нөгөө цэцэрлэгийн маань дээрэмдэж тонуулсан нь хэвээрээ. Том хоолойнуудад ч эзэн гарсангүй. Харин шинэ “Их бүтээн байгуулагчид” хагас сарын өмнө баахан гэр авчирч цэцэрлэг дотор маань барьчхаад хүнд даацын баахан машин техникээр нөгөө цэцэрлэгийг маань илэг болтол тээрэмдэж байна даа. Тэр гэрүүдэд байрлаж, машин техник эзэмшдэг олон л хүн байж таараа. Бохир ус, өтгөн шингэнээ хаана гаргадаг хүмүүс юм, бодвол цэцэрлэгийн маань хөрсөнд шингээж байгаа биз. Шинэ “Их бүтээн байгуулалт”-ынхныг асуусан чинь засмал замыг өргөтгөх гэж байгаа хүмүүс гэнэ. Их л олон хонолоо. Хийсэн юм алга л байна. Одоо бол бидний хэсэг хүн тийшээ зүглэхийн аргагүй болсон. Вокзал талаасаа архи пивоны нялуун үнэр, нөгөө талаасаа утаа тортог, бензин тос үнэртдэг болсон. Юун өнөөх, цэцэрлэгийн анхилуун сайхан үнэр! Даанч яавдаа гэмээр болсон. Хоёр жилийн өмнө Төмөр замын хэсэг инженер ажилтнууд намайг дуудаж хамтарч клуб байгуулаад “Энэ хоёр цэцэрлэгийг Ган зам амралт зугаалгын парк болгоё” гэсэн. Би сурвалжлагч, сурталчлагч нь болох юм гэнэ.
Зөвшөөрсөн. Бид төсөл боловсруулж, хэд хэдэн удаа ярилцаад Баянгол дүүрэг, Төмөр замын удирдах газарт хандсан. Бидний саналыг дээгүүрээ нилээн ярилцсан юм шиг билээ. Гэнэт эзэн гараад ирдэг байгаа. Төмөр замын орон сууцны захиргаа гэв үү нэг газраас хүмүүс ирж нүх ухаад баахан мод суулгаж, цистернтэй усаар шавшиж байгаад явчихсан. Тэгээд л мартсан. Моднууд нь ч үхээд дууссан даа. Бодвол хэн нэг нь төчнөөн мод тарьсан гэж баахан мөнгө халааслаа биз. Сайн санасан хүмүүс тордож засварлая гэхээр дургүйцээд “эзэн” гарч ирээд байдгийн цаана ямар нэг ашиг сонирхол байна гэж бид ярьдаг юм. Төмөр замын нэлээн эрх бүхий хүмүүс энэ хоёр цэцэрлэгийг үнэгүйдүүлж байгаад хувьдаа авчих, газрыг нь “чулуу болгочих” далд санаатай юм болов уу гэж бид ярилцдаг юм. “Чоно үүрэндээ өлзийтэй” гэгч. Улаанбаатар хотын төв хэсэг, түм бужигнасан Вокзалын архан талд “ногоон уушиг” нь нохойн замаар орж байхад, бид “ногоон хөгжил”, “байгаль орчин” гэж ярихын хэрэг байна уу даа. Саяхан “Ногоон хөгжил бидний ирээдүй” гэсэн том чуулга уулзалт болсон. Түүн дээр би “Та бүхнийг магтаж нялуурахгүй шүү. Шүүмжилж бол чадна” гэсэн.
Г.Жамъян
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: