Батаар ирлээ, музей хаана байна
Өнгөрсөн даваа гарагт Монголын цагаар шөнө 23.00 цагт АНУ-ын Нью-Йорк хотноо Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх арга хэмжээ болжээ.
Ингэснээр Тираннозавр Батаар эх орондоо ирэх эрхтэй болж байгаа юм. Олон сар уйгагүй хөөцөлдсөний үр дүнд аварга үлэг гүрвэлийн олдвор Монголдоо ирэх нь.
Мөн Тираннозавр Батаараас гадна 18 үлэг гүрвэлийн ясыг Монгол руу ачуулахаар төлөвлөсөн байна. Ийнхүү Батаарын ачаар Монголын ард түмэнд хамаарах Б атаар ирлээ, музей хаана байнаөөр хэд хэдэн үлэг гүрвэлийн олдворуудыг хууль ёсны эзэнд нь хүлээлгэж өгөхөөр боллоо. Энэ бүх баярт мэдээний араас нэгэн асуудал сэтгэл зовоож байгаа нь Батаарын “гэр”.
Уг нь Ц.Оюунгэрэл сайд “саалиа бэлдэхээсээ өмнө саваа бэлдэх гэж” хэрэндээ хичээсэн ч МАН-ынхан гэдийгээд барсангүй. Тиймээс л өнөө маргаашгүй эх орондоо ирэх гэж байгаа Батаар маань гэр оронгүй, гудамжинд хаягдах дээрээ тулчихаад байгаа юм.
Уг нь Соёлын өвийг хадгалж, хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий Үлэг гүрвэлийн төв музей байгуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргасан.
Өнөөгийн байдлаар ШУА-ийн палеонтологийн төвд 200, Европийн үзэсгэлэнд 90, Азийн үзэсгэлэнд 26, Байгалийн түүхийн мукейд 150 орчим бүрэн болон хэсэгчилсэн хадгалсан үлэг гүрвэлийн үзмэр байгаа юм. Эдгээрээс үлэг гүрвэлийн төв музейд байрлуулах ажээ.
Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж үзсэн юм. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний музейгээс өөр байхгүй юм. Тус музейн барилга нь 1974-1980 онд тухайн үеийн Соёлын яамны захиалгаар, төсвийн хөрөнгөөр баригдсан аж.
Харин ашиглагч нь болох Намын түүхийн институтыг татан буугдсаны дараа МАХН дамжуулан ашиглаж иржээ. Хууль бусаар хилийн чанадад гарсан, удахгүй авчрах гэж байгаа түүх соёлын хосгүй үнэт зүйлсийн зэрэглэлд орсон тарбозаврус, завролоф, овирапторын тус бүр хоёр олдворыг багтааж байрлуулах зориулалтын байр байхгүй байна.
Гэтэл МАН-ынхан Батаар болон “түүний нөхдийг” гудамжинд гаргахаар шийдэж, удаа дараагийн албан бичигт хариу өгөлгүй гүрийсэн. Тус яамнаас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 6-аас хойш музейн сан хөмрөгийг тоо ёсоор хүлээлгэн өгөх, барилгыг чөлөөлөх тухай нийт гурван удаа албан бичиг явуулсан ч хариу ирээгүй байна. Улмаар өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд ажлын хэсгийн ахлагч П.Алтангэрэл барилгыг хүлээн авах ажлыг эхлүүлэн хүлээлцэх гэсэн боловч холбогдох хүмүүс нь ирээгүй билээ.
Мөн гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн музейн үзмэр, сан хөмрөгийг хүлээлгэн өгч, бүртгэл хийх, ажлын хэсгийн гишүүдэд тусгайлан өрөө гарган өгч ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөх, дээрх хугацаанд ажлыг эхлүүлээгүй тохиолдолд соёлын өвийг устгаж үрэгдүүлсэн байна гэж үзэхээс өөр аргагүй гэж үзэж байгаа талаар албан бичгийг гурван хоногийн өмнө явуулсан ч хариу ирээгүй байна.
Тиймээс Төрийн Өмчийн Хорооноос Нийслэлийн Шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Шүүхийн магадлалыг дахин хянуулах тухай хүсэлтийг гаргажээ. Харин Батаарыг орон гэртэй болгох асуудлыг шүүх хурал маргааш болох гэж байна. Уг нь Лениний музей улсын мэдэлд оччихсон бол өнөөдөр гэхэд Монгол Улс Үлэг гүрвэлийн музейтэй болж, дэлхийд улсаа сурталчлах үүд хаалга нээгдэх байлаа.
Гэтэл хуучинсаг үзэлтэй хэдэн нөхдөөс болоод шинэ музей нээгдэхгүй нь нэгэнт тодорхой болоод байгаа юм. Алдарт Батаарын яс нь ах дүү олуулаа болоод ирэх гээд байдаг. Гэтэл тэдэнд “гэр орон” байдаггүй ээ.
Х.Өнөржаргал /Монголын мэдээ /
URL: