Хятад, Энэтхэг Гималайн маргаантай бүсээс цэргээ татлаа
Энэтхэг болон Хятад ням гаригт Гималайн уулсын газар нутгийн маргаантай байгаа бүсээс өөрсдийн цэргээ нэгэн зэрэг татсан тухай “Ройтерс” мэдээлж байна.
Энэ бүс нутагт үүрэг гүйцэтгэдэг хоёр талын хилийн цэргийн отрядуудын удирдлагууд уулзах үеэр цэргээ гаргах зөвшилцөлд хүрсэн аж.
Энэтхэгийн хилийн цэргийнхэн дөрөвдүгээр сарын 16-наас хойш бэхлэн байрласан газраасаа нутгийнхаа гүн рүү нэг км ухарчээ. Хятадын хилчид ч дөрөвдүгээр сарын 15-нд ирсэн байрлалаа орхин-явсан боловч чухам хэдэн км ухарсан нь тодорхойгүй байна. Хятадын цэргийнхэн газар нутаг нь 19 км нэвтрэн орж ирсэн гэж Энэтхэгийн тал өмнө нь мэдээлж байсан юм.
Хятадын 30 орчим цэргийн албан хаагч Энэтхэгийн газар нутагт багтдаг өндөр уулын Ладакх бүсэд лагерь байгуулсан тухай дөрөвдүгээр сарын 15-нд Дели мэдэгдсэн. Улмаар маргааш нь хятадуудынхаас 100 орчим метрийн зайд Энэтхэгийн цэргийнхэн өөрсдийн лагерийг байгуулсан юм.
Ладакхыг Энэтхэг, Хятад хуваан эзэмшдэг ч албан ёсны хилийн шугам байдаггүй. Ийм болохоор Энэтхэг хятадуудыг өөрийн газар нутагт нэвтрэн орсон гэж буруушааж байгаа бол Хятад өөрсдийн цэргүүдээ ямар ч хил зөрчөөгүй гэж мэдэгджээ. Ладакхын хэрэг явдал Энэтхэгийн олон нийтийн дунд ихээхэн шуугиан дэгдээсэн бөгөөд тавдугаар сарын 9-нд төлөвлөгдөөд байсан тус улсын Гадаад хэргийн сайдын Бээжинд хийх айлчлал тасалдах аюулд хүргэсэн юм.
Б.Мишээл
URL: