ИЗНН С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид дэвшүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗНН-аас нэр дэвшүүлэхгүй хэмээн байн байн мэдэгдэл хийгээд байсан С.Оюун сайдын мэдэгдэл талаар болж байгааг эх сурвалж хэлэв. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх хөдөлгөөн өрнүүлж, ялангуяа залуучууд идэвхийлэн оролцож байгаа гэнэ. Харин энэхүү хүчтэй давалгаалж буй хөдөлгөөний саналыг С.Ганбаатар гишүүн хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Тэрээр манай сайтад өгсөн ярилцлагандаа 2016 он хүртэл нэр дэвшихгүй гэж хэлж байлаа. ИЗНН нь хатуу гишүүнчлэлгүй, нээлттэй нам бөгөөд хэн ч элсэж болох, хэнийг ч гаднаас дэвшүүлж болох уян хатан бүтэцтэй нам. Одоо эдгээр залуучууд ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүн С.Ганбаатарт мөргөж хадаг, мөнгөн аягатай сүүтэйгээ өмнө нь сөгдөж гуйхаар ярилцаж байгаа төдийгүй намынхаа улс төрийн зөвлөлөө удахгүй хуралдуулж хэд хэдэн шийдвэрт хүрэхээр зориг шулуудсан байна. ИЗНН-ын гишүүдийг санаа зовоож, дотрыг нь харлааж байгаа асуудал бол тус нам Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдхүүнд орж Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг тус намын мэдэлд өгч, сайдаар нь тус намын дарга, хатагтай С.Оюуныг тавьсан боловч, тус намаас томилогдсон албан тушаалтны эрх хязгаарлагдмал, мэдэл хомс, ёстой ‘’ гэрийн нохойн сүүл өөдөө’’ гэдэг шиг АН-ын зүгээс гарч байгаа авирыг тэсвэрлэхийн аргагүй болсонтой холбоотой бухимдал бүх шатанд үүсчээ. Энэ намыг үүсгэн байгуулагчдын чин хүсэл эрмэлзэл, баримтлах зарчим бол С.Зориг агсны зарчмыг мөрдлөгө болгож, тангарагаа тавьсан явдал. С.Зориг агсны эхлээд эх орноо, удаад нь намаа, дараа нь өөрийгээ гэсэн эрх ашгийн эрэмбийг энэ намын партизанууд ягштал баримтлахыг хичээдэг. Гэтэл энэ зарчим алдагдаж байгааг дээр дооргүй шүүмжлэх болжээ. Бүр болохгүй бол намын дарга С.Оюун, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нарт хариуцлага тооцохоос ч буцахгүйгээ мэдэгдэж байгаа юм. Бүр болохгүй бол хамтарсан нэртэй, хавчиж шахсан Засгийн газраас ИЗНН-ыг гаргах хөдөлгөөн өрнүүлж мэдэхийг эх сурвалж нэмж хэлэв. Харин ИЗНН-ын саналыг С.Ганбаатар хүлээн авах эсэх нь сонирхол татаж , ноомой намаар цоллуулдаг С.Зориг агсны намыг нойрноос сэрээв бололтой.
ЭХ СУРВАЛЖ: АРАВТ.МН
URL: