Лу.Гантөмөр ард түмний мөнгийг хэмнэхээ болиод цацдаг болжээ
Лу.Гантөмөр сул гишүүн байхдаа “Ард түмний мөнгийг хэмнэе” гэж уриалдаг байлаа. Харин сайд болоод “Төсвийн мөнгийг үрье” л гэдэг болжээ. Уг нь шинэчлэлийн Засгийн газрын шинэ сайдууд дотроос түүнийг чуулганы танхимаас гадна салбараасаа дэмжлэг авна гэж олон хүн найдаж байв. Боловсролын салбарыг босгоод ирнэ гэсэн хүлээлт л нийгэмд жин дарж байлаа. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойшхи найман сарын хугацаанд боловсролын салбараас лав шинэчлэл гэх юм үнэндээ харагдсангүй. Мэдээж байгаагаа улам муутгахыг шинэчлэл гэхгүй л юм бол шүү дээ. Ингээд “Ард түмний мөнгийг хэмнэгч” маань “төсвийн мөнгийг үрэгч” болсон талаар, хамгийн гол нь боловсролын тогтолцоогоор тоглож байгаа тухай цөөхөн баримтыг өгүүлье.
Боловсролын салбар бол хүссэн улстөрч бүрийн өөрчлөөд байдаг салбар уг нь биш. Яагаад гэвэл, Монголын ирээдүй тэндээс шууд утгаараа хамаардаг. Тиймээс ч эрүүл мэндээс дутахгүй эмзэг салбар бол яах аргагүй боловсрол. Гэтэл сүүлийн ганцхан жилийн дотор боловсролын тогтолцоогоо хоёр дахиа солих гэж байна. Нөгөө төрийн залгамж чанар алдагдлаа гэсэн дүгнэлтүүд боловсролын салбарын өнөөдөрт яг тохирно.
Сү.Батболдын Засгийн газрын үед, Ё.Отгонбаярыг салбарын сайд байхад Кембрижийн тогтолцоог нэвтрүүлж байлаа. Сүр дуулиантайхан эхэлсэн энэхүү шинэчлэлийн үр дүн нь одоохондоо тодорхой гараагүй, магадгүй гарах хугацаа ч болоогүй байхад дахиад л шинэ хөтөлбөр, шинэ тогтолцоо.
Тогтолцоо өөрчлөх энэ “шинэчлэл” нь үнэндээ үе, үеийн боловсрол хариуцсан сайдын хувьдаа мөнгө босгох арга нь болчихсон гэж энэ салбарынхан ярьдаг юм билээ. Гэтэл энэ ярианаас Лу.Гантөмөр сайд тойрсонгүй, шууд л дайрчихлаа. Дайрах, дайрахдаа улайм цайм дайрч буйг боловсролын салбарынхан, багш нар нь ярьж байна.
Монголд сүүлийн хэдэн жил боловсролтой холбоотой хэд, хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжсэн юм билээ. Данидагийн “Сургууль 2001”, “Багш 2005”, “Жайка”-гийн “Багшлах арга зүйг түгээн дэлгэрүүлэх”, тэгээд бас БНСУ-ын гэсэн тодотголтой хэд хэдэн төсөл, хөтөлбөрүүдийг нэрлэж болно. Энэ мэт туршилтуудыг бидний хүүхдүүд дээр хийж явсаар 2012 онд Кембрижийн стандартыг “нэвтрүүллээ”. Гэтэл шинэ сайд Лу.Гантөмөр ажлаа аваад л өмнөхөө үгүйсгэж эхэлсэн байна. Түүний зөв ч байж болно. Тэрээр “Сурлага сайтай хүүхдүүдийг ялгаж авч олон улсын шалгалтад бэлддэг Кембрижийн тогтолцооны систем Монголд хэрэггүй” гэсэн утгатай мэдэгдэл хийлээ. Улсын төсвөөс өчнөөн хөрөнгө зарж туршсан Ё.Отгонбаярын “шинэчлэл” ингээд утгагүй боллоо.
Харин оронд нь Лу.Гантөмөрийн Монгол маягийн боловсролын тогтолцоо нэвтрэх нь гэж хүмүүс ойлгов. Гэтэл сайд маань Оросоос хуучин юмыг нь шинэ гэж оруулж ирлээ. Бүр тодруулбал, “Хэрэглээний боловсрол” гэсэн нэртэй Москвад төвтэй төрийн бус байгууллагынхан Монголд ирж, хэд хэдэн газар лекц уншиж байгаад явлаа.
Энэ байгууллага нь өмнөх Кембрижийн боловсролын төвтэй адил боловсролын систем зарж мөнгө олдог, ерөнхийдөө бол бизнес хийдэг л төрийн бус байгууллага. Тэдэнд энэ улсын хүүхдүүдийн ирээдүйн боловсрол үнэндээ хамаагүй. Мөнгө л олох гэсэн төрийн бус байгууллага. Товчхондоо бол аль Зөвлөлтийн үеийн боловсролын тогтолцоонд багахан засвар хийгээд түүнийгээ хөгжил буурай оронд худалддаг байгууллага юм байна. Үүнийг нь Лу.Гантөмөр сайд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын технологи” гэж монгол нэр өгч, нэг ёсондоо монголчлоод авч хэрэгжүүлэх гэж байгаа гэнэ.
Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, захирлуудыг өнгөрсөн сард цуглуулж, “Хэрэглээний боловсрол”-ын тогтолцоогоо танилцуулж, хоёр өдөр семинар хийжээ. Энэ талаар тус семинарт суусан багш нараас асуухад “Оросын дээр үеийн диктатурын арга зүйг бидэнд тулгаж хүлээлгэх гэж байна” гэсэн л зүйл ярьж байв. Ер нь л тэнд суусан багш, захирлууд энэ хоцрогдсон арга зүйг шүүмжлээд өнгөрчээ.
Оростоо аль эрт хоцрогдсон, Монголд ямар ч хэрэггүй арга зүйн талаар багш нарт сонсгосны төлөө БШУ-ы яамнаас хүн нэг бүрийн 84 ам.доллар төлсөн байх юм. Энэ мөнгийг төгрөгт шилжүүлэх юм бол 20 орчим сая төгрөг. Ямар ч хэрэггүй “хог”-оор багш нарыг дөрвөн өдөр уячихаад татвар төлөгчдийн мөнгөнөөс 20 сая төгрөг зарж буйг төсвийн мөнгө хэмнэж буй хэлбэр гэж үнэндээ үзэхгүй л байх. Гэтэл бас дахиад л 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, арга зүйч нарт нөгөө л семинараа дахиад хүн нэг бүрийн 84 ам.долларын төлбөртэй явуулжээ. Ингэж таарах уу. Сайд Лу.Гантөмөрөөс энэ талаар тодруулахад “Бид олон зүйлийг судалж байна. Боловсрол өөрөө хямдхан биш. Мөнгө зарах ёстой” гээд л өнгөрсөн.
Үнэхээр сайдын хэлсэн шиг бидний үр хүүхдийн эзэмших боловсрол хямдхан байх ёсгүй. Гэхдээ бас улстөрчдийн мөнгө олох гэж тулгадаг үеэ өнгөрөөсөн боловсролын систем байх ёсгүй л байх. Шинэ соргог зүйлд тэр мөнгөө өгье. Багш нараа сургая. Судлая. “Хэрэглээний боловсрол” шиг өнгөрсөн зууны 80-аад онд Орост “Наватар багш нарын туршлага” нэрээр гарч байсан зүйлд мөнгө зарах хэрэг байна уу. Ийм юм мэдэхгүй салбар хариуцсан сайд гэж байх уу. Мэдэхгүй гэвэл албан тушаалынхаа шалгуурыг хангахгүй л байна гэж үзэх байна. Мэдэж байсан гэвэл хувийн сонирхол байгаа л гэж хардахаас өөр арга алга. Тэр тусмаа “Ард түмний мөнгийг хэмнэе” гэж уриалж явсан хүн иймэрхүү зүйл хийхээр хардахаас өөр яах билээ.
Х.Түвшинтөгс
Эх сурвалж:
“Үндэсний шуудан” сонин
URL: