ПАРЛАМЕНТЫГ БҮТЭН БОЛГОХ СОНИРХОЛ АН-Д АЛГА

Төрд бүрэн төлөөлөлгүй арван сар болж буй Сонгинохайрханы сонгогчид өнгөрсөн долоо хоногт Д.Сумьяабазар гэж гишүүнээ УИХ-д тангараг өргөнө гэж хүлээсэн. Гэвч ийм үйл явдал болсонгүй. Хэдийгээр хуульд заасан 28 хувийн босгонд хүрч чадаагүй гэдгээр АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяртай дахин өрсөлдөөд илт давуу ялсан ч түүнд гишүүний тангараг өргөх эрхийг нь тийм ч амар өгөхгүй нь бололтой. Эрхэм спикер З.Энхболдын үзүүлж буй ааш аяг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлж ярьж буйгаас тэд Сонгинохайрханд болсон дахин сонгуульд өвдөг шороодсоноо хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа тул энэ асуудлыг сунжруулж унжруулах боломжтой бүхий л аргыг хэрэглэхээр шийджээ хэмээн ойлгогдов. Тиймээс З.Энхболдын удирдсан парламент бүрэн бүтэн болж бүрдэж бүрэлдэж чадахгүй дахиад хэсэг хугацааг авах нь тодорхой боллоо. Уг нь сонгууль болдгоороо болж, ард түмэн сонголтоо хийсэн. Хийх хийхдээ хэдэн аравхан биш бүр хэдэн мянгаар гэж ярих саналын зөрүүгээр ялалт, ялагдлын хайныг ард түмэн хагалж өгсөн ч дээд дарга нарт таалагдахгүй л бол сонгосон гээд санаа амар суух аргагүй болсныг Сонгинохайрханаас гадна Өвөрхангайн сонгогчид өнгөрсөн арван сарын турш мэдэрч бас үйл лайг нь эдэлж сууна. Уг нь Сонгинохайрханы буюу УИХ-ын 26 дугаар тойрогт болсон дахин санал хураалтын дүнгээр Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрээ гаргаад Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тангараг өргүүлэх асуудлыг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Улмаар хуулийн дагуу чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, УИХ-ын 75 дахь гишүүнээр тангараг өргүүлнэ гэж байсан ч чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарьт ороогүй гэдгээр ард түмний сонголтыг чухам хэдийд баталгаажуулах нь ойлгомжгүй үлдэв. Сонгинохайрханы сонгуулийн дахин санал хураалтыг 20:00 цагт зогсоосон нь хууль зөрчсөн хэмээн үзэж АН Үндсэн хуулийн цэцэд хандсан гэнэ. Гэтэл тэдний хэлж буй санал авах хугацааг хоёр цагийн өмнө зогсоосон гээд буй нь яг үнэндээ нэр дэвшигчдийн, эсвэл сонгогчдын буруу биш. Эрх баригч намын бүрдүүлж буй болгосон Сонгуулийн ерөнхий хороо гэж байгууллагад хамаатай асуудал. Тиймээс үнэхээр СЕХ нь Тойргийн хороогоо ямар шийдвэр гаргаж буйг ч мэддэггүй амьгүй албатуудтай, эсвэл зориудаар тэднээр ийм шийдвэр гаргуулж хууль зөрчсөн хэмээн дараа нь хэрүүл зарга өдөөхөөр тооцож зохион байгуулсан уу гэдгийг тогтоохын оронд иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсанд асуудлын гол байгаа юм. Гэхдээ энд бахархаж баярламаар нэг зүйл бий. АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр сонгогчдын сонголтод хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлж, улстөрчийн зангараг, улс төрийн соёл үзүүлснээрээ Өвөрхангайн аравдугаар тойрогт өрсөлдсөн намын нөхдөөсөө ялгаатай. Өвөрхангайчууд өнгөрсөн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүүд 40,26 хувь нь л саналаа өгсөн. Энэ нь МАН-аас өрсөлдсөн С.Чинзоригоос даруй 3500 саналаар дутуу. Хоёроор давхисан Н.Төмөрхүүгээс 1500 хүнээр цөөн байсан ч тэрбээр шүүх, цагдаа сүүлдээ намын тохиролцоо гэж яваад парламентын босго алхсан юм. Ингэхдээ нутгийн олноо төрд бүрэн төлөөлөлтэй болгохын төлөө цуцалтгүй зүтгэж, цөхрөлтгүй тэмцэнэ маягийн амлалт ч өгсөн гэдэг. Харамсалтай нь түүний зорилго албан тушаал ахиж, аятай зөөлөн сандалд ахин дөрвөн жил тухлахад л байсан гэдэг нь тун удалгүй ойлгогдоод ирсэн юм. Тиймээс Г.Батхүүгийн энэ үйлдэл өвөрхангайнхнаар зогсохгүй намын нөхдөд нь ч таалагдахгүй байгаа. Үүнийг саяхан болсон УИХ-ын дэд даргад С.Баярцогтын оронд хэнийг өрсөлдүүлэх вэ гэдгийг АН-ын бүлгээр хэлэлцэх үед тун ч тодорхой харагджээ. Сонгогч олныхоо итгэлийг хүлээж, олонхийнх нь дэмжлэгийг авчихаад эрхээ хэрэгжүүлж, үүргээ биелүүлж чадахгүй, тэдний дуу хоолойг төрд хүргэж дийлэхгүй байхын зовлонг жинхэнэ утгаар нь мэдэрсэн хүн бол өдгөөгийн УИХ-ын дарга З.Энхболд юм. Тэрбээр Өвөрхангайн тойрогт ялалт байгуулсан ч парламентын босго алхаж хүчрэхгүй хоёр жилийн нүүр үзэж байсан нэгэн. Энэ утгаараа ч, УИХ гэж хууль тогтоох дээд байгууллагыг тэргүүлж суугаагийнхаа хувьд ч тэрбээр парламентыг элэг бүтэн болгож, сонгогчдын төлөөллийг төрд бүрэн байлгахад хамгаас илүүгээр анхаарах учиртай хүн. Тэгээд ч УИХ-ын тухай хуульд түүний удирдаж буй “анги” 76 гишүүнтэй байж, Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах тухай заасан байдаг. Гэтэл бүхэл бүтэн хоёр тойрог дээр иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүй бараг жил болох гэж байхад УИХ-ын дарга асуудалд намын эрх ашгийн үүднээс хандаж суугааг ойлгоход бэрх. Энэ бүхэн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх барьж буй намд эерэг гэхээсээ сөрөг санал олныг авчрах магадлалтай. Хэдийгээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэр хүнд сайн, ард иргэд түүнд талтай бас итгэлтэй байж болох ч нэр дэвшүүлсэн намынх нь буруу шийдвэр энэ бүгдийг баллуурдаж мэдэх юм. Ялангуяа төлөөллөө төрд илгээж чадахгүй суугаа Сонгинохайрхан, Өвөрхангайд АН өрсөлдөгчийнхөө ялалтыг баталгаажууллаа хэмээгээд ойлгочиход буруу биш гэж буй нь үнэний ортой л байх.

Н.САРАНГЭРЭЛ                      “ӨДРИЙН ШУУДАН”


URL:

Сэтгэгдэл бичих