Хорин тугалд 90 сая төгрөг зарцуулсан гэнэ
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үхэр мал үхэж, зулбасан тухай түгшүүрт мэдээ оны өмнөөс л дуулдсан. Энэ талаар Цөмийн Энергийн Газарт мэдэгдэхэд хэдэн байцаагч очиж хэмжилт хийгээд “Амгалан тайван байцгаа, үхэр уранаас болж үхээгүй” гэж дүгнээд буцжээ. Гэвч мал сүрэг нь учир битүүлэг шалтгаанаар хорогдсоор байсан. Хөдөөгийн малчдад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л үнэн үг мэтээр ойлгогдож байсан байх. Үхэр мал үхсээр, хорогдсон малын тоо 20 хол давахад “Үхрүүд өөрсдөө үхсэн” гэдгээс өөр оношгүй байсаар нэлээд хугацааг барсан. Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-наас энэ оны нэгдүгээр сарын 31-ны хооронд тус аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн байна. Энэ талаар малчид удаан хөөцөлдсөний эцэст аймгийн Мал эмнэлэг үржлийн газраас малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг, байнга бэлчээрлэн явдаг бээлчээр, уст цэгүүдээс хөрс,ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөврийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаарын дээж удаа дараа авч цацарагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой болохыг тодорхойлсон байна. Ингээд гуравдугаар сарын 11-нд аймгийн Мал эмнэлэг, үржлийн Газраас үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсныг малчдадаа танилцуулжээ. Ингээд Д.Норсүрэнгийн үхэр сүргээс үрэгдээд байсан 19 тугалын хохирлыг барагдуулахаар болсон билээ. Ингээд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэнгийн 19 тугаланд зориулж 90 сая төгрөг зарцуулсан гэх юм. Чих дэлдийж нүд гялалзаад явчих нь тэр шүү. Шуудхан л малчин болох хүсэл олон хүнд бодогдоод эхэлж байгаа биз. Тугал юунаас болж мажийсан нь тогтоохгүй байхын хэрээр хөрөнгө мөнгө урсаж, малчин Д.Норсүрэнгийнх дэн буудал шиг болсон гэнэ. Засгийн газрын зүгээс шинжилгээ судалгаа, замын зардал л гэхэд 90 сая төгрөг гаргачихаад байгаа юм билээ. Энэ жил Монгол Улсын төсөв нэлээд өндөр байгаа долоон их наяд байгаа юм. Үүнийхээ хэрээр асуудлыг нэг тийш болгохдоо харин ч гар татахгүй байгаа бололтой. Тэгэхээр хордсон гэх тодотголтой одоо болтол явж байгаа Хонгор сумынхныг хоосон хоцроочихож байгаа юм биш үү. Шинэчлэлийн Засгийн газар ч хамартаа баас хүрэнгүүт хав дарж байгаагийн нэг тод жишээ нь энэ 19 тугал хордсон хэргийг маш хурдан шийдвэрлэж чадаж байна. Гэтэл хэдэн сарын өмнө Улаанбадрах сумын удирдлага “Арева монгол-Кожеговь” компанид нэгэн хүсэлт тавьжээ. ИТХ-ын дарга, Засаг дарга хоёр нэг нэг жийп машин авч өгөхийг гуйсан байна.
“Арева Монгол-Кожегобь” компанийн тухайд олон иргэнд хүртээлтэй сумын сургууль, цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байжээ. Гэтэл сумын Засаг дарга ИТХ-ын дарга нар болохоор “Танай компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлахад унаа тэрэг чухал байна. Сумын удирдлагад “Арева Монгол-Кожеговь” компани хоёр жийп аваад өгчих юм бол нутгийн иргэдээр та бүхний ажлыг дэмжүүлнэ” гэсэн аж. Гэтэл эсэргээрээ баахан тугал үхүүлж хөлжсөн байгаа юм. Тэдний энэ хүсэлтийг “Арева Монгол-Кожеговь” компани авч хэлэлцээгүйгээс болоод сумын удирдлага, тавдугаар багийн Засаг дарга иргэдийнхээ “талд зогсох” сонирхолтой байгаа гэх яриа ч байна. Малчин Д.Норсүрэн бол нутаг орондоо нөлөөтэй, тулхтай, нөмөр нөөлөгтэй хүний нэг гэнэ. Мянган малтай, аймгийн сайн малчин, уяач гээд худал хэлэхээргүй хүний тоонд ордог гэнэ. Гэтэл энэ айлын хорин тугал үхээд байгаагийн шалтгаан нь жийпнээс болсон ч байж магадгүй л юм.
Гэхдээ 90 сая төгрөгийг хорин тугалыг судлахад ногдуулж байна гэхээр ямар үнэлгээ тогтоохоороо ингэж тогтоодог байна аа. Хамгийн гол нь хорин тугал үнэхээр л шар нунтагаас болж хордсон нь үнэн бол тэр бэлчээрт байгаа бүх л мал хордсон гэсэн үг. Тэгэхээр Д.Норсүрэн гуай өөрөө мянгат малчин гэсэн тэгэхээр улсынхаа төсвийг дан ганц энэ айлд зарцуулчих юм биш биз дээ. Ямартай ч үнэлгээ үхсэн хорь орчим тугалын хохирол хамгийн ихдээ 12 сая төгрөг болж таарна. Гэтэл үлдсэн 80 орчим сая төгрөгийг юунд зарцуулав гэдэг нь сонин байна.
Э.Баясгалан
URL: