Бэлгийн цөөнхийн талаар сургалт болж байна
Нийслэл хотноо энэ өдрүүдэд лесби, гей, бисексуал, трансжендер /ЛГБТ/ зэрэг бэлгийн цөөнхийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагын ажилтан, олон нийтэд хүний эрхийн талаар үндсэн мэдлэг олгох, хууль эрх зүйн мэдээлэл өгөх зорилготой сургалт зохион байгууллаа.
Энэхүү сургалтыг Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улс дахь бэлгийн цөөнх болон тэдний гэр бүлийнхний эрхийг хамгаалж бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд “Хүний эрхийн талаар мэдлэг олгох сургалт”-ыг өчигдрөөс эхлэн гурван өдөр Монгол дахь НҮБ-ын байранд зохион байгуулж байгаа юм.
Сургалт “Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаарх ойлголт”, “Бэлгийн чиг баримжаа хүйсийн баримжаа илэрхийллийн (SOGI) талаарх олон улсын нөхцөл байдал, чиг хандлага”, “ЛГБТ олон нийт хүчин чадлаа бэхжүүлэх, илүү хүчирхэг болох нь Хувь хүний хөгжил ба коммюнити бий болгох” гэсэн сэдвээр болж байгаа юм. Мөн сургалтын хүрээнд 2014 онд хийх UPR-ын тайланд ТББ хэрхэн хамрагдах, 2010 оны зөвлөмжийн хэрэгжилтэнд хэрхэн оролцох зэрэг мэдээллийг багтаажээ.
Манай ЛГТБ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах “Хамтдаа”, “Залуус эрүүл мэнд”, “Лесби, гей, бисексуал, трансжендер буюу ЛГТБ”, “Оюуны дархлаа” зэрэг хэд хэдэн төрийн бус байгууллага байгуулагдаж тэдний талаарх нийгмийн сөрөг хандлагыг өөрчлөхөөр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр байгууллагын хийж буй ажлуудыг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудаас дэмжиж ажилладаг байна.
МОНЦАМЭ
URL: