Б.Бат-Эрдэнэ гишүүн эв нэгдлийг илэрхийлэгч байж чадна
Монгол ардын намын VII Бага хурал хоёр өдөр үргэлжилж, Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд нэр дэвших эрхмийг тодрууллаа. Бага хурлын үеэр намын анхан шатны 370 байгууллага, 220 мянган гишүүний дунд явуулсан “Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлгийн үр дүнг нухацтай хэлэлцэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болжээ. Ард нийтийн санал асуулгад 185.324 иргэн оролцож тус тусынхаа саналыг нэмэрлэснээс намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ нарын нэр хамгийн олон дурдагджээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын нэрийг ч олон гишүүн санал болгосон аж. Тэгвэл санал асуулгад оролцсон хүмүүсийн олонхи нь ам, ажил хоёроо тэнцүүлж чаддаг, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд тууштай тэмцдэг, шударга, эх орон ч Ерөнхийлөгчтэй болох саналаа уламжилжээ.
Ийнхүү ард түмний санал хүсэлтийг хүндэтгэх үүднээс Бага хурлын үеэр гишүүдэд нээлттэйгээр МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нараас Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нь нэр дэвшүүлбэл амжилт үзүүлэх боломжтой болохыг нь сонгожээ. Дээрх дөрвөн нэр дэвшигчээс эхний санал хуралтаар Д.Лүндээжанцан долоон хувь, Д.Оюунхорол 12.5 хувийн санал авчээ. Харин МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар тус бүр 41 хувийн саналаар тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигч эхний санал хураалтаад тодроогүй аж. Иймд хамгийн их санал авсан Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нарын хооронд дахин санал хураалт явуулахад л хоёр гишүүн хоёр дахь удаагаа буюу 113 хүний саналаар дахин тэнцсэн нь сонин тохиолдол болжээ.
Ингээд Бага хуралд оролцсон 227 төлөөлөгч гурав дахь дахиа санал хураалгаж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ намынхаа даргаас ёсөн хүний илүү санал авч, ийнхүү намаа төлөөлөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй болсон байна. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Монгол ардын намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын Б.Бат-Эрдэнэ “Ардчилалын үнэт зүйл, шударга ёсны илэрхийлэл бол сонгууль юм.
Тийм ч учраас МАН-аас хамгийн түрүүнд Монгол Улсынхаа Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж байна. Тиймээс бусад нэр дэвшигчиддээ болон сонгуулийн байгууллагад хандан хэлэхэд шударга, маргаангүй сонгууль зохион байгуулах зарчмыг барьж ажиллана. Мөн ард түмнийхээ шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэгч байж ажиллана гэж бодож байна” хэмээсэн. Харин Монгол ардын намын дарга Ө.Энхтүвшин “Манай намаас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсонд намын гишүүд, удирдах зөвлөл бүгд сэтгэл хангалуун байгаа. Тиймээс энэ удаагийн хариуцлагатай сонгуульд бид бүхэн хамтдаа ялалтад хүрэх боломжийн төлөө цаг ямагт хамтдаа байна” гэсэн юм.
Д.Булган
URL: