Төрийн ордонд Эбэ, Тусгаар тогтнолын ордонд МАН…

003ssӨнөөдөр нийслэлчүүд хэд хэдэн том хурлаар амьсгалж байна. Тусгаар тогтнолын ордонд болж байгаа МАН-ын Бага хурлаас гарах шийдвэр, Ерөнхийлөгчид хэн нэр дэвших бол гэдгийг амьсгаа даран хүлээж байгаа бол нөгөө талд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд нийслэлийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцож байна. Бас Засгийн газрын ээлжит хуралдаан болж бүтээн байгуулалтын чухал томоохон асуудлуудаа шийдвэрлэж байна. Засгийн газрын ээлжит хуралдаан ч яах вэ, хагас сайн өдөр бүр хуралддаг болохоор төдийлөн анхаарал татахгүй байна. Харин Ерөнхийлөгчийн уран гоё үгтэй илтгэл бүхий иргэдтэй хийх уулзалтыг МҮОНТВ шууд дамжуулж, МАН-ын бага хурлыг “тоосоороо дарав” бололтой. МАН-ын бага хурал хаалттай болж байгаа болохоор тун ч бүрхэг.  Нүдэнд харагдаж, чихэнд сонсогдохуйц байгаагаараа Ц.Элбэгдоржийн уулзалт илүү “гоё” харагдаж байна.  Тэрбээр энэ удаагийн уулзалтаар улс оронд тулгамдаад байгаа асуудлын талаар иргэдтэй илэн далангүй ярилцах “сценари”-ийн дагуу иргэдийн асуултад хариулж байна. Нийгмийн дунд байгаа шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдэх арга зам болон шударга бус үйлдлийг таслан зогсоох талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд хэлсэн. Энэ уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга нар оролцож байна. Энэ уулзалт нэг талаар Ерөнхийлөгчийнхөө хувиар иргэдтэйгээ уулзаж, санал бодлоо солилцож байгаа боловч нөгөө талаар яг энэ мөчид болж байгаа МАН-ын Бага хурлын дэргэд нэлээд далайцтай харагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Уулзалтыг МҮОНТВ Төрийн ордноос шууд дамжуулж байгаа нь тэгж харагдуулж байна. Ерөнхийлөгч хэдийгээр үндсэн ажлаа хийж байгаа мэт боловч Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед иймэрхүү уулзалтууд аятайхан боломжийг олгож байгаа юм. Ард түмэнд таалагдахын тулд яах ёстойгоо мэдэх хүний хувьд түүнд ямар нэгэн зааварчилгаа, урьдаас бэлтгэсэн үг ч хэрэггүй. Түүний үг иргэдэд хэдийд ч таалагддаг. Иргэдтэй хийж буй уулзалтын үеэр тэрбээр “Би ажлаа өгснийхөө дараа Монголдоо, ард олныхоо дунд амьдрахыг аз жаргал гэж бодно”хэмээн хэлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч, ялаагүй ч, зовсон ч жаргасан ч та нартайгаа байна гэсэн үг. Энэ үг хэнд ч аятайхан сонсогдоно.

Нөгөө талд Тусгаар тогтнолын ордонд МАН-ын бага хурал эхэлж байна. Бага хурал хаалттай болж байгаа учраас тэнд юу болж байгаа нь бүрхэг. Ерөнхийлөгчийн иргэдтэй хийж байгаа уулзалтын дэргэд бол өчүүхэн төдий хурал мэт. Уг нь бол тэнд, Тусгаар тогтнолын ордонд айсуй сонгуульд өөртэй нь өрсөлдөх хүний талаар ширүүхэн юм болж байгаа. Тэрийг ч Ерөнхийлөгч маань сайн мэдэж байгаа. МАН-ынхан “Эв нэгдлийн чуулган” сэдвийн дор бага хурлаа хийж байгаа. Гэвч үнэхээр эв нэгдлийн чуулган байж чадах эсэх нь эргэлзээтэй. Нэр дэвшигч дөрвөн хүний хувьд дөрвүүлээ л нэр дэвшчих санаа агуулж байна. Зарим нь бүр пиараа хийгээд эхэлчихсэн. Хэн нь ч өөрсдийгөө Монголын төрд бэлтгэгдсэн гэдгээ ил далд илэрхийлж байгаа. Ийм тохиолдолд дөрвөн нэр дэвшигч эв нэгдэлтэйгээр хэн нэгнээ хүлээн зөвшөөрнө гэдэг юу л бол. Юутай ч МАН-ын Бага хурал эхлээд дотоод зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж байна.  Намын бага хурлын гишүүнээс сайд, дэд сайд, аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан 40 хүнийг чөлөөллөө.  Одоо чөлөөлөгдөөд байгаа хүмүүсийн оронд намын Бага хурлын гишүүдээ сонгох ёстой. Дараа нь дөрвөн нэр дэвшигчийнхээ хэнийг сонгуульд тоосыг нь өргөхөө шийднэ. Мэдээж 90 жилийн түүхтэй ууган намын хувьд хэнийг гаргаж ирэх нь олны анхаарлын төвд байгаа.

Намын Удирдах зөвлөлөөс нэрийг дэвшүүлсэн дөрвөн хүнээс гадна Ерөнхий сайд асан Сү.Батболд, Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын нэр ч Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд яригдаж магадгүй байгаа гэнэ. Юутай ч өнөөдөр16 цаг гэхэд МАН-ын бага хурлын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж нийтэд танилцуулна гэсэн зар тараагаад байгаа. Цагтаа амжих эсэхийг бүү мэд. МАН-ынхан ингэж тэгж байгаад нэг хүнээ гаргаад ирэх нь тодорхой.

 

Төрийн ордонд Ц.Элбэгдорж, Тусгаар тогтнолын ордонд МАН хуралдаж байна. Хэн нь гоё харагдах нь чухал биш, хэнийх нь шийдвэр шийдэл олонд таалагдах нь чухал биз ээ.

 

Б.Оюунгэрэл


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих