Гаднын террористууд улсын хилийг хэрхэн давсан бэ

 Олон улсын хэмжээнд хүний амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг Улсын мөрдөн байцаах газар (УМБГ). Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан талаарх мэдээлэл эрчимтэй цацагдаж байна.
Тодруулбал, 1974 онд төрсөн Рамзан Хафиз Мухаммад, 1969 онд төрсөн Пакистан улсын Исламабад хотын Интерполын үндэсний төв товчооноос эрэн сурвалжилж буй Мухаммад Бахш овогтой Мухаммад Рамзан болон 1983 онд төрсөн, АНУ-ын Вашингтон хотын Интерполын төв товчооноос хүндрүүлсэн хулгайн хэрэгт эрэн сурвалжилж байсан иргэн Мухаммад Рамзан овогтой Хаяат Хизар нарыг Улаанбаатар хотод байхад нь баривчилсан саатуулаад буй.
Харин Хаяат Хизар гэх иргэн нь АНУ-ын Нью Йорк хотын Саффолк мужийн шүүхээс 1, 2 дугаар зэргийн хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан гэдэг мэдээлэл гараад буй. Мэдээж дотоодын хүчний байгууллагууд Интерполоор эрэн сурвалжилж байсан этгээдүүдийг барьсан гэдгээ бахархалтай нь аргагүй нь ярьсан.
Гэвч тэднийг 2006 оноос эхлэн эрэн сурвалжилсан гэдэг нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, тэд Монгол Улсын хилийн дээсийг хэдэн онд давсан бэ гэдгийг нууцалж байгаа нь сонирхол төрүүлээд буй.
Учрыг өгүүлбэл, хилийн шалган нэвтрүүлэх болоод ТЕГ түр болон урт хугацаанд оршин суух визтэй гадаадын этгээдийг нарийвчлан шалгадаггүй бололтой. Харин Цагдаагийн ерөнхий газрын мэдээлж буйгаар тэднийг ямар зорилгоор Монгол Улсад ирсэн нь тодорхойгүй гэж байгаа ч түр оршин суух визтэйгээр хилээр нэвтэрсэн гэнэ.
Гэтэл ямар ч өнцгөөс харсан түр оршин суух виз 2006 оноос өдгөөг хүртэл үйлчилнэ гэж байхгүй. Нөгөөтэйгүүр тэднийг эрэн сурвалжилж эхэлснээс хойш Монгол Улсын хилээр орж ирсэн байж болзошгүй дүр зураг харагдаад байна.
Тиймээс тэд нэг бол манай улсад хараар амьдрагчид байсан эс бөгөөс тэднийг гэмт хэрэгтэн гэдгийг нь мэдэлгүй өнгөрөөчихсөн хэрэг болж таарах нь. Тиймээс өнгөрсөн хугацаанд террорист этгээдүүд Монголоор тэнүүчилж, Европ нэрэндээ дулдуйдан амьдарсаар иржээ хэмээн дүгнэж болох нь.
Үүнээс өнөөх л гаднынхныг бурхан шиг шүтдэг дорой зан цухуйн харагдана. Өөрөөр хэлбэл, гаднын улсын гэхээр өндөр мэдлэгтэй, “хэл ус” сайтай, хөрөнгө чинээтэй хэмээн үздэг хэт хэлбийсэн зан ажиглагдаж байна.
Гэтэл Монгол Улсын иргэн гаднын улсад ямар ч үнэлэмжгүйн дээр Хятадын хилийг давах гэж нүцгэлэх шахуу юм болж байдаг. Харин улсын хүчний байгууллагууд АОХН-ын VII хурлын үеэр улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласны хүчинд тэднийг барьсан байх юм.
Тиймээс АОХН -ын гишүүд өдөр бүр Монголд хуралдаад байвал бүгчихсэн байж болзошгүй гаднын гэмт этгээдүүд өдөр бүр баригдах ч юм билүү.
Б.Ширнэн
Эх сурвалж: Нийгмийн толь

URL:

Сэтгэгдэл бичих