Улс төрийн намын дарга нар сонгуулийн пропорциональ тогтолцоог дэмжиж буйгаа илэрхийлэв

Улс төрийн намын дарга нарын ээлжит хэлэлцүүлэг өчигдөр боллоо. “Сонгуулийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт энэ удаагийн хэлэлцүүлгийг Иргэний зориг-Ногоон намаас зохион байгуулсан юм. Уулзалтад АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Лүндээжанцан, УНН-ын дарга Б.Батболд, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон УИХ-ын гишүүн З.Алтай, Х.Тэмүүжин, Х.Жекей нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Иргэний зориг-Ногоон намын дарга Д.Энхбат хэлэхдээ “Энэ хаврын чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь Сонгуулийн тухай хууль. Тиймээс намын дарга нар уулзаж, сонгуулийн тогтолцооны талаар ярилцах шаардлагатай байгаа тул энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээсэн. Түүний дараа Иргэний зориг-Ногоон намын тэргүүн дэд дарга С.Оюун өмнө нь ашиглаж байсан сонгуулийн системүүдийн алдаа, оноотой талуудыг эрдэмтдийн судалгаанд үндэслэн хэлсэн юм. Түүнчлэн ИЗНН-ын зүгээс сонгуулийн пропорциональ тогтолцоог илүүд үзэж байна гэдгээ илэрхийлж, аль ч сонгуулийн төгс тогтолцоо гэж байдаггүй, харин тухайн улс оронд тохирсон систем л гэж байдаг хэмээн хэлнэ лээ.

Харин АН-ын дарга Н.Алтанхуяг өмнөх хэд хэдэн удаагийн мажоритар тогтолцоогоор явуулсан сонгуульд хамгийн их хохирсон нь АН хэмээн хэлсэн юм. Учир нь 1992 оноос хойш явагдсан сонгуулиудад пропорциональ элемент үгүй болсон тул АН-ын зүгээс хохирол, ялагдал хүлээж байсан байна. Тиймээс засгийн эрхийг барьж байсан 1996-2000 оны хооронд сонгуулийн тогтолцоог өөрчлөх гээд чадаагүйгээр барахгүй зохицож амьдрахаас өөр аргагүй болсон хэмээн “зовлон” ярив. Харин энэ удаа л зайлшгүй алхам хийж, сонгуулийн тогтолцоог пропорциональ болгох талаар хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.

Өнгөрөгч сарын 22-нд МАН-ын дарга С.Батболд улс төрийн намын дарга нарыг урьж, анхны хэлэлцүүлгийг сүр дуулиантай зохион байгуулж байсан. Гэтэл тэрээр энэ удаагийн уулзалтад хүрэлцэн ирсэнгүй, нарийн бичгийн дарга Д.Лүндээжанцанг илгээжээ. Төлөөлөгч “Манай намын XXVI их хурлын төлөөлөгчид “Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай. Тэгэхдээ ард түмний сонгох эрхийг бүрэн хангасан сонгуулийн тогтолцоог сонгох хэрэгтэй гэж шийдвэрлэсэн” гэлээ. Түүний үгийг таслан МУНН-.ын дарга Б.Батболд “Та нар долдугаар сарын 1-нд таван хүний амийг хөнөөсөн. Одоо 2012 оны сонгуулиар хэдэн хүний амийг хөнөөх гэж байна. Хэлчих. Ер нь та нар сонгууль болохоос жил гаруйн өмнө тогтолцоог нь шинэчлэх тухай яриад эхэллээ. Долдугаар сарын 1-нд хүн алчихаад энэ тухай ярьж эхлэхгүй яасан юм” хэмээн омогдов. Ажил хэрэгч байдлаар үргэлжилж байсан хэлэлцүүлгийн уур амьсгал ийн өөрчлөгдөхөд зохион байгуулагч нам болон эрх баригч намуудын төлөөлөл нэлээд сандарч орхисон. Тэд Б.Батболд даргад хандан “Одоо бухимдаад яахав. Илэн далангүй ярилцацгаая л даа” хэмээн аргадах нь сонстож байв. Б.Батболд ч “Хэлчих та нар. Хэдэн хүн буудахаа” хэмээн дахин цахин шаардах ажээ.

Хэлэлцүүлгээс нэлээд хоцорч ирсэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан Сонгуулийн хуулийг шинэчлэх тухай ярихаасаа өмнө өмнөх тогтолцоо яагаад буруутсан бэ гэдгийг ажлын хэсгийнхнээс асуух хэрэгтэй гэх байр сууриа илэрхийлэв. Түүний хэлсэн үгэнд өнөөгийн парламент сонгуулийн тогтолцоог өөрчилж чадахгүй гэх нь ч дуулдсан. Учир нь Сонгуулийн хуулийг Үндсэн хуультай нь хамтад нь өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд цаг хугацаа нэлээд шаардах тул энэ парламент хараахан хийж амжихгүй гэлээ. Хэрэв сонгуулийн тогтолцоог өөрчлөх зайлшгүй цаг хугацаа нь ирвэл пропорциональ тогтолцоог дэмжинэ гэдгээ ч хэлэхээ мартсангүй. Ийнхүү улс төрийн намын дарга нар гурав дахь удаагаа уулзалдаж, сонгуулийн тогтолцооны талаар ярилцлаа.

Т.ГЭРЭЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих