“Орчлон” хороололд гарсан түймэр хөөсөнцөр хавтангаас үүдэлтэй гэж оршин суугчид үзэж байна

orchlon-middleСонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Орчлон” хорооллын 41 дүгээр байранд гал гарсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр болсон билээ.

Энэхүү галын буруутай этгээд болон иргэдийн хохирлыг хэн барагдуулах эсэх нь одоогоор хяналт шалгалт мөрдөн байцаалтын шатанд яваа билээ. Гэтэл зарим галд автсан айлууд одоогоор гэр орондоо орж чадахгүй хохирол барагдуулахыг хүлээж байгаа аж.

Одоогийн байдлаар утаа тортог саармагжиж зарим галын аюулд бага өртсөн айлууд гэртээ байх боломжтой болоод байгаа аж.

Энэ талаар тус хотхоны зарим оршин суугчидтай уулзаж ярилцлаа.

“Орчлон” хорооллын 41 дүгээр байрны эргэн тойронд галд шатаж хар тортог болсон хог хягдал нэлээд харагдаж байлаа. Орцны үүдэнд хөгшчүүд нарлаж ирсэн, буцсан хүнээс “Орчлон”-гоос явж байна уу” хэмээн ам уралдан асууж байлаа. Бодвол “Орчлон” констракшнаас ямар нэгэн хүн ирж оршин суугчидтай уулзаагүй бололтой.

Тус байр 100 гаруй оршин суугчтай үүний 20 орчим айл галд тодорхой хэмжээгээр өртсөн байна. СӨХ-оос нь ямар нэгэн зүйлийг оршин суугчдад мэдэгдээгүй аж.

“Шөнө гал гарч унтаагаараа үхээгүй нь их юм. Өдөр шатсан тулдаа л ганц ч хүн эрсдээгүй юм” гэж нэгэн настай өвгөн хэллээ.

Хамгийн их галд өртсөн дөрөв болон найман давхрын айлуудад хүн байхгүй хүн амьдрах боломжгүй болсон байлаа. Найман давхарын айл хаалгаа салгаад тавьчихсан шатсан шал болон эд зүйлсээ овоолон тавьсан нь харагдаж байлаа. Мөн галд ихээр өртсөн айлуудын пракетэн шалнууд усанд автаж товойж хэлбэрээ алдсан байлаа.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 41-198 тоотын оршин суугч /арван давхар/ Б.Уртнасан: ОРОХ ОРОНГҮЙ Л ЮМ ШИГ БАЙНА

-Үнэхээр харамсалтай байна. Одоо гэр оронгүй хүн шиг л хамаатан садныхаа хажуу өрөөг гуйж амьдарч байна. Байрандаа засвар хийж байна. Нэлээд мөнгө орж байна. Ихээхэн хохиролтой. Хамаг юмаа гаргачихсан байгаа. Гэртээ ч хонож чадахгүй хүүхэд маань ядраад зутруухан л байна. Утаа тортог шингээгүй юм гэж алга. Одоогоор “Орчлон” констракшнаас ямар нэгэн хүн ирээгүй байна. Гал түймэр  гарсан шалтгааны хариу 14 хоногийн дараа гарна гэсэн. Гэтэл одоо хэцүү л байна. Гэрт шүүгээнд байсан хамаг хувцас маань тортог болон халуунаас болоод сэмэрчихсэн өмсөх ч хувцасгүй болсон. Манай жижиг өрөө болон тагт маань тэр чигтээ галд өртчихсөн. Ариун цэврийн өрөөнд хүртэл битүү тортогтой, утаа униарны үнэр одоо болтол салаагүй л байна. Гал комманд нэлээн удаж ирсэн ч усны “шланк” нь таван давхраас дээш гарахгүй байсан. Тэгээд нэлээн цаг алдсан. Уг нь манай тагт вакуум хаалттай байсан. Гэвч юу ч үгүй шатсан. Үүднийхээ хаалгыг хүртэл солиод байна шүү дээ. Буруутай этгээдийг нь хурдан тогтоолгож нөхөн төлбөрөө авмаар байна.

Оршин суугч Б.Уртнасангийн гэрт нь орж үзэхэд үнэхээр л утаа униар хиншүү үнэртэж байлаа. Тэднийх хамгийн дээд талын арван давхарт оршин суудаг хэрнээ галд нэлээд их өртсөн байлаа. Тагт нь тэр чигтээ шатсан учир засвар хийж байлаа. Б.Уртнасангийхаас гараад есөн давхарын айлаар орлоо.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Орчлон” хорооллын 41 дүгээр байрны 189 тоотод оршин суугч /есөн давхар/ Н.Батжаргал:  ОДООГООР ГЭРТЭЭ ХОНОЖ БОЛЖ БАЙГАА

-Нэгээс арван давхрын айлуудын орон сууц галд өртсөн. Гал команд гал гараад 30-40 минутын дараа ирж галыг унтраасан. Одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. СӨХ-ноос ч юу ч ирээгүй байна. Гэр маань бохирдол ихтэй одоо цэвэрлэгээ хийгээд л сууж байна. Гэхдээ л тортог үнэртээд байна. Гал гарах үед гэрт нь хүн байгаагүй айлуудын эд зүйлсийг гаргасан. Барилгын хана хөөсөнцрөөр хийгдсэн нь гал хурдан тархахад нөлөөлсөн гэж бодож байна. Их муу хийсэн болохоор л хурдан шатсан байх даа. Энэ гипс, хөөсөнцөр чинь маш хурдан шатдаг юм байна лээ. Одоогоор хүн суух аргагүй  тортог угаартай байна. Зарим айлууд нь хамаатан садныдаа байгаа сурагтай. Оршин суугчдын зүгээс “Орчлон” констракшны удирдлагууд буруутай гэж хэлж чадахгүй. Ямартай ч дөрвөн давхрын айлаас гал эхэлж гарсан.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Орчлон” хорооллын 41 дүгээр байрны 158 тоотод оршин суугч /зургаан давхар/ Н.Хуучаан: БАРИЛГА БАРЬСАН КОМПАНИ ХОХИРОЛОО БАРАГДУУЛНА ГЭСЭН

-Одоогоор гэртээ амьдарч байгаа. Ямар нэгэн хүндрэл алга байна. “Орчлон” констракшнаас хүн ирсэн. Хохирлыг тооцож аваад явсан. Харин гаднах хохирлыг энэ барилгыг “Барьсан компани хариуцна” гэсэн. Гэхдээ л тортог их байсан шүү. Гал команд ирээд гал унтраах гэж их цаг алдсан. Хуучны орос машиных нь шат хүрэхгүй гал унтраах өөр машин ирж байж унтраасан. Цаг их алдсан шүү. Ер нь гаднах ханыг хөөсөнцрөөр хийсэн нь маш буруу болсон гэж бодож байна. Нүд ирмэхийн зуурт гал тархаж эхэлсэн. Дөрвөн давхрын айлаас гарсан гэж оршин суугчид хэлж байгаа. Гэхдээ одоо яг энэ тэр гэж хэлчих боломж бидэнд алга байна. Шүүх цагдаа л энэ асуудлыг шийдэж чадах байх.

Барилгад гал гарсан гол шалтгаан нь хөөсөнцөр хавтангаас болсон гэж оршин суугчдын дийлэнх нь үзэж байгаа аж. Үнэхээр  хөөсөрцөр хавтан шатаж айлуудад ихээхэн хохирол учруулсан байна. Уг нь орон сууцын барилгын хөөсөнцөр хавтан нь галд тэсвэртэй хавтангаар хийх ёстой байдаг. Гэтэл тэгж хийгээгүй нь уг барилгыг барьж гүйцэтгэсэн компанийн буруу бололтой. Мөн дан ганц хөөсөнцөр гэлтгүй арван давхарын айлын хананы блок шатаж хайлсан байх нь үнэхээр энэ барилга чанаргүй гэдгийг илтгэн харуулж байв. Дан ганц “Орчлон” констракшн  гэхгүйгээр мэргэжлийн комиссыг нь ч гэсэн хуулийн байгууллага шалгах хэрэгтэй. Ямартай ч “Орчлон” хорооллын зарим оршин суугчид орох оронгүй болсон мэт айлаар хоноглож яваа бололтой.

Э.Баясгалан


URL:

Сэтгэгдэл бичих