ДУУГҮЙ байх эрх чөлөө
Үндэсний сэтгүүлзүй үүсээд нэгэн зууныг илээх хугацаанд манай улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтжээ. Энэ бол чамлахаар үзүүлэлт бас биш юм. Маш товчхондоо хагас ч гэсэн эрх чөлөөтэй байна гэдэг сайн хэрэг. Харин үлдсэн хагасыг нь хэн булшилж байна вэ? гэсэн асуулт үеийн үед л гарч ирдэг. Энэ тухай ч эрдэмтэн, докторууд тэмдэглэлт өдрүүдээр тойрч суугаад баахан онолддог. Үнэнийг хэлэхэд тэд эрүүл байх тухай, шударгаар хөдөлмөрлөх цаг нь ирсэн тухай ханатал ярьсан хэдий ч даанч амжилт олохгүй байсаар энэ цаг үетэй золгоод байна. Угтаа тэдний томьёолдог шиг манай улсын сэтгүүлзүйн салбар хэзээ ч Дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэж байсангүй. Харин ч эсэргээрээ хаалтын гэрээ, харуул хамгаалалтын үүргийг чанад сахисаар ирлээ. Нэн шинэ үеийн сэтгүүлзүйд бурууны хэллэгээр “Цагаан махны хэрэг” бидний нэрлэж заншсанаар оюуны өмчийн хулгай бол байх ёстой бичлэгийн төрөл зүйл нь юм шиг хэв шинж нэгэнт тогтлоо. Интернэт орчин таслалдвал өдөр тутмын сонингууд хонох шахаж дуугаараа шилжүүлдэг болов. Өдөр тутмын сонин гарахгүй бол телевизүүд сэдвийн мэдээгүй балрах аюулд нэгэнт тулж иржээ. Чухамдаа энэ цаг үед цахим сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн хүчтэй дуу хоолой мөн боловч үүний чиг хандлагыг манайхан мөнгө олох хэрэгсэл болгох замаар хүн бүр хувьдаа сайт нээж л эрх чөлөөгөө эдэлж байна. Тиймдээ ч монголын “Топ-150” сайтыг шалгаруулж, Сайтуудын нэгдсэн холбоонд одоогоор 80 гаруй цахим хуудас элч ороод байна.
Үнэнийг хэлэхэд нөхцөл байдал өнөөдөр ийм л байна.
Улстөр бохирдож, жил ирэх бүр хорлон сүйтгэх, иргэдийг мунхаруулах ажиллагаа идэвхижиж байгаатай уралдаад сэтгүүлзүйн салбар “шаварт” унаад цөөнгүй он цагийг илээжээ. Монгол орныг сонгуулийн уур амьсгал бүрхэж эхлэх үед үндэсний сэтгүүлзүйн салбар үнэн араншингаа харуулдаг нь гэм биш зам болоод удлаа. Үүнийг хүн бүр л мэддэг, бас мэдэрдэг. Тийм ч учраас сэтгүүлзүйн салбар одоог хүртэл муу нэртэй байсаар л байна. Ямар сайндаа өнөө цагийн нэртэй сэтгүүлч бүсгүй салбарынхаа тухай бичсэн нийтлэлдээ “Би үүнээс хойш худалдагдахаа болино” хэмээн уулга алдсан байх вэ дээ. Тэгвэл өөр бас нэгэн нэрт нийтлэлч “Хоёрхон хүнтэй ярилцлага хийхэд л нэг өрөө байрны мөнгө олдог болсон байна шүү” хэмээн сайрхаж суусан тухай явган яриа ч хаа сайгүй нисч л явдаг юм. Энэ бол монголын хэвлэл мэдээллийн алдагдсан хасаг эрх чөлөөг хүчээр барьж буй улстөрчдийн араншинг нотолж буй жишээ билээ. Уг нь, манай сэтгүүлзүйн салбарт мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх гол үүргээ баримтал болгон ажиллаж буй, мөн тийм хүсэлтэй олон залуу бий. Даанч салбар бүрт балаг тарьж бантан хутгаж явдгаараа улстөрчид тэр сайхан сэтгэлийг мөнгөөр дэвсэлж, арганд нь ороогүй нэгнийг нь хаах хүртэл арга хэмжээ авдаг болсон нь нууц биш. Тэр ч бүү хэл өндийж амжаагүй байхад хүчээр дэвслэх санаархал улстөрчдөд байдаг нь нэгэнт илэрхий болжээ. Энэ бүхнээс үзэхэд сэтгүүлзүйд ганц том дайсан бий. Тэр нь улстөр, эрх мэдэлд шунагчид билээ. Тэдний тарьсан балгаар өнөөдөр сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлгийг цагдан хянах, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд торгууль ногдуулах, мөрдөн мөшгих, дарамтлах, үйл ажиллагааг нь таслан зогсоох, эрх чөлөөнд нь ноцтойгоор халдах нь наад захын үйлдэл болон хувирсан.
Үнэнийг хэлэхэд нөхцөл байдал өнөөдөр ийм л байна.
Тун саяхан даа, сэтгүүлч мэргэжилтэй Монгол Улсын төрийн тэргүүн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг санаачилж, УИХ-аар хэлэлцүүлэх тухай гэгээлэг мэдээ чих дэлссэн. Тус хуульд тусгаснаар бол сэтгүүлчийг хуулиар чанд хамгаалах, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь өнөөдрийн нөхцөл байдлаас ахиулах, хэвлэл мэдээллийн далд эзнийг олон нийтэд ил тод зарлах байлаа. Гэвч УИХ-ын чуулганаар үүнийг нь дэмжээгүй унагачихсан. Үүнийг агуулгаар нь бодоод үзвэл өнөө цагийн эрх мэдэлтнүүд нэг үгээр хэлбэл жийрхсэн хэрэг болж таарч байгаа юм. Тийм ч учраас Ерөнхийлөгч маань хүртэл төрийн тэргүүнээ сонгох сонгуулиас өмнө энэ тухай би дахин ярихгүй гэсэн утгатай зүйлийг хэлсэн ч байж мэднэ. Тэгвэл эрх баригчид Засгийн газрын бүтэц зохион байгуулалтаа хийх явцдаа л хэвлэл мэдээллийн байгууллагыг хуулиад халаасандаа чихчихдэг болов. Ингэснээр монголын сэтгүүлзүйн дийлэнх хувьд зөвхөн дуугүй байх эрх чөлөөг эдлэхээс өөр боломж үлдсэнгүй. Ийм замыг нэгэнт сонгосон учраас чөлөөт хэвлэлүүд олон нийтэд бодит мэдээлэл өгч гэгээрүүлэх, эрх мэдэлтнүүдийг хянаж, эрх мэдлээ хэтрүүлсэн эсэхэд хяналт тавих, эрх нь зөрчигдсөн иргэдийн дуу хоолой нь болох ямар ч боломжгүй байдалд тулж ирээд байна.
Үнэнийг хэлэхэд нөхцөл байдал өнөөдөр ийм л байна.
Хэн сэтгэж байна, тэр хүн л сэтгүүлзүйг бүтээх учиртай. Харин сэтгэж чаддаг “бүтээгдэхүүн” төрүүлэхийн тулд сургалт нь чанартай байх үүрэгтэй. Тэгвэл энэ ядмагхан шүүлтүүрийг даван гарч чадсан сургууль нь хэд байна вэ? гэсэн асуулт хөндөгдөх нь гарцаагүй. Тэгвэл шуудхан хэлэхэд Төв сургуулийн маань тэнхимийн эрхлэгч, Соёлын гавъяат зүтгэлтэн, 1000 гаруй сэтгүүлч бэлтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч маань өөрөө сурвалжлагад явж үзээгүй, мэдээ олохын тулд гудамжны нохойд хөөгдөж үзээгүй цагаан гартан байдаг тухай бид мэднэ. Ганцхан энгийн жишээ аваад үзэхэд огт мал хариулж үзээгүй, хэзээ хэрхэн хээл авдаг тухайг нь мэддэггүй атлаа утаат нийслэлдээ бүгж, баар саваар оролгүй өнжих үедээ баахан ном уншиж байгаад уяач сургах дамжаа хичээллүүлжээ. Гэтэл санаанд оромгүй амжилт гаргаж, “сурагчид” нь аймаг, сум бүртээ айраг түрүү алдахаа байжээ гээд бодоод үзье. Чухамдаа энэ хоёрын дунд зарчмын том ялгаа бараг алга. Тэгвэл хувийн сургуулиудаас хэн олон “шахааны” ном худалдаж авсан нь онц дүнтэй төгсдөг гэдгийг бид ойлгодог. Ийм орчноос төрөн гарсан залгамж халаа маань /мэдээж бүгд биш/ аль хэдийнэ бурхан болсон нэрт зохиолч, сэтгүүлчдийн нэрсээс өөр юу ч үгүй хоосон толгойгоор ажлынхаа гарааг эхэлж байгаа тухай ч бид мэддэг. Энэ бүхний гайгаар хэлээ хазсан хэдэн охидын хот хөдөөгүй гардаг телевизээр
“Миний дүү том болоод ЮУ болох вэ”?,
-СОХОР хүмүүс хуулиа брайл үсгээр унших боломжтой болсон гэсэн үү? -Нэврүүлэгийн цаг дуусах гэж байгаа учир НИЙТ ҮЗЭГЧИДДЭЭ хандаад та СҮҮЛЧИЙНХЭЭ ҮГИЙГ ХЭЛНЭ үү? гэх мэтийн балай гэхэд ч багадмаар асуултыг хангалттай сонсдог болоод удаж байна.
Үнэнийг хэлэхэд нөхцөл байдал өнөөдөр ийм л байна.
Гэвч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бичсэнчлэн “Сэтгүүлзүйд үүр цайгаасай” гэж бид хүсдэг. Сэтгүүлзүйд үүр цайна гэж бид ч бас итгэдэг. Тун удахгүй үндэсний сэтгүүлзүйд үүргээ ухамсарлах сайхан цаг ирнэ ээ…
URL: