Биеэ үнэлэгчид менежентээ өөрчилжээ

 

“Улаанбаатар” зочид буудлын урдах цэцэрлэг мөн хуучнаар “Ард” кино театрын урдах талбай, Хөдөө аж ахуйн яамны урд тал болоод “Саппаро” автобусны зогсоолууд эзгүйрчээ. Учир нь тэнд байрлаж, өөрийн биеийг үнэлдэг байсан охид, бүсгүйчүүд байршлаа сольж “интернет кафэ”гэгчээр тарах болов.
Өдгөө хуучин байршилд нь “гүйлгээ” муутай, нас тогтсон эгчмэд бүсгүйчүүд болоод энэ төрлийн бизнест гаршсан дамлагчид бусдыг “арилжиж” байх. Харин орчлонгийн гэрэл тасрахаар ажил амьдралаа зохицуулдаг тэд нийгмийн их өөрчлөлтөд ч гэсэн нэрвэгдэж амжив.
Тодруулбал, тэд өсвөр үеийн сэтгэлгээнд хамгийн том орон зайг эзлэн байгаа интернет гэх ертөнцөд тухлаад амжсан байна. Элдэв янзын цахим хуудасны буланд байрлах “чат” гэгч дээр дарвал эрээ цээргүй ертөнцийн үүд хаалга таны өмнө “open”.
Тиймээс цахим ертөнцийн талаар болоод “чат” гэгчийн тухай тодорхой зохицуулалт хэрэгтэй байна. Хамгийн гол нь эл биеэ үнэлэх явдал интернетээр тархаж, олны нүдэн дээр ил байгаа нь өсвөр үеийн хүүхдүүдэд ихээхэн хор хөнөөлтэй.
Өнөөдөр гэртээ компьютергүй, тэр нь интернетгүй байна гэдэг ховорхон тохиолдол болсон. Тиймээс өнөөх биеэ үнэлэгчид интернет орчинд хэсүүчилж, дурын айлдаа зочлох үнэгүй тийзээр шагнагдав.
Харин энэ зуур юу болж байна гэвэл өсвөр үеийн да ялангуяа, өнөөгийн залуусын сэтгэлгээнд өөрчлөлт орох буюу биеэ үнэлэх явдлыг харьцангуй эерэг хардаг болчихжээ. Өөрөөр хэлбэл, мэдээлэл ардчилсан нээлттэй болсон учраас ээж нь хүүдээ “цэцэгнээс төрсөн гэж хэлбэл” өөрөө онигоонд шахуу юм болно.
Үүний хажуугаар интернетээр биеэ үнэлэх явдалтай тэмцэх арга замыг хуульчлаагүй учраас хэрхэн тэмцэх нь ойлгомжгүй хэвээр. Харин эсрэгээрээ олны нүдэн дээр биеэ үнэлэхийг хориглодог учраас хорхойсох нь илүү ажиглагдаад байх шиг.
Мэдээж хүн өөрийн дур хүслийг хангахын тулд өрөөлийг түрээсэлнэ гэдэг байж болшгүй хэрэг. Гэтэл тодорхой улсууд биеэ үнэлэх явдлыг хуулиар баталж, тэдний орлогоос татвар авч байна. Өнгөцхөн харахад үүнийг эрс буруу шаамаар ч өнөөгийн нөхцөлд сайшаах нь зүйтэй.
Яагаад гэвэл нууж хаах тусам, нээж үзэх сэтгэл бадамлан асдаг нь нууц биш. Тиймээс нэгэнт л тэмцэж чадахгүй байгаа бол тэдэнтэй “энхийн гэрээ” байгуулах нь зүй. Тодруулбал, Ягааны гэдэг шиг ямар нэг гудамж бий болгоод түүн дээрээ хяналт тавьж ажиллах хэрэгтэй.
Мэдээж Монголын нөхцөлд биеэ үнэлэгч нарыг шилэн хоргонд хийгээд хяналт тавих нь зохисгүй. Ингэвэл эсрэгээрээ энхийн бус дайны гэрээ болно. Магадгүй хэн нэгэн үүнийг ёс суртахуунгүй, садар самууныг сурталчилсан гэж харааж зүхэх байх.
Гэхдээ далд байлаа гээд буурахгүй зүйлийг ил болгож бууруулах нь сайн сонголт байж мэднэ шүү. Адаглаад биеэ үнэлэгч нараас бэлгийн замын өвчин тарахгүй болно. Түүнчлэн бусдын биеийг үнэлүүлж, ашиг хонжоо хайгчид эрс багасна.
Тиймээс иргэд гадаа зогсож байгаа баталгаагүй “бараа” бус эрүүл мэндийн шинжилгээнд орсон эрүүл “эмэгтэйг” сонгох байх. Мөн ойрын эх сурвалжийн мэдээлснээр өдгөө гадаа байрлаж буй биеэ үнэлэгч нар бүгд эзэнтэй гэгддэг. Өөрөөр хэлбэл эл сүлжээнээс гарч чадахгүй мөнхийн “боолчлолд” байдаг аж.
Тодруулбал, бусдын биеийг үнэлүүлж орлогыг нь өөрсдөө хүртээд зогсохгүй эрхшээлдээ байлгаж эл ажлаас хөндийрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэггүй байна. Тиймээс бугшсан замбараагүй, бусдаар дамжуулж мөнгө саадаг этгээдүүдтэй “өвөрмөц хуулиар хатуу тэмцэх хэрэгтэй.
Мэдээж хэрэг зах зээлийн хуулиар хэрэгцээ буюу биеэ үнэлэгч авах хүмүүс байгаа учраас нийлүүлэлт хэвийн хангагдаад буй. Тиймээс энэ их урсгалыг төсөв рүү чиглүүлж чадвал төрийн хуулийг дэвсэлж байгаа бусармаг амьтадтай зууралдалгүй хөнгөхөн цэгцэлчих боломж харагдаад байна.
Гэтэл манай улс далдуур хүн худалдаалах наймааны цөм болчхоод байгаа нь эмгэнэлтэй. Сүүлийн 2-3 жилд интернетээр биеэ үнэлэх болон хүний наймааны золиос болсон үзэгдэл олон гарах болсныг албаны эх сурвалжууд онцолдог.
Харин хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаагаар 2003 оноос хойш зөвхөн хүний наймаанд өртсөн гэх 487 хохирогч байгааг тогтоосон байдаг. Харин ил болон далд, интернетээр биеэ үнэлж байгаа иргэдийг тоолбол “ирээдүйд эхнэр олдох нь уу” гэх нь эргэлзээгүй шүү.
Тиймээс биеэ үнэлэх явдлыг хуулиар хамгаалж, эрээ цээртэй болгох эсвэл өнөөдөр тэдний эсрэг үйлчилж байгаа хуулийг эрс тэс өөрчилж, чанга хатуу болгох “хутга” хоолойд тулах шиг.
А.Чилүгэн
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих