Хонгорынхон шиг бай л даа, Багахангайнхан
Саяхан даа, нийслэлийн Багахангай дүүрэгт хэсэг хүн хорт хаягдал аваачиж хаясан хэрэг гарав. Оршин суугчид нь бөөн юм болов оо. Биднийг хордуулах гэж байна, хоёр дахь Хонгор болгох нь энэ тэр гээд л. Харин албаны хүмүүс “Тийм юм байхгүй” гээд л тайлбарлаж харагдсан. Тэгээд бодоод байсан чинь Багахангайнханд хандаж “Ямар сүртэй юм” гэж хэлмээр санагдчихлаа. Хэдэн жилийн өмнө “Хонгорынхон хордлоо” гээд л сүйд болсон. Одоо тэгээд дасан зохицоод, амьдарч л байгаа биз дээ. Тийм байхад Багахангайн иргэд яав л гэж. Тэгээд ч холбогдох албаны хүмүүс нь асуудлаа мэдэж байгаа болоод л тэнд аваачиж хиймийн хог асгасан биз. Юу гэж л эндэхийн хүмүүсийг хордуулъя гэж бодох вэ дээ. Сүржигнээд байх юм юу байна аа. Манайхан туйлшрах дуртай хүмүүс. Дорноговьд ураны хайгуулын үйл ажиллагаанаас болоод хэдэн тугал үхлээ гээд л. Цөмийн энергийн газрынхан, Мал эмнэлэг үржлийн газрынхан гээд холбогдох хүмүүс нь очоод “Тийм юм байхгүй” гээд л дүгнэлт гаргачихсан шүү дээ. Худлаа хэлээгүй л байж таарна. Тэнд үйл ажиллагаа явуулж буй компани нь хүртэл өч төчнөөн л удаа мэдэгдэл хийсэн. Ямар ч хууль бус зүйл байхгүй байгаль орчныг хордуулсан үйл ажиллагаа явуулаагүй гэж ирээд л. Манай улс цаашдаа ураныг шар нунтаг хэлбэрээр экспортолно гэж ярьж буй. Мэдээж цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй. Дэлхийн улсуудад байгаа ураны шар нутгийн хэрэглээг хангаад хэдэн цаас олох юм гэсэн. Эсэргүүцэх хэрэг юу байна аа. Мөнгө хэрэгтэй биз дээ, бидэнд. Тэгээд ч Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан үнэхээр хордсон бол одоо ямар байх билээ. Гэтэл яагаа ч үгүй л байна. Малчин н.Норсүрэн гуайн 20 тугал үхсэн. Дахиад хүн мал хордсон зүйл байхгүй л байна. Тэгэхээр хордсон, хордоогүй гэж дэмий хэрүүл хийх хэрэг байна уу. Хэрүүл хийлээ гээд ямар үхсэн мал босоод ирчих юм биш. Багахангайн иргэд ч гэсэн, ялгаагүй. Худлаа сүр бадраагаад л. Хонорынхон шиг л байл даа.
Л.Энхдэлгэр
URL: