МҮОНРТ-ийн хараат бус байдал хангалтгүй гэж дүгнэлээ

55801_108662Олон нийтийн радио, телевизэд хараат бус байдлын талаархи хууль бүрэн хэрэгжихгүй байгааг тус газарт хяналт явуулсан Ажлын хэсэг дүгнэжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Олон нийтийн радио, телевизэд зарим хуулийн хэрэгжилттэй танилцсан дүнгийн тухай байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг сонсов. Ажлын хэсгээс гаргасан илтгэх хуудас, дүгнэлтэд Олон нийтийн радио, телевизэд нэвтрүүлэгт нөлөөлөх гэсэн оролдлого арилаагүй, тус байгууллагын үйл ажиллагааны талаар хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар далд сурталчилгаа буурахгүй байгаа, түүнчлэн өөрийн бие дааж бэлтгэсэн нэвтрүүлгийн хэмжээ өмнөх оныхоос буурсан атлаа ивээн тэтгэгчийн зардлаар хийсэн нэвтрүүлэг өссөн, удирдлагын бүтэц нүсэр, хэт төвлөрсөн байдалтай байгааг дурдсан байна.
Ажлын хэсгийн гишүүн М.Батчимэг гишүүдийн асуултад хариулахдаа, “Олон нийтийн радио, телевизэд хараат бус байдлын талаархи хуулийн заалтын хэрэгжилт бүрэн хангалттай биш байна гэж ажлын хэсэг үзсэн. Ялангуяа олон нийтийн Үндэсний зөвлөл нь ерөнхий захирлаасаа хараат байгаа нь ноцтой асуудал юм. Иймээс зөвлөлийн статусыг тодорхой болгох ёстой. Энэ байгууллагын тухайд радио, телевиз, Үндэсний зөвлөл нь бүгдээрээ ганцхан хүний гарт төвлөрсөн. Энэ нь хууль эрх зүйн зохицуулалт, бас Үндэсний зөвлөл нь санаачилга муутай ажиллаж байгаатай холбоотой юм” гэсэн хариулт өгөв.
Мөн гишүүн Р.Бурмаа “Үндэсний зөвлөл хуульд байхгүй гэдгээр шалтаглан санаачлагагүй ажиллаж байна. Гэтэл тэдэнд их боломж бий. Уг нь ажлын хэсэг Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд дүгнэлт гаргах ёстой байсан юм” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Гишүүн С.Дэмбэрэл ч ийм бодолтой байгаагаа хэлэв. Ажлын хэсгийн санал дүгнэлт, байнгын хорооноос олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, менежментийн багийн удирдлагад өгөх зөвлөмжийн төсөлтэй холбогдуулан Г.Батхүү, Ж.Батзандан, Су.Батболд, М.Энхболд, Л.Цог, С.Баярцогт, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүд үг хэллээ.
Ингээд байнгын хорооноос Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд зөвлөмж хүргүүлэхээр тогтов. Уг зөвлөмжид Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, Үндэсний зөвлөл, телевиз, радио, редакци, уран бүтээлчдийн хараат бусаар ажиллах үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангахад гол бодлогоо чиглүүлэх зэрэг асуудлыг тусгаж, дөрөвдүгээр улиралд байнгын хорооны хурлаар хэлэлцэхээр болов.
Мөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийг байнгын хорооноос байгуулахаар тогтлоо.

Н.Гантуяа

МОНЦАМЭ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих