Лицензийн наймаанд гаршсан Р.Бадамдамдин тэргүүтнүүд Хургатай хайрханыг “Aspire Mining”-д “зарсан”гэв үү
УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин. УИХ-ын гишүүн байхдаа чуулганы танхимд барагтай бол харагдаггүй байсан тэрбээр Монголын төрд бол нүүртэй эрхмийн тоонд ордог. Тэрбээр 1996-2000, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, 2004-2006 онд Төсвийн болон төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байгаад төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирлаар томилогдож асан гээд тоочоод байвал хэдэн ч хуудас дүүргэж мэднэ. Даанч Канадын “Хан ресурс” компанитай холбоотой олон улсын шүүх дээрх зарга, цөмийн хаягдал булшлах тухай яриа хөөрөө гээд ноцтой хэд хэдэн асуудлаас болж “Мон-Атом” төрийн өмчит компанийн захирал гэсэн албан тушаалаасаа хагацсан. Гэхдээ энэ бол түүний хувийн болоод бизнесийн намтар түүхийн өнгөн тал. Харин ухаж төнхөөд гүнзгийхэн шагайвал түүнд болон түүний хүүд олон “но”-той асуудал бий.
Тухайлбал, түүний хүү Б.Баттүшиг орос ах нарын нээж, ашиглаад 1990-ээд оны эхээр Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын гэрээгээр лацадсан гэх холимог металлын үйлдвэрийг лиценз нэрээр авч улмаар өөрийн мэдлийн “Азиадалайфарист” гэдэг компаниараа дамжуулан эл ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанидхудалдсан гэдэг юм билээ. Гэвч өнөө компани Монгол Улсын өчнөөн төчнөөн хуулийг зөрчөөд одоо хуулийн байгууллагаар шалгуулж байна. Үүнд мэдээж аавын нөлөө асар их байсан гэх. Тэгвэл тэдний гадныханд зарсан гэх орд үүгээр дуусахгүй юм байна. Тодруулбал, тэрбээр Хөвсгөл нутгийн хойморт байх Могойн голын нүүрсний ордоос хумсалж аваад үнэ хүргэн австраличуудад зарсан мэдээлэл байна. Энэ бүх үйл явдлын нууц ноёнтон нь бас л Р.Бадамдамдин гэх мэдээлэл байгаа. Эх сурвалжийн өгүүлснээр тэрбээр Монголын төдийгүй дэлхийн диваажин гэгддэг Хөвсгөл нутгийг гаднынханд зарахын тулд эрх дархаа ашигласан хэмээж байгаа юм. Тодруулбал тэрбээр сүүлийн үед хэвлэлийн хуудсыг чимэх болсон “Хургатай хайрхан”-ыг хоёр жилийн өмнө Австралийн “Aspire Mining” гэх компанид “зарсан” гэж байна. Гэхдээ яг ямар арга замаар, хэрхэн зарсан нь тийм ч тодорхой бус. Их л заль хэрэглэсэн гэдгийг онцолж буй юм. Тодруулбал, одоогоос хэдэн жилийн өмнө “Хөвсгөл нутагт Овоот гэх асар их нөөцтэй нүүрсний ордыг илрүүллээ” гэсэн мэдээллийг цацаж, түүнийг нь манайхан сүр дуулиантай хүлээж авсан. Гэтэл өнөөх үйл явдлыг ухаж төнхөөд үзтэл Овоот гэх тэрхүү орд нь Хөвсгөлийн Могойн голын нүүрсний уурхайн нэг хэсэг болж таарсан ба тэр ч бүү хэл улсын нөөцөөр хөрөнгийг нь тогтоогоод ашиглахад бэлэн болгочихсон байсан юм билээ гэдгийг энэ салбарынхан өгүүлдэг. Харамсалтай нь, манайхан үүнийг дэндүү хожим мэдсэн ба өдгөө хэн гэдэг аавын хүү монголчуудыг хулхидаад эх нутгаа зарж орхисон юм бол гэх эрэлд гарсан. Гэтэл тэрхүү эрхэм нь “Мон-Атом”-ын захирал асан Р.Бадамдамдин болоод түүний хүү байж таарч байна. Тэр ч бүү хэл тус компанийн ТУЗ-д байдаг цорын ганц монгол хүн гэх С.Ган-Очир “Манай компанийг үүсгэн байгуулсан хүмүүс дотор Р.Бадамдамдингийн хүү бий” хэмээн эрлийн үзүүрийг мухарласан байдаг юм. Тэгэхээр Монгол Улсад цөмийн хаягдал булшлах асуудалд үнэтэй хувь нэмэр оруулсан гэх хэл аманд орооцолддог Р.Бадамдамдин болон түүний хүү тун овсгоотой бас мэдрэмжтэй загнаж, төрийн хөрөнгөөр 100 хувь хайгуул хийн нөөцийг нь тогтоосон Могойн голын нүүрсний уурхайн талыг Австралийн “Aspire Mining” гэдэг компанид зарсан байж болохоор байгаа биз. Хамгийн ноцтой нь өнөөдүүл нь ашиглалтын бус хайгуулын лицензтэй уг ордыг барьцаалан, шархаа нөхөхийн тулд тун овжин арга ашиглан Австралийн хөрөнгийн биржид Овоотын ордыг барьцаалан IPO хийсэн гэж байгаа. Зарим эх сурвалжийн өгүүлснээр энэ нь манайхны хийж заншаад буй том луйвар, тодруулбал, талбайн нэрийг нь өөрчлөөд зарж орхидог лицензийн бохир наймаа юм гэнэ.
Австралийн “Aspire Mining” гэх компанийн тухайд Хөвсгөлийн оюутнууд дунд хааяа нэг тэтгэлэгт хөтөлбөр зарлахаас хэтэрдэггүй. Тэгсэн атлаа Монголын хойморт эзэн суугаад удаж байна. Иймээс бид энэ тухай мэдээллийг уншигчдадаа дахин мэдээлж “Хургатай хайрхан”-ыг зарсан болон авсан монгол болон австрали эрхмүүдийн талаархи мэдээллийг хүргэх болно.
А.АРИУНГЭРЭЛ
Нийгмийн толь
Үргэлжлэл бий
URL: