“Орчлон” констракшныг шалгаж байна
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо “Орчлон” хорооллын 41 дүгээр байрны зүүн талын фасадны хэсгийн дулаалга 1-10 давхар хүртэл шатаж, 4-10 давхарын таван айлын тагтан дээр эд зүйл шатаж, гал тарсан байжээ.
Уг гал дээр Аврах гал унтраах 18,10, 26, 29 дүгээр ангийн гал унтраах тасгууд, ажиллан галыг унтрааж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, амь биеийг нь аварсан байна.
Уг мэдээллийн дагуу “Орчлон” хороололд очиж гал гарсан газартай танилцлаа.
Тус 41 дүгээр байрны нэгээс арван давхрын хооронд гал гарсан бөгөөд хоёр оршин суугчийн гэр нэлээд их хэмжээний галд өртсөн байлаа. 41 дүгээр байрны шатсан хэсгийг цэвэрлэгээ хийж тууз татсан байлаа. Одоогоор гал юунаас болж гарсан нь тодорхойгүй байгаа аж.
Тус “Орчлон” хорооллын Сууц өмчлөгчдийн холбооноос очиж асуух гэсэн боловч дарга нь байцаагдах гээд явсан үүд хаалга нь түгжээтэй нэг ч хүн байхгүй байлаа. Шатсан айлуудын хажууд талын айлууд тортог болсон цонх, тагтаа угаагаад цэвэрлэгээ хийж байлаа. Гэр нь галд хүчтэй өртөж амьдрах боломжгүй болсон эд хөрөнгөөрөө хохирсон хоёр айл байгаа аж. Гэвч тэдгээр айлуудын эзэд нь одоогоор алга байгаа гэнэ.
Оршин суугчдын ярьж байгаагаар “Дөрвөн давхрын айлаас гал гараад хоромхон зуурт хөөсөнцөр хавтанд гал авалцаж байр шатаж эхэлсэн” гэж байлаа. Харин дөрвөн давхрын айлын орон сууц галд бүрэн автаж эд хөрөнгө нь их хэмжээгээр шатсан ч тав болон зургаадугаар давхрын айлуудын цонхон хэсэг нь шатсан байгаа юм. Гэтэл найман давхрын айлын эд хөрөнгө нэлээд их хэмжээгээр шатсан байгаа нь хачирхалтай юм. Энэ галын шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна.
Гал гарсан Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах “Орлон” хорооллын 41 дүгээр байрны 189 тоотод оршин суугч Н.Батжаргал: ТОРТОГЖИЛТ ИХТЭЙ ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭЭД Л СУУЖ БАЙНА
-Нэгээс арван давхрын айлуудын орон сууц галд өртсөн. Гал комманд 30-40 минутын дараа ирж галыг унтраасан. Одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. СӨХ-ноос ямар ч мэдээлэл өгөөгүй байна. Гэр маань бохирдол ихтэй байгаа учир цэвэрлэгээ хийгээд л сууж байна. Гал гарах үед гэрт нь хүн байгаагүй айлуудын эд зүйлсийг гаргасан. Барилгын ханыг хөөсөнцөрөөр хийсэн нь гал хурдан тархахад нөлөөлсөн гэж бодож байна. Их муу хийсэн болохоор л хурдан шатсан байх даа. Гипс, хөөсөнцөр чинь маш хурдан шатдаг юм байна билээ. Одоогоор гэрээ сайн цэвэрлэхгүй бол хүн суух аргагүй болтлоо тортогтой угаартай байна. Зарим айл нь хамаатан садныдаа байгаа сурагтай байна. Оршин суугчдын зүгээс “Орчлон” хотхоны удирдлагууд буруутай гэж хэлж чадахгүй байна. Ямартай ч дөрвөн давхрын айлаас эхэлж гал гарсан.
Одоогоор гал гарсан шалтгааныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр тасаг дээр хэргийг шалгаж байгаа аж. Ингээд тус Цагдаагийн нэгдүгээр тасгийн Ахлах мөрдөн байцаагч Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбаяраас энэ талаар тодрууллаа.
Цагдаагийн дэд хурандаа Д.Мөнхбаяр: ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ 14 ХОНОГИЙН ДАРАА ГАРНА
-Одоогоор бүх зүйл мөрдөн байцаалтын шатанд явж байна. Ажлын хэсэг гараад шалгалт хийж байна. Одоогоор ийм тийм гэж хэлж болохгүй байна. Шүүхийн шинжилгээний байгууллага гарч энэ бүгдийн хариуг гаргаад нэгдсэн мэдээллийг хийнэ байх гэж бодож байна. Бид одоогоор гэрч хохирогчийнхоо мэдээллийг цуглуулж байна. Гарсан түймэр нь иргэдэд томоохон сануулга болж байна. Тус байрыг барьсан “Орчлон”-г бас шалгаж байгаа. Онцгой байдлын ажилчдын зүгээс хэлж байгаагаар оршин суугчид угаарт автах өндөр магадлалтай байгаа тул түр өөр газар оршин суухыг сануулсан байгаа юм.
Э.Баясгалан
URL: