Хуурамч дуудлаганд явах зуур хоёр хүн хорвоогоос хальжээ

“Байна уу, Эмч ээ. Эмээгийн минь бие муудаад байна. Гэнэт л сонин болчихлоо. Хурдан ирээрэй Болохоо байлаа шүү.”

“Битгий сандар. Гэрийнхээ хаягыг тодорхой хэлээрэй. Одоохон эмч яваад очно.”

“Шархадны эцэс. Замын баруун талын өргөн гудамжаар яваад, хойшоо эргээд хэсэг яваад, зүүн талын гудамжаар ороод, долдугаар гудамжны 28 дугаар хаалга шүү. Хурдан ирээрэй. Дид дид.. хэмээн утас тасрав.

“6831 байна уу Төвөөс ярьж байна. Яаралтай дуудлага ирлээ Настай хүн харвасан бололтой.

“За ойлголоо. Хаяг нь”

“Шархадны эцэст. Баруун талын өргөн гудамжаар яваад хойшоо эргээд хэсэг яваад зүүн талын гудамжаар ороод долдугаар гудамжны 28 дугаар хаалга гэсэн. За хурдлаарай”

Майхан толгойгоос түрүүний дуудлага өгсөн хүн байна. Хурдан ирээч ээ. Энд хүн үхэх гээд байна Та нар үхчихвэл арыг нь даах юмуу. Маргааш та нарыг дарга нарт чинь хэлнэ. Бараг цаг гаруй хугацаа өнгөрчихлөө.

-Та битгий бухимд. Наанаас чинь машин очиж байгаа. Дуудлага өгөөд 20 минут ч болоогүй байна шүү дээ. Зуслан болохоор бага зэрэг хугацаа алдаж байгаа байх

-Дарга нартай чинь ярихаар яахыг чинь харнаа…

Энэ мэт дуудлага бараг тасралтгүй үргэлжилнэ. Энэ удаагийн шөнийн сурвалжлагаа бид хүний амийг үхлээс аврахын тулд өвсөн дотроос зүү олох мэт айл гэрийг олдог Яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нарын нэгэн шөнийн амьдралыг сурвалжиллаа. Сурвалжлагаа хүргэхийн өмнө сайнаасаа илүү муу нэр зүүдэг алтан гарт эмч, сувилагч нарын хүний төлөөх тэр тусмаа бусдын халуун амины төлөө өөрийгөө золин ажилладаг сэтгэл, зүтгэлийг магтмаар байна.

ТА НАРЫН ХЭРЭГ БАЙХГҮЙ МАНАЙ ХҮН ЗҮГЭЭР БОЛЧИХСОН

18:30 цаг “Яаралтай түргэн тусламжийн төв 103″ гэсэн бичигтэй цагаан машинууд бүгд иржээ. Энэ өдөр 25 машин 60 гаруй эмч сувилагч нар ээлжинд гараад байгаа нь энэ аж. Тэд оройн цайгаа уухаар ирээд буй нь энэ. Энэ үеэр л тэдэнтэй уулзаж, нэг машинд нь суугаад дуудлаганд явах боломжтой юм билээ. Харин бусад үед бол алсын зайны станцаар л төвөөсөө дуудлага аваад алга болж өгдөг аж. Гал тогооны зааланд улаан өнгийн хувцастай эмч, сувилагч, жолооч нар эгнэн суучихаад хоорондоо бараг юу ч ярилгүй шөлтэй хоолоо шор шор хийн сорж уралдах шахам идэх нь харагдав. Бүгд л нэлээд өлссөн бололтой байсан. Тэд ийнхүү хоолоо уралдан идэж байгаа нь арын дуудлагандаа яарч байгаагийн шинж. Хэрэв хоолны цагаасаа хоцрох юм бол тэр өдөр тэд мацаг барина л гэсэн үг. Яагаад гэвэл орой 19 цагаас хойш дуудлага эрс нэмэгдэж, хоол ч идэх завгүй явдаг юм билээ. Ийнхүү 30 гаруй минутын дараа эхнээсээ ажилдаа гарсан байв. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт дуудлаганд явах Н.Жамсран жолоочтой Ж.Өнөржаргал эмчийн багт багтаж, шөнийн дуудлагад явахаар болов. Бидний эхний дуудлага бол Майхан толгойн зуслан. 50 гаруй настай эмэгтэй ухаан алдаж ойчоод үхэхгүй байгаа хэмээх дуудлага байв. Хотын төвөөс 25 км зайд орших уг газарт очих гэж жолооч салхи татуулан давхиж гарлаа. Дуудлага өгч байгаа хүний хэлж буйгаар бараг л амь тавих гэж байгаа хэмээн хэд хэдэн удаа сандран залгасан учир ийнхүү яаран давхиж байгаа нь энэ. Хойш Долоон буудал руу явдаг замаар дохиогоо хангинуулан давхиж гарлаа. Арав гаруй минут давхиж Майхан толгойн гүүрэн дээр очлоо. Гэтэл нөгөөх дуудлага өгсөн хүн байдаггүй. Уг нь бол энэ үүдэн дээр хүлээж байна гээд хэд хэдэн удаа залгасан юм. Дуудлага өгсөн утас руу нь залгаж үзлээ. Хэсэг дуудуулж байснаа эрэгтэй хүн авав. “Байна уу. Түргэн тусламжийн төвөөс ярьж байна. Гүүрэн дээр ирчихлээ”. “Одоо хэрэггүй ээ. Та нарыг харж байна дээрээс чинь. Эндээ өөрсдөө аргалчихсан. Та нарын хэн эмч гэдэг юм. Та нарын хэрэг одоо байхгүй” гээд утсаа салгачихав. Нэлээд согтуу байгаа бололтой байв. Ингээд л дуудлага талаар болж шал дэмий 20 гаруй км явж цаг зав, шатахуунаа үрэн давхисан болж хувирав. Ийм хуурамч дуудлага олон ирдэг гэсэн.

Дараагийн дуудлага биднийг хүлээж байлаа. 70 гаруй настай Цэнд гэх хөгшин сэрэхгүй байна хэмээн Шар хадны эцсийн автобусны буудлын орчимд амьдардаг айл дуудуулсан юм. Гэрийнх нь хаяг уг нь тодорхой байгаа. Гэвч нөгөө гайхал хаягжилт байхгүй учир өвсөн дотроос зүү хайх шиг л юм болов. Хаалга болгон хаяг байхгүй байлаа гэж бодоход ядахдаа гудамж болгон дугаартай болохгүй бол дуудлага өгсөн айлаа олох гэж хамаг цагаа барах юм билээ. 20 гаруй минут төөрөв. Урд гудамж нь 18 дугаар гудамж гэсэн хаягтай. Харин арын гудамж нь зургадугаар гудам. Ийм толгой эргүүлсэн хаяг хотын захын хороо болгонд байдаг юм билээ. Ингээд арай гэж нөгөөх айлаа олж очлоо. Дөрвөн ханатай гэрээр дүүрэн хүмүүс байв. Юу болсон талаар тэднээс лавлахад 16:20 цагийн үед унтлаа гэж хэвтээд сонин болчихсон гэнэ. Хурхираад байгаа юм шиг. Сэрээх гэсэн болоогүй гэнэ. Тэгээд л хоёр цаг гаруй биеийнх нь байдлыг харж байгаад дуудлага өгсөн юм байх. Эмч үзлээ. Хэсэг чимээгүй үзэж байснаа “Цэнд гуай бүтэн харвасныг гэрийнхэнд нь дуулгалаа. Тэгээд “Жоохон л удсан бол бүр балрах байж” гээд баахан тариа бэлдэж гарлаа. Нэлээд сандарсан байдалтай таван төрлийн тариа гаргаж ирээд найруулах нэгийг нь найруулаад тарив. Тэгээд хэрэгцээтэй бүх тариаг нь хийчихлээ. Та нар одоо сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Хөдөлгөж болохгүй шүү. Мэдрэлийн эмч дуудаад үзүүл. Өөр авах арга хэмжээ алга” хэмээн хэлж, дуусаагүй байтал гэрт байсан бүх хүмүүс уйлж гарлаа.

“Эмчээ, ээжийг минь авар. Эмээг минь авар. Одоо сэрнэ биз дээ” гээд л уйлцгаав Цаг хугацаа нэлээд алдсан. Бүтэн харвасан. Нас өндөр болсон учир тус өвчтөн эргээд эмчилгээ авч хөл дээрээ босох найдлага бага болсон гэдгийг эмч гарч явахдаа гэрийн эздэд ойлгуулсан. Тэд биднийг явах үед бүх хамаатан садангаа дуудаж байлаа. Дараагийн дуудлага таван сартай жирэмсэн эмэгтэйн гэдсээр хатгуулж өвдсөн гэх дуудлага 16 дугаар хорооллын 31 дүгээр байранд очлоо. Гурван давхрын хаалгаар ортол мөн л гэрт байсан бүх хүмүүс уйлчихсан зогсож байв. Эмч жирэмсэн бүсгүйн гэдсийг барьж үзээд “Шууд л яаралтай хувцсаа өмс. III төрөх орно” гэлээ. Хоёр өдөр гэдэс нь базалж өвдсөн гэнэ. Гайгүй байх гээд эмчид үзүүлэлгүй мөн л цаг хугацаа алдсан аж. Шуурхай арга хэмжээ авахгүй бол хүүхэд нь зулбах аюултай болсон байжээ. Ийнхүү III төрөх эмнэлэг орлоо. Гэтэл нөгөөх эмэгтэй бичиг баримтын зөрчилтэй учир жижүүр эмч авахгүй гэж хэсэг гүрийв. Арга буюу эмч биеийнх нь байдлыг танилцуулсан учир хэвтүүлэхээр болсон юм. Тэндээсээ Яаралтай түргэн тусламжийн төв дээр очлоо. Дараагийн түргэний машиң буюу Н.Дөлбадрах эмчийн машинд суун Баянзүрх дүүргийн XII хороо 15 гудамжны 321 тоотод өгсөн дуудлагын дагуу явлаа. Мөн л төөрч, төөрч арай гэж нөгөөх айлаа олов. Гэтэл гэрт нь орж үзлэг хийх ямар ч боломжгүй байлаа. Учир нь тэр дотор хүмүүс бүгд согтуу хоорондоо зодолдож хутга шөвгөндөө хүртэл тулчихсан байв. Хар цамцтай залуу гар чирээд “Та нарыг ална шүү. Наадуул чинь шийдчихсэн гарууд. Зүгээр толгой нь бага зэрэг л хагарчихсан байгаа” гэв. Харин хашаан дотор “Мөнхөө чамайг ална. Чи чадах юм уу. Хүрээд ир. Боль л доо та нар” хэмээн хашгирах нь сонсогдов. Энэ үед хэн нэг нь цагдаа дуудсан бололтой. Хөдөлгөөнт эргүүлийн машин таван минутын дотор л давхиад ирлээ. Гэрт бөөн архидалт болжээ. Гэрийн эзэгтэй бололтой эмэгтэйн толгой хагарч, нүүр лүү нь цус урссан байгаа харагдав. Харин Батжаргал гэж өөрийгөө танилцуулсан эрэгтэйн гуяыг хутгалж, гэмтээсэн тул түүнийг аваад бид Гэмтлийн эмнэлэг рүү явлаа. Замдаа архи нь нэлээд гарсан бололтой “Хөл өвдөөд байна аа” гээд уйлан алдан дуугарах аж. Ингээд нөгөөх өвчтөнөө эмнэлэгт хүргэж өглөө. Мөн хэд хэдэн гэрийн хаягаа мэдэхгүй иргэн утасдаж тусламж хүссэн гэнэ. Тэр болгонд л гэрийг нь хайж өөрийнхөө гар утаснаас дуудлага өгсөн утас руу залгаж явсаар гэрийг нь олж очдог юм билээ.

“МИНИЙ ОХИН НАМАЙГ ХУТГАЛЧИХЛАА ЭМЧЭЭ ҮХЛЭЭ”

Дараагийн дуудлага Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо. Бүр Чингэлтэй дүүргийн эцсийн буудлын замын баруун талын уул руу явав. Тэр хавийн айлууд хаяг байхгүй учир дохиогоо асаан хэсэг явлаа. Гэтэл нөмгөн дээлтэй эмэгтэй гүйгээд ирэв. Түүнийг суулган гэр пүү нь хөдөллөө. Гэвч машин очиж болохооргүй уулан дээр байдаг учир наанаас нь явган мацсан юм. Биднийг дагуулж явсан эмэгтэй Ээж архи уугаад өөрийнхөө гарыг зүсчихлээ” гэхээс өөр юу ч ярьсангүй. Гэрт нь яваад орлоо. Гэрийнх нь шалаар цус болсон байгаа харагдав. 50 гаруй настай болов уу гэмээр эмэгтэй гараа барьчихсан зогсож байлаа. Тэрбээр “Миний охин намайг хутгалчихлаа. Би үхлээ эмчээ” гээд уйлж гардаг юм байна. Эмч шархыг нь цэвэрлээд бинтээр боож өглөө Ээжийгээ агсам тавиад байхаар нь айлгах гэж байгаад л гарыг нь хутгалчихсан гэдгээ ч нөгөөх эмэгтэй хэлж байсан юм. Мөн л хөдөлгөөнт эргүүл дуудаж учир байдлыг нь танилцуулаад хөдөлсөн юм.

Ингээд Баянзүрх дүүргийн XIV хороонд очлоо. Тус газарт согтуу хүн ухаангүй хэвтэж байна гэх дуудлага ирсэн юм. “Нарантуул” захын арын гудамжинд хэвтэж буй түүнийг хамт явсан хүмүүс нь тасарчихаар нь хаяад явсан байжээ. Өөрийгөө хэн гэдгийг ч танилцуулах чадваргүй болтлоо согтсон тэрбээр өмдөндөө “морь харчихсан” байв. Хэрэв өвөл байсан бол хөлдөөд амь насаа алдах нь ойлгомжтой. Цагдаа дуудлаа. Удалгүй цагдаа нар ч давхиад ирэв. Гэвч биеийнх нь байдал тааруу байгаа юм шиг байна. Эрүүлжүүлэхэд хийчихээр ийм хүмүүс нас барчихдаг юм. Эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй” гээд яваад өглөө. Ийм хүмүүс түргэн тусламжийн төвийн эмч нарын ажлыг нэлээд уядаг ёстой л шүдний өвчин нь гэсэн. Нөгөөх согтуу эрийг машиндаа суулган хөдөллөө. Амьдаараа үмхийрчихсэн гэмээр тэр эрээс эвгүй үнэр хамар цоргин үнэртэх аж. Түүнийг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр аваачиж өглөө. Түргэний ээлжийн эмч, сувилагч нарыг иргэд дуудлага өгөхөөсөө тусламж аваад гаргатлаа загнаж, элдвээр хэлдгийг эмч нар ярьж байсан юм.

Ийнхүү явсаар нэг мэдэхэд үүр цайчихсан байв. Дуудлага багассан гэдгийг төвөөс мэдэгдсэн юм Энэ шөнө ээж, хүү хоёр гэртээ угаартсан, найз залуугаа айлгах гэж худлаа ухаан алдаж эмч дуудсан гэх зэрэг хоосон дуудлага хэд хэд ирсэн. Мөн эхнэрийн минь толгой өвдөөд байна гэнэ. Одоо ажлаасаа тарж яваа гэсэн. Гэрийн үүдэн дээр хүлээж байгаад үзчих Эмнэлэгт хэвтэх гэсэн юм унаа байдаггүй машинтай юм чинь ирээд авчих. Өдөр хэвтэх бичгээ эмнэлгээс авчихсан юм гэх зэрэг дуудлага хүртэл ирдэг юм байна. Ийм хоосон дуудлагын араас цаг заваа барж байх хооронд хоёр хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан юм. Энэ шөнө 500 гаруй дуудлага ирсэн гэдгийг төвийн жижүүр эмч хэлж байсан юм. Нэг дуудлаганаас нөгөө дуудлага руу яаран давхиж, эмнэлгийн тусламж хэрэгтэй иргэдийн амь нас, эрүүл мэндэд анхны тусламж үзүүлдэг түргэн тусламжийн эмч нарын нэг шөнийн ажил иймэрхүү дүр зурагтай байх аж.

Э.ХҮРЭЛБААТАР


URL:

Сэтгэгдэл бичих