“Намирын эзэд”-д бичил уурхай эрхлэх боломж хомс байна

big_ubs58985Сүүлийн жилүүдэд Увс аймгийн Өмнөговь суманд гар аргаар алт олборлох үйл явц даамжирсан. Энэ талаар шинээр сонгогдсон Засаг дарга Р.Төмөрчөдөртэй ярилцлаа.

-Танай суманд хавар хэр болж байна. Мал төллөөд дуусчихсан уу?
-Манай сумын мал сүрэг төллөөд дуусчихсан. Том малын зүй бусын хорогдолгүй, төлөө 98 хувьтай бойжуулсан сайхан мэдээтэй байгаа.
-Алт олборлох үйл явцтай сүрхий тэмцэж байгаа гэж сонслоо. Энэ асуудал юу болж байна?
-Манай сумын Цэрэнцэг, Салхит, Орлогын гол зэрэг алтны илрэц бүхий газарт иргэд гар аргаар алт олборлож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг явдал олон жил давтагдаж ирсэн. Энэ оны 3 дугаар сарын 18-нд сумын Засаг даргын захирамж гарч Цэрэнцэгийн алтан дээр байсан 800 орчим иргэнийг цагдаагийн хүчээр албадан буулгалаа. Үүнээс хойш Цэрэнцэг, Салхитын алтан дээр хоёр газар пост гарган ажиллуулж байна.
Манай суманд гар аргаар алт олборлож, амьдрал ахуйгаа авч явдаг 250 орчим иргэд байгаа. Эдгээр хүмүүс “Бид Намирын эзэд” гэсэн ТББ байгуулж тамга тэмдэг, гэрчилгээгээ албан ёсоор авсан. Тавдугаар сарын эхээр Улаанбаатарт болох Бичил уурхайчдын зөвлөлгөөнд манай сумаас тус ТББ-ын төлөөлөл 5 хүн явах гэж байна.
Бичил уурхайн хэлбэрээр биднийг ажиллуулж өгөөчээ гэсэн хүсэлт иргэд тавьсны дагуу сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, газрыг тусгай хэрэгцээнд авч сумынхаа иргэдийг бичил уурхай эрхлэх боломжоор хангахын тулд Ашигт малтмалын газарт албан хүсэлт явуулсан. Энэ хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газраас “Хайгуулын тусгай зөвшөөрөл давхцаж байгаа тул танайд бичил уурхай ажиллах боломжгүй” гэсэн дүгнэлтийг манай суманд ирүүлсэн. Иймээс манай сумын иргэд бичил уурхай эрхлэх боломж хомс болчихоод байна.
-Иргэдийн хүссэн газар бүгдээрээ хайгуулын тусгай зөвшөөрөлтэй гэсэн үг үү?
-“Бид Намирын эзэд” ТББ-ынхан маань Цэрэнцэг, Салхит, Орлогын гол гэсэн гурван газрын аль нэгэнд нь ажиллая гэсэн санал тавьсан. Сумынхаа нэг хэсэг иргэдийн хүсэлтийг гүйцээе, алтаар амьдралаа залгуулдаг хүмүүс байгаа учраас тусалж дэмжье гэдэг үүднээс сумын Засаг даргын нэр дээр хуулийн үндэслэлтэй албан тоотыг Ашигт малтмалын газарт хүргүүлсэн боловч Цэрэнцэг, Орлогын гол дээр тусгай зөвшөөрөл давхцах учраас бичил уурхай эрхлэх боломжгүй гэсэн хариу ирсэн дээ.
-Ямар компаниуд тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа талаар мэдээлэл авч чадсан уу?
-Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Kэй Би Пи” гэдэг компани Цэрэнцэг орчмын газарт 2014 оны 9 сар хүртэлх хугацаанд хайгуулын лиценз эзэмших зөвшөөрөлтэй юм билээ. Гүйцэтгэх захирал нь Болдсайхан гээд Монгол хүн байна. Орлогын гол орон нутгийн тусгай хамгаалалттай газар учраас ажиллах боломжгүй. Дээр нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Юм-Ага” гэдэг компани тусгай зөвшөөрөлтэй юм билээ. Бүр А тусгай зөвшөөрлийг 2012 оны 9 сард авсан гэсэн лавлагаа гарч ирсэн. Энэ компани 2042 он хүртэл эзэмших зөвшөөрөлтэй, эзнийх нь нэр сайн мэдэхгүй байгаа. “Юм-Ага” компани 2009 онд Орлогын голын голдиролд алт олборлолт хийх гэж байгаад Өмнөговь сумын ард иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулж үйл ажиллагаагаа зогсоож байсан. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар гарсны дараахан буюу өнгөрсөн 9 дүгээр сард тус газрыг 40 жил эзэмшихээр тусгай зөвшөөрөл авчихсан байх юм. Миний хувьд сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа эдгээр компаниудаар алт олборлуулахгүй ээ.
Салхитад тусгай зөвшөөрөл байхгүй. Улсын нөөцөд байдаг, хайгуул явагдаад дуусчихсан газар. Улсын нөөцөд авчихсан газрыг бичил уурхай эрхлүүлэхээр өгч болдоггүй юм байна.

- Пост ажиллуулах зардлыг яаж шийдэж байна?                                                          -
-Цэрэнцэг болон Салхитад гаргасан хоёр постод ирж очих бензин шатахууны зардал, хоол хүнс гээд өчнөөн зүйл орж байна. Нэг сар гаруй хугацаанд 1.5 сая төгрөг зарцуулсан. Сумын Засаг даргын тамгын газрын үйл ажиллагааны зардалд пост ажиллуулна гэсэн зардал төлөвлөгдөөгүй, санхүүгийн асуудал бэрхшээлтэй байгаа. Нутаг усаа хамгаалахын тулд пост ажиллуулахаас өөр зам байхгүй. Иймээс нутгаа гэсэн сэтгэлтэй сумынхаа аж ахуйн нэгж байгууллагууд, хувь хүмүүсийн дэмжлэгээр л болж байна даа.

Ер нь алт, алт гэсээр ядаргаанд орох нь холгүй байна. Алтны асуудал их төвөгтэй, бусад ажилдаа анхаарах завдал өгөхгүй, нэлээд хүндрэлтэй юм байна. Хаашаа харна дандаа алт ярьсан хүмүүс. Утас дуугарсан ч алт ярьж байх юм. Алт яахав, ийхэв гээд нутгийн иргэд ч бухимдалтай. Улаангом болон бусад сумдаас манайд ирж гар аргаар алт олборлодог хүмүүсийн хувьд арай гайгүй, нутаг орны захиргааны шийдвэрийг дагана гэсэн байдалтай байна.

Увс аймаг Б.Батхүү


URL:

Сэтгэгдэл бичих