Ванга эмээ дэлхий сүйрлийг урьдчилж хэлсэн үү?

Сүүлийн үед сэтгүүлчид, судлаачид ойрын хугацаанд биднийг ертөнцийн төгсгөл хүлээж байгаа гэх мэдээллийг цацах болсон билээ.

Тэд Болгарын алдартай зөнч Ванга болон түүний “залгамжлагчдын” хэлсэн зөн билгийн таамаглалыг мэдээллийнхээ эх сурвалж болгодог. Ингэхэд Ванга чухам ямар үйл явдлыг урьдчилан хэлж байсан юм бол?
“Зөнч Вангагийн залгамжлагчдын” тухай яриа хаанаас эхтэй вэ? 1996 онд Ванга нас барахынхаа өмнө түүний сүнс 10 настай охины биед орно гэж хэлсэн гэнэ. Түүнээс хойш хэвлэлүүд түүнийг “залгамжлагчийг” хайж эхэлсэн байна. Тэдний нэг нь болгар гаралтай зөнч Вили Гетова гэдэг бүсгүй юм. Тэрбээр 2002-2004 онд дэлхийн олон улсад улс төрийн хямрал, байгалийн гамшиг болно гэж бүр 19 дүгээр зууны эцсээр хэлж байжээ. Тухайлбал, тэр Оросын нутаг дэвсгэрт хүчтэй үер болохыг урьдаас хэлсэн гэнэ.

Бас нэгэн “Ванга” Францад амьдарч байна. Түүнийг Патрисия Люмо гэдэг. Жинхэнэ Ванга сохор байсан ч далдыг харах чадвартай байсан билээ. Гайхалтай нь Патрисия зөнч Вангаг нас барснаас сарын дараа сохорчээ…
Нэгэн удаа түүний төрөл төрөгсөд Парис хотод цугларах үед тэднийг ямар ч байсан зочид буудалд бууж болохгүй гэж хэлсэн байна. Учир нь тэр буудал дээр “том онгоц” унана гэжээ. Долоо хоногийн дараа тэр зочид буудал дээр “Конкорд” онгоц унасан байна.

Патрисия Вангагийн нэгэн адил нас барсан хүмүүстэй ярилцаж чаддаг ажээ. Тэрбээр “Либерасьон” сонины сурвалжлагчид ярилцлага өгч байхдаа хэдэн жилийн өмнө мотоцикл унан явж байгаад осолд орж нас барсан түүний цэргийн найз Антуаны мэндийг дамжуулсан байна.
Вангагаас өмнө орчлон дээр ийм ер бусын чадвартай хүмүүс төрж байгаагүй гэж үү? Жишээлбэл, Нострадамус, Авель эсвэл Москвагийн Матрона гэх мэт.

Ингэхэд хэн нь Вангагийн залгамжлагч болж байна вэ?

Вангагийн тухай ном бичсэн түүний ойрын хамаатан Красимира Стоянова ярихдаа эгч нь хэн нэгэнд өөрийн авьяас чадварыг өвлүүлэн өгсөн гэдгийг үгүйсгэсэн байна. Яаж ч өвлүүлэх билээ? Тийм хүмүүс төрөхдөө ийм ер бусын чадвартай байдаг.
Саяхан Японд “Фүкүшима” атомын цахилгаан станц дээр осол гарахад хүргэсэн хөнөөлт газар хөдлөлт болсны дараа олон нийт Вангагийн тухай бас дахин дурсахад хүрсэн билээ. Зөнч дараах таамгийг дэвшүүлсэн байжээ.”Цацраг идэвхт бодис алдагдсаны улмаас бөмбөрцгийн хойд хэсэгт нэг ч амьтан, ургамал үлдэхгүй”. Энэ таамаг дээр нь үндэслэн олон хүн Ванга дэлхийн сүйрлийг урьдчилан харсан гэж үзэж байгаа юм.

Үнэн хэрэгтээ Вангагийн таамаглалууд дотор Японы тухай болон тэр дундаа дэлхийн сөнөх талаар тодорхой дурдсан зүйл байхгүй. Харин 2011 онд хүн төрөлхтний ирээдүй тодорхой болно гэж Ванга тэмдэглэжээ.

Түүний сацуу Вангагийн нутаг нэгтэн болох нийгэм судлаач Величко Добриянов алдартай зөнчийн таамгуудад дүн шинжилгээ хийсэн байна. Тэрбээр Вангагийн хийсэн 99 таамагт дүгнэлт хийж үзэхэд тэдгээрээс 43 нь биеллээ олсон бол 43 нь эргэлзээтэй байсан бөгөөд 12 нь огт үндэслэлгүй байжээ. Өөрөөр хэлбэл Вангагийн дэвшүүлсэн таамгуудын 70 хувь нь “байгаа оносон” гэж хэлж болно. Магадлалын онолын хувьд энэ нь өндөр үзүүлэлт боловч түүний таамаг 100 хувь таарч байгаагүй нь үнэн юм.

“2000 он гарсны дараа ямар ч сүйрэл, байгалийн гамшиг, усан галав болохгүй бөгөөд биднийг мянган жилийн амар амгалан амьдрал хүлээж байна” гэж Ванга нэгэн удаа хэлсэн байна. Дурдсан хугацаанаас хойш хэдийнэ 11 жил өнгөрсөн бөгөөд гамшиг болоогүй жил гэж ер нь байсан уу?

Ванга зарим таамгаа учир битүүлэг байдлаар хэлсэн байдаг учраас тэр болгон тайлан унших боломжгүй байдаг тухай Красимира Стоянова ярьжээ. Зарим тохиолдолд маш тодорхой таамаг дэвшүүлдэг бол зарим нь ойлгомжгүй, тодорхойгүй байдаг байна. Сүүлийн зөгнөлүүд нь ихэвчлэн эмгэнэлт үйл явдалтай холбоотой ажээ.

Хүн төрөлхтнийг аймшигт өвчин, өлсгөлөн хүлээж байгааг Ванга маш тод харж байжээ. Маш олон тооны байгалийн гамшиг, осол болох бөгөөд олон ургамал, амьтан устаж мөхнө. Эхлээд сонгино, сармис, амтат чинжүү дараа нь зөгийнүүд устаж алга болох гэнэ. Өдгөө эрдэмтэд байгалийн тэнцвэр алдагдаж байгаа тухай ихэд санаа зовнин ярилцах болсон билээ. Гэхдээ энд цацраг идэвхт бодисын тухай нэг ч зүйл дурдаагүй байна.

Бас нэгэн таамаг бол “2018 онд галт тэрэгнүүд нарны гэрлээр ажилладаг шугамаар нисдэг болно. Газрын тосны олборлолт зогсож, эх дэлхий амрах болно” гэжээ. Энд дэлхий сөнөх тухай ганц ч үг байхгүй байна. Бид дор хаяж 2018 он хүртэл амьд байх нь ээ…
Дэлхийн сүйрлийн тухай таамаг хэнд хэрэгтэй вэ? Юуны түрүүнд энэ нь хэнд ч хэрэггүй ялихгүй дуулиан шуугианаар талхны мөнгөө олдог сэтгүүлчдэд хэрэгтэй. Мөн Вангагийн нэрийг барьж, өөрсдийгөө түүний залгамжлагчаар өргөмжлөгчдөд ч амин зуулга нь болно.

Ил тод байдлын өнөө үед хүмүүсийг сандралд оруулдаг иймэрхүү таамаглалуудыг таслан зогсоох боломжгүй юм. Энэ бүхнийг зүгээр л эрүүл ухаанаар хүлээж авах нь л хамгийн зөв юм.

Д.Жаргал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих