Ардчиллын хурал өндөрлөлөө

Ардчиллын хурал өндөрлөлөө

Манай оронд зохион байгуулагдсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар бага хурал өндөрлөлөө. Хаалтын хуралдааныг нээж Гадаад харилцааны сайд Л.Болд үг хэлсэн юм. Хурлын эхэнд АОХН-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид илтгэл тавилаа.

Хурлын төгсгөлд Ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн шагналт Ан Сан Сун Чи-д “Гремекийн шагнал” гардуулж түүнд баяр хүргэлээ. Харин тэрээр “Надад олгосон энэхүү шагнал ямар хүнд юм бэ? Гэхдээ энэ шагналаас илүү та бүхний надад өгсөн итгэл илүү хүнд шүү” хэмээв. Түүний дараачаар ардчиллын төлөө шагналыг гурван хүнд гардуулсан билээ. Тэдний нэг нь Монгол улсын Элчин сайд н.Бадрал байлаа.

Хурлыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Тэрээр АОХН-ийн хуралд хүрэлцэн ирж оролцож байгаа нийт төлөөлөгчдөд баярласнаа илэрхийлснээс гадна цаашид Монгол улс АОХН-т голлох байр суурийг барьж, идэвхтэй оролцох болно гэдгийг онцлоод АОХН-ийг даргалах дараагийн улс болох Эльсалвадор улсын Ерөнхий сайдад АОХН-ийн тугийг ёслол төгөлдөр гардуулж өгснөөр АОХН-ийн долдугаар хурал өндөрлөлөө.

Дашрамд дуулгахад маргааш Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Нобелийн шагналт Ан Сан Сун Чи нарын хамтарсан илтгэл Төрийн ордонд үргэлжлэн явагдах юм байна. Ийнхүү манай улсын нийслэл Улаанбаатар хотод дөрвөн өдөр үргэлжилсэн АОХН-ийн Сайд нарын долдугаар баг хурал амжилттай болж өндөрлөлөө.

А.ТЭМҮР


URL:

Сэтгэгдэл бичих