Ц.Элбэгдорж: МОНГОЛ бол сүүдрээ нуудаггүй орон
Монгол Улсын нийслэлд АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурал үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч ярилцлага өгснийг хүргэж байна.
-Монгол Улс АОХН-ийг даргалах үүргээ өнгөрсөн хоёр жилд хэр сайн биел үүлсэн бэ. Улс төр, эдийн засгийн агуулга талаасаа АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурал ямар ач холбогдолтой вэ?
-Бид хоёр жилийн өмнө Литва улсын нийслэл Вильнюс хотод болсон хурлаар АОХН-ийг даргалах хүндтэй үүргийг хүлээж авсан. Түүнээс хойш АОХН гэдэг энэ байгууллагыг жинхэнэ байнгын ажиллагаатай байгууллага болгож хувиргалаа.
Биднийг анх АОХН-ийг авч байхад Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо гэж байгаагүй. Байнга ажилладаг Ерөнхий нарийн бичгийн дарга гэж байгаагүй. Бид өнгөрсөн хугацаанд гишүүн улс орнуудтайгаа хамтраад Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороо байгууллаа. Ерөнхий нарийн бичгийн дарга томилогдоод ажиллаж байна.
Бидний гол санаачилга бол ардчиллын боловсролыг түгээх ажил байсан. Энэ асуудлаар гишүүн орнуудтайгаа ярилцаж анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дугаар чуулганаар ардчиллын боловсролыг дэмжих тогтоол батлуулсан.
Энэ бол маш чухал асуудал. Мөн авлигыг үл тэвчих, туршлага сургамжаа хуваалцах, бүс нутгийн ардчиллыг идэвхжүүлэх гэсэн хэд хэдэн санаачилга гаргасан. Азийн бүс нутагт ардчилал чухал асуудал байдаг.
Энэ байгууллагын үйл ажиллагааг эдийн засагтай холбож хэлэхэд эрх чөлөөтэй хүн сайн сайхан зүйлийг бүтээх боломжтой байдаг. Гайхамшгийг бүтээх боломжтой байдаг. Монголд 1990 оноос өмнө ДНБ бараг 100 хувь төрөөс бүрддэг байсан.
Гэтэл өнөөдөр ДНБ-ний 70 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэж байна. Хувь хүний санаачилга ардчилсан оронд бүрэн хэрэгжих боломжтой. Эрх чөлөөтэй оронд л энэ бүхэн бүрэн хэрэгжих боломжтой. Өглөө бүхэн босоход сайн мэдээ сонсдог орны нэг бол Монгол.
Тэнд сайхан ресторан нээгдсэн байна. Энд нэг үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Энд нэг ийм ажил ундарч байна гэсэн сайхан мэдээ. Мэдээж, хүндрэлтэй асуудлууд байгаа.
Гэхдээ эрх чөлөөтэй хүмүүс өөрсдийнхөө бодож санаж байгаа зүйлийг ажил болгох боломжтой байдаг нь эдийн засгийн талаас нь харвал ардчилал чухал зүйл болохыг харуулж байгаа юм.
АОХН-ийн хурлын үеэр 100 гаруй орны ардчилал, эрх чөлөөний төлөө анхаарал хандуулдаг хүмүүс, байгууллагууд ардчиллын сод бэлгэдэл болсон нэртэй Нобелийн шагналтнууд ирж байгаа нь маш чухал зүйл. Олон нийтийн анхаарлыг татсан маш чухал зүйл болж байгаад бахархаж байна.
Монгол Улс АОХН-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож олон зүйл хийсэн. Үүнийгээ цаашдаа хөгжүүлнэ. Энэ үеэр шинээр ардчилалд шилжиж байгаа орнуудын сүлжээг байгуулж байна. Мөн Азийн ардчиллын санаачилга гэдэг санаачилгыг бид дэвшүүлсэн.
Энэ чиглэлийн ажлыг их хийнэ. Хүн бүр эрх чөлөөтэй, энх амгалан амьдрах боломжтой. Ийм хувь зохиолтой, ийм боломж бий. Тэр том зорилгыг хэрэгжүүлэхийн тулд энэ байгууллага цаашдаа идэвхтэй ажиллана. Монгол Улс ч энэ байгууллагын эгнээнд идэвхтэй ажиллах болно.
-Ардчилсан орнуудын төлөөлөл Монголд хуран чуулж байгааг хараад танд ямар сэтгэгдэл төрж байгаа вэ?
-Би ирэх даваа гаригт гол хурал дээр гол үг хэлнэ. Тэнд санаануудаа хэлнэ. Бид 24 жилийн өмнө 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод анхны олон нийтийн ардчилсан байгууллага болох МоАХ-г байгуулсныг зарлаад зогсч байхдаа манай нийслэл 24 жилийн дараа дэлхийн ардчилсан хөдөлгөөний гол төв болж, гол байгууллагууд, хүмүүс ирж хуралдаж байх юм гэж бодоогүй.
Монголын ард түмний ардчилсан эрх чөлөөт ололтдоо олсон ололт бол бид бүхний ололт юм. Аль нэг намын ч ололт биш. Аль нэг хүний ч ололт биш. Бүх монголчууд хамтарч бүтээсэн. Энэ дээр байр суурь зөрдөг зүйл бий.
Энэ бол ардчилалд байх ёстой чухал зүйл. Ардчилал, эрх чөлөө бол аль нэг хүнийг хүчээр жаргаах гэсэн зорилго байдаггүй. Зүгээр л хүнд байх боломжийг нь нээх гэсэн зүйл. Таны боломжийг нээлээ.
Та боломжоороо, өөрийнхөө эрхээр сайхан амьдрах, сайхан ажиллах боломжоо цааш нь хэрэгжүүлж яваарай л гэсэн үг. Нөгөө талаас ардчилалд хуулийн засаглал маш чухал. Хүний засаглалаас хуулийн засаглалд шилжинэ гэдэг хуульд ч чухал. Улс оронд шударга ёс гэдэг хамгийн том баялаг.
Тийм учраас авлигыг үл тэвчих гэдэг хөдөлгөөнийг оруулсан. Энэ хурлын үеэр тусдаа хуралдаж байгаа. Монголын ард түмний нэг том ололт бол нээлттэй байдал. Бид сүүдрээ нуудаггүй. Маш олон хэвлэл мэдээлэлтэй. Ард иргэд маань чөлөөтэй ярилцаж асуудлыг шийдэж чаддаг учраас л Монголд урагшлах боломж байгаа юм.
Энэ бүхнийг Ерөнхийлөгч нь ч юм уу, нэг хэсэг хүн яриад байдаг биш, ерөөсөө дэлхий нийтээрээ ярьдаг. Үүний төлөө амьдралаа зориулсан олон хүн байдаг. Энэ гол зорилгыг бусад орны төр, засгийн байгууллага ч гэсэн гол зорилгоо болгосон байдаг юм байна.
Ардчилсан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, нээлттэй байдал, хуулийн засаглал, төрийн хэт оролцоог багасгах гээд энэ бүх асуудлыг бүгдээрээ ярьдаг. Хуралд ирсэн хүмүүс Монголын ардчиллыг дүгнэх гээд байгаа юм биш. Зочин орны хувьд бидний амьдралтай танилцана. Монгол юу болж байна гэдгийг харах илүү боломж байгаа.
Нөгөө талаас Монгол Улсыг ардчиллын амьд үлгэр жишээ болохыг, байгаа байдлыг л харна. Бидэнтэй хамтран ажиллахаар бол хүрэлцэн ирээрэй гэдгийг хэлж байгаа. Бид энэ хурлын дараагаар сонгуулийг ажиглах бүс нутгийн төв байгуулахаар ярилцаж байна.
Сонгууль бол ардчиллын чухал элемент. Ажиглагч нарыг сургах, өөрийн туршлага, сургамжаа хуваалцах боломжтой. Бидэнд бусдад зааж сургах зүйл байхгүй ч хуваалцах сургамж байна. Бидэнд алдсан, оносон зүйл бий.
Нэгэнт нээлттэй нийгэм учраас тал талаасаа олуулаа ярьж байгаад алдаагаа засаад урагшаа явах гэж оролддог ийм л нийгэмд бид амьдарч байгаа гэдгээ харуулж байна. Нөгөө талаас энэ 24 жилийн дотор Монгол Улсад юу нь болсон, юу нь болохгүй байгааг дэлхийн олон нийтэд мэдүүлэхэд энэ хурал их чухал ач холбогдолтой.
Энэ боломжийг бид ашиглах ёстой. Монголынхоо нэрийг болж өгвөл зөв, сайн талаар нь гаргах хэрэгтэй байгаа юм. Сайн зүйлээ дэмжиж муу талаа улам багасгаад явах нь бидний гол зорилго шүү дээ.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: