Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох цаг ирнэ

 

АОХН-ийн сайд нарын VII бага хурлын хүрээнд болсон “Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг нээж үг хэлсэн.
Хуралд оролцогчид ардчилсан орнуудад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өсөн нэмэгдэж буй энэ үед түүний хэлсэн үг олон бүсгүйд урам өгч чадлаа хэмээн талархан хүлээн авсан юм. Ингээд түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.
Ардчиллын жишиг орон болсон Монгол улсад айлчлан ирсэн эрхэм зочиддоо баяр хүргэе.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хуралдаан дээр бид ардчиллын тухай ярихаар дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугласан билээ. Ардчилал нь эрэгтэй, эмэгтэй хэний ч өмнө нээлттэй гэсэн тодорхойлолттой. Тэгвэл эмэгтэй хүний оролцоогүй ардчилал гэдэг нь дүрмээс гадна гэсэн үг шүү дээ.
Өнөөдөр бид ардчиллыг хөхиүлэн дэмжих тухай ярилцахаар цугласан бөгөөд энэхүү ярианы салшгүй нэг хэсэг нь эмэгтэйчүүд, тэр дундаа манлайлах эгнээнд байж илүү олноороо Засгийн газар, Их хуралд, эдийн засаг болон иргэний нийгэмд ямар байр суурь эзлэх тухай ярих ёстой.
Өнөөгийн монгол эмэгтэйчүүд Өүлэн эх, Мандухай, Ану хатан гээд төр нийгмийн үүргээ эрчүүдийн адил нэр төртэй гүйцэтгэж явсан домогт хатдын үр удам юм.
Монгол улсад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд гаргах нь түүхийн улбаатай үндэсний хэмжээний зорилт байж ирсэн.
Иймээс ч бид мянганы хөгжлийн зорилтондоо тэр тухай тодорхой тусгасан байдаг.  Өнгөрсөн сонгуулийн дүн­гээр парламентад гуравхан төлөөлөлтэй байсан эмэгтэйчүүд тоогоо гурав дахин өсгөж 11-үүл болж чадлаа.
Парламентын гишүүн болох замнал хүнд хүчир, олон давааг туулдаг. Энэ бүхнийг давж гарсан эмэгтэй гишүүддээ энэ индэр дээрээс баяр хүргэе. Энэ бол бидний ололт амжилт юм шүү.
Бид анх удаа Парламентын эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулан ажиллаж байна. 4 намын төлөөлөлтэй манай бүлэг намын харьяаллыг үл харгалзан хамтран ажиллаж байна. Бид эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудынхаа төлөө хүчээ нэгтгэн ажиллаж байна.
Монголын ард түмэн биднийг эв нэгдэлтэй байгаад баяр хүргэж уухайлан дэмжиж байна.  Бидний дараагийн нэгэн ололтыг та бүхэндээ хэлэх гэж байгаадаа би баяртай байна.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтоныг Монголд айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “нэг өдөр Монголд Монголын анхны эмэгтэй Ерөнхийлөгчийн гарыг барьж баяр хүргэх өдөр ирнэ гэдэгт би итгэж байгаагаа хэлье” гэсэн юм.
Хариуд нь Хилари Клинтон “Ноён Ерөнхийлөгчөө, таны энэ үг маш их таалагдлаа. Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох цаг ирнэ ээ гэсэн. Энэ тал дээр Монгол болон АНУ-ын хэн нь өрсөх вэ гэсэн тэмцээн болох нь гэж бодож байна”гэсэн байдаг.
Энэ мөрөөдөл биелэлээ олох шатандаа явж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ үед Монгол ардын намаас ерөнхийлөгчийн нэр дэвшигч тодруулах сунгаанд манай Оюунхорол гишүүн  эхний гуравт явна.
Бидний мөрөөдлийн цаг хугацааг наашлуулж буй эрхэм гишүүн Оюунхоролдоо баяр хүргэе. Ерөнхийлөгчийн нэр дэвших сунгаанд ялалт байгуулахыг хүсэн ерөөе.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Эмэгтэйчүүд нийгмийг бүхэлд нь хардаг.
Эмэгтэйчүүд тухайн нийгэмд байгаа эрх мэдэлтэй, өмч хөрөнгөтэй хэсэг төдийгүй хамгийн их халамж шаардлагатай байгаа тэр хүүхдүүдийг, ахмадуудыг харж чаддаг. Нийгмийн асуудлыг бүхлээр нь харж чаддаг учраас эмэгтэйчүүдийг дэмжих ёстой.
Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд үүрэг хариуцлагын өндөр мэд­рэмжтэй байдаг. Өөрт ногд­сон эрх, нийтийн баялгийг хуваалцах чадвар эмэгтэйчүүдэд илүү байдаг. Гэрийн ажилдаа түүртэхгүй байгаа эмэгтэй хүн бол төрийн ажилд түүртэхгүй.
Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудалд эргэлзэж байгаа, эмэгтэйчүүдийн чадварт эргэлзэж байгаа тийм хүмүүс байвал Монголд ирцгээ гэж би хэлье” гэсэн юм.
Энэ бол ардчилал, тэр дундаа ардчиллын нэг хэсэг болсон эмэгтэйчүүдийн тэгш эрхийн оролцооны талаар баримтлах бодлогын илрэл гэж бид харж байна.
Эмэгтэйчүүдийн асуудал бол хүний эрхийн асуудал, шу­дарга ёстой холбоотой иргэ­ний оролцоотой холбоотой асуудал юм. Эмэгтэйчүүдийн оролцоог хангасан нийгэм тогтвортой, хүнлэг ардчилсан байдаг гэдэг­тэй хэн ч маргахгүй биз ээ.
Өнөөдрийн манай энэ чуулга уулзалтын гол сэдвийн нэг бол “Эмэгтэйчүүд ба эдийн засгийн эрх мэдэл” юм. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хүртээмжийн хэрэгцээ ардчиллын амин чухал хэсэг гэж бид үзэж байна.
Улстөрийн хувьд бид хаалгаа онгойлгож эхэлсэн ч эдийн засгийн эрх чөлөөний хаалга бидний өмнө хаалттай байсаар байна. Энэ талаар дурдахгүй өнгөрч болохгүй.
Эмэгтэйчүүдийн эдийн зас­гийн идэвх өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа хэдий ч аж ахуйн нэгж, байгууллагад ажил­лаж байгаа эмэгтэйчүүдийн тоо буурах хандлагатай байна.
Уул уурхай олборлох болон барилгын салбар зэрэг эдийн засгийн хүчирхэг салбарт эмэг­тэйчүүдийн тоо бага бай­на. Өнөөдрийн байдлаар эмэгтэйчүүд нийгмийн, үйл­чилгээ, худалдааны болон эрүүл мэндийн салбар зэрэг хямд үнэлгээтэй салбарт төвлөрөн ажилласан хэвээр байна.
Эдүгээ эмэгтэйчүүдийн ажил­гүйдлийн төвшин 6.6 хувьтай байна. Энэ нь улс төр, эдийн засаг,  нийгмийн  тэгш эрхээ бүрэн эдлэхэд бэрхшээл үүс­гэх  нөхцөл  болж  байна.
Улсын хэмжээнд нийт ажиллагсдын 55 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл, мал аж ахуйн үйлдвэрлэлд цалин хөлсгүй оролцогч зэрэг хөдөлмөр, нийгмийн хамгааллын төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй иргэд байгаагийн дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Цалингийн хэмжээ эрэгтэй, эмэгтэй ажиллагчдын хувьд ялгаатай байсаар байна. 2012 оны эцсийн байдлаар эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдийнхээс даруй 10  хувиар илүү байгааг статистик мэдээлж байна.
Хөдөлмөрийн хуульд эмэгтэйчүүдийг ажиллахыг хориг­лосон ажлын байрыг заа­сан байдаг нь хамгаалах нэрээр хөдөлмөрийн харил­цааны ялгаварлан гадуур­хал­тыг дэмжсэн хэлбэр юм. Эмэгтэйчүүдийн ажиллах хүч­ний оролцооны түвшин 2007-2009 онд 62-63 хувь байсан бол 2010 онд 56.2 хувь болж буур­сан байна.
Эмэгтэйчүүдийн ажил­лах хүчний оролцооны түвшин эрэгтэйчүүдийнхээс 10 орчим хувиар доогуур байдаг. Энэ оролцоо буурахад эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлт нөлөөлөх боловч хүүхэд асрах, гэрийн ажил хийх, тэтгэвэрт эрт гарах зэрэг хүчин зүйлс голллон нөлөөлдөг.
Энэ шалтгаанаар эмэгтэй­чүүдийн эдийн засгийн идэвхи эрэгтэйчүүдийнхээс дутуу байх явдал үргэлжилсээр байна.  Ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох зохицуулалт байхгүйгээс эмэгтэйчүүд хо­хир­соор, хөдөлмөрийн бү­тээм­жид нөлөөлсөөр байна.
Сүү­лийн хоёр жилд гарсан үйлд­вэрлэлийн ослын 25 хувь нь эмэгтэйчүүд байна. Нөгөөтэйгүүр ололттой талууд бас бий. Монгол Улсад  Жендерийн   тэгш байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь томоохон ололт юм.
Хуулиар төрийн болон улстөрийн удирдах төсөвт байгууллагын ажилтнуудын хүйсийн зохих харьцааг хуульчилж өгсөн нь эмэгтэй хүний төрийн албанд орох, албан тушаал ахих боломжийг баталгаажуулж өгсөн. Төрийн албан хаагчдын 59.4 хувь нь эмэгтэйчүүд байна.
Эдийн засаг, нийгмийн хүрээнд хийх томоохон өөрч­лөлт шинэчлэлд жендерийн мэдрэмжтэй хандаж, жендерийн тэгш эрхийн үүднээс дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хэрэгжүүлж байхыг нийгэм биднээс шаардаж байна.
Эмэгтэйчүүд бид хоорондоо холбогдож, бие биенээ дэмжих ёстой. Өнөөдрийн форумын зорилго ч үүнд оршиж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн та бүхэн бидэнтэй туршлагаа хуваалцаач. Хамтдаа хөгжье, хамтдаа хүчир­хэг чинээлэг байя. Хамт­даа хүчирхэг төлөөллийг бий болгоцгоое.

Анхаарал тавьсанд баярлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих