Г.Өсөхбаяр эх орондоо ирлээ

Г.Өсөхбаяр эх орондоо ирлээ

Монгол улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр эх орондоо ирлээ. Дөрөвдүгээр сарын 6-ны өглөө дэлхийн зулай болсон Хойд туйлыг байлдан дагуулахаар мордсон Монгол хүү ийн амлалтаа биелүүлээд өнөөдөр өглөө 06.00 цагт “Аэрофлот”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх онгоцны буудалд ирэхэд бороо орж байв. “Хувьтай хүн хур борооноор” хэмээн Г.Өсөхбаярыг тоссон хүмүүс  бэлэгшээж байтал нар ч  мандаж байхад яг тэр агшинд МУГТ Г.Өсөхбаяр онгоцноосоо бууж ирлээ. Тэрбээр Хойд туйлын 90 градуст  энэ сарын 20-нд буюу төрсөн өдрөөрөө алтан соёмбот Төрийнхөө далбааг мандуулсан билээ. Г.Өсөхбаярыг  Б.Гангаамаа тэргүүтэй уулын спортынхон, экстрим спорт сонирхогчид,  хэвлэл мэдээллийнхэн, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн нараас гадна Hummer болон чоперийн цуваа угтан авлаа. Гавьяат маань Хойд туйлд мандуулсан төрийн далбаагаа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулна. Аяллыг санаачилсан Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын үсэгтэй алтан соёмбот энэхүү төрийн далбаа нь Лондонгийн олимпийн тэнгэрт мандаж байсан аж. Тэд нисэх онгоцны буудлаас шууд Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн зургаа авахууллаа. Тэр үеэр Г.Өсөхбаяр болон “Хойд туйлын баатар”-аа угтагсад Чөлөөт бөхийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хоёр удаагийн аварга З.Ойдов гуайтай таарснаа ихэд бэлэгшээж байсан  юм.  Эверестийн оргилд хоёронтоо гарч Монголчуудын бахархал болсон Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Хойд туйлыг байлдан дагуулаад  ийнхүү эх орондоо ирлээ.

 

Г.Энх


URL:

Сэтгэгдэл бичих