Дандаа л зочин ирсэн юм шиг ажиллая

aohnМонгол Улсад дэлхийн 104 орны зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирээд байгаа. Тэд манай улсад зохион байгуулагдаж байгаа Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын долдугаар хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн.

Нийтдээ 1215 хүн манай улсад хүрэлцэн ирж, гурван өдрийн турш хуралдана.

Тэгвэл манай төр засгийн удирдлагууд гадны олон зочид, төлөөлөгчдийн өмнө нүүр улайхгүй байх бүхий л боломжтой арга хэмжээг авч, нийслэлийн төвд олон бүтээн байгуулалт хийлээ.

Хэдхэн өдрийн дотор нийслэлийн төв нүүрээ угаасан хүүхэд шиг болж, Сүхбаатарын талбай ч өнгө засав. Нисэх, Яармагийн замыг боломжоороо янзалж, гэрэл гэгээгээ өөрчлөв. Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, 1000 тонн хог цэвэрлэлээ. Сүүлийн хоёр гурван сар ирээгүй хогны машин өнгөрсөн долоо хоногийн лхагва, пүрэв гарагт гэнэт гарч ирж гийгүүлэв. Энэ бүхэн дэлхийн 104 орны зочид төлөөлөгчид ирж байгаатай холбоотой түргэн авсан их ажил байлаа.

Бүр нэг сонирхолтой мэдээ дуулдсан нь Цонжин Болдог руу явдаг замыг 24 цагийн дотор зассан гээд байгаа. Бүх замыг нь нийтээр нь зассан биш байх л даа. Тэр орчмын ганц хоёр километр замыг зассан байх гэж бодож байна. Гэхдээ л манайхан 1.5 километр зам засах гэж худалч хүнд 10 хоног зам хаадаг биз дээ. Гэтэл зочин угтаж авах болохоороо 24 цагийн дотор засч байна гэнэ.

Яах вэ, гадны хүмүүсийн нүдэнд муухайгаар харагдвал эвгүй л байх. Хөгжиж байгаа, дэлхийн анхаарлын төвд орсон Монгол Улс муу муухайгаар харагдвал улсын нэр хүндэд л муу байх. Тиймдээ ч төр засгийнхан бүх сэтгэл зүрхээрээ, дээд хурдаараа ажиллалаа.

Сэтгэл байвал юуг ч хийж болдог юм байна гэдгийг харууллаа. Түүнийг нь сайшаах хэрэгтэй. Зарим нөхдүүд хүн ирэхээр гэрээ цэвэрлэдэг гэрийн эзэгтэй шиг аашиллаа гэж хэлж байна билээ. Хүн ирэхээр гэрээ цэвэрлэж амждаггүй хүн ч байдаг. Харин манайхан гэрээ бага ч болов цэвэрлээд амжлаа. Энэ чинь л амжилт шүү дээ. Одоо цаашид дандаа л зочин ирсэн юм шиг ажилламаар байна.

Гадаа хаврын урь орчихлоо. Одоо хүйтрээд хаа холдох вэ дээ. Нэгэнт хөхүүрийн ам наашилсан цаг. Тиймээс зочид явахаар хогоо тарьж, назгайрч, налайж, алгын чинээ замыг 10 хоног засаад эхэлбэл харин ч онигоо. Тиймээс л дандаа л гадаадын зочид ирэх гэж байгаа юм шиг ажиллах хэрэгтэй байгаа юм.

Яг ийм эрчтэй ажиллавал Монгол Улс амархан хөгжих юм байна. Гадаадынхан л хурдан ажилладаг, барьдаг, байгуулдаг, бүтээдэг, цэвэрлэдэг, цэмцийлгэдэг гэж боддог байсан цаг ард хоцорч. Бид өөрсдөө ч бусад шиг бүтээж, хийж, цэвэрлэж чаддаг юм байна.

Ганцхан манай төр засгийнханд сэтгэл дутдаг байж гэж дүгнэхэд болохоор байгаа юм. Тэгвэл тэр сэтгэл дутсан байдал өнөөдрөөр, өчигдрөөр, энэ удаагийн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал манай улсад зохион байгуулагдсанаар төгсгөл боллоо гэхэд буруудах юун. Одоо бүтээн байгуулалтын хурд нэмэгдэх байх аа.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих