АМГ-ын дарга Д.Батхуягийн хууль давж гаргасан шийдвэрүүд

 АМГ-ын дарга Д.Батхуягаас нэгэнтээ сэтгүүлч “Манай улсыг ашигт малтмалаар баян, нөөц ихтэй л гэдэг. Гэвч дэлхийн аль ч сайт, мэдээллийн санд энэ тухай байхгүй юм. Энэ талаар юу хийж байна?” гэхэд “Лиценз эзэмшиж байгаа компаниуд л энэнд өөрсдөө анхаарал тавь” гэж хариулж байсныг санаж байна. Сэтгэл гээч нь хийсчихсэн ийм л хүн өнөөдөр Монгол улсын Ашигтай Малтмалыг нэрийнхээ долоохон үсгийг гараараа таталгаад шийдчихэж байгаа нь харамсалтайяа.

Өнгөрсөн жил Хөвсгөлд 367 сая төгрөгөөр хөшөө босгож гантиг чулуун бөөрөн дээр нь нэрээ сийлсэн хүний нэг бол яахын аргагүй Доржпүрэвийн хүү Батхуяг. Лу.Болд өөрийн талдаа авч үлдэх гээд хүчрэлгүй Ерөнхий сайд асан С.Баярт дийлдсэнээр Ашигт малтмалын газар Д.Батхуягт эрх мэдлийг авчирсан. Үүнийхээ нэг өчүүхэн хариу болгож тэрээр Хөвсгөл нутгийнхны том баяр Чингүнжавын ойг гар сунган спонсорлосон бөгөөд томчуудыг бараадан дагалдаж тууз хайчилж, хайч ангалзуулсан.

Д.Батхуягийн гаргасан хууль бус шийдвэрүүд:

Доорх шийдвэрүүдийг гаргахдаа тэрээр УИХ-ын эрхэм гишүүдийн баталсан хуулийг нүднийхээ хажуугаар өнгөрөөчихжээ. Төр засгийн удирдлагууд аа, эхлээд хууль давдаг бус хууль мөрддөг, хэрэгжүүлдэг газрын даргатай болъё, ингэж газрын даргаа засаж аваад дараа нь төрөө засъя.

АМГ-ын даргын 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дүгээр тушаал

Энэ тушаалаар “Монлайхад” ХХК-ийн 14250Х тоот тусгай зөвшөөрөл олгосон АМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1398 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон байна.

АМГ-ын даргын 2009 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 92 дугаар тушаал

“Ландмайкер” ХХК-ийн 13783Х, 21340Х, “Жорчидай” ХХК-ийн 22131Х тоот тусгай зөвшөөрлүүдийн талаар гаргасан АМГТХЭГ-ын ГУУКГ-ын даргын 2008 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 868 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон тушаал юм байна.

АМГ-ын даргын 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаар тушаал

Энэ тушаал нь Геологи, уул уурхай, кадастрын газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгоод “Бороогоулд”, ХХК-ийн 198А, 238А тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээсэн байна.

АМГ-ын даргын 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 352 дугаар тушаал

“Вафс” ХХК-ийн 10297Х хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн тушаал баталжээ.

АМГ-ын даргын 2009 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 393 дугаар тушаал

Энэ тушаалаараа Д.Батхуяг дарга “Булганинвест” ХХК-ийн 8207А ашиглалтын лицензийг хүчингүй болгожээ.

АМГ-ын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 462 дугаар тушаал

Энэ тушаал нь Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 518 дугаар шийдвэрийн “Гуоминг” ХХК-ийн 12451А тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгоход зориулагджээ.

АМГ-ын даргын 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 478 дугаар тушаал

Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийг хүчингүй болгоод “Очир-Адъяа” ХХК-ийн 13155Х тусгай зөвшөөрлийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон тушаал үйлдэгдсэн байна.

АМГ-ын даргын 2009 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 497 дугаар тушаал

Энэ тушаалаар “Алтан тахь” ХХК-ийн 10153Х тусгай зөвшөөрлийн талаарх ГУУКГ-ын даргын 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 660 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон байна. Мөн энэ тушаалаараа “Ти энд Эйч трейд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн эрхийг сэргээсэн байх юм.

АМГ-ын даргын 2009 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 491 дүгээр тушаал

Д.Батхуяг даргын энэ тушаал “ЭЖЦЛ” ХХК-ийн 11883Х тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг нэг хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзэн хассан шийдвэрийг хүчингүй болгосон байжээ.

Энэ бол зөвхөн 2009 онд гаргасан хууль зөрчсөн тушаалууд нь. Эдгээр тушаалуудыг гаргаснаараа АМГ-ын дарга Д.Батхуяг ямар ямар хуулийн заалтуудыг “нулимаад” хаячихсныг сонирхцгооё л доо.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг урьдчилан төлөөгүй үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалчихаад дараа нь АМГ-ын даргын тушаалаар нотлох баримт ирүүлсэн, шийдвэр хүчингүй болгосон зэрэг үндэслэлээр сэргээдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн сонгон шалгаруулалтаар олгох тухай заалтыг зөрчиж байна.

Тэрээр дээрх шийдвэрүүдийг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1-11.1.7, уул уурхайн асуудал хариууцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.22-т заасан асуудлыг эрхэлнэ”, мөн 11.1.13-т заасан “Улсын төсвийн хөрөнгөөр илрүүлсэн эрдсийн хуримтлал бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион явуулах”, 11.1.14-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д заасан “Цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барвцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх”, 11.1.16-д заасан “Цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх”, 11.1.17-д “Тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх”, 11.1.18-д “Тусгай зөвшөөрлийн зурагзүйн бүртгэл хөтлөх”, 11.1.19-д “Цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”, 11.1.20-д “үйлчилгээний хөлс, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах”, 11.1.21-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх”,  11.1.22-т заасан “Сонирхсон этгээдэд тусгай зөвшөөрлийн болон түүний зурагзүйн бүртгэлтэй танилцах бололцоо олгох, эдгээр бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар зохих байгууллагад мэдэгдэж нийтэд мэдээлэх гэсэн заалтуудыг зөрчсөн нь нэгэнт тодорхой болжээ.

/Үргэлжлэл бий/

Ж.Жаргалсайхан

массмн


URL:

Сэтгэгдэл бичих