Монголын Тэнгисийн цэргийн түүхээс
Монголчууд түүхэндээ анхны бөгөөд цорын ганц удаа хоёр ай цэрэгтэй, тухайлбал хуурай замын болон усан замын цэрэгтэй болж, дэлхийд хосгүй том флот байгуулан тэнгис далайн орнуудад хүртэл сүр хүчээ гайхуулж асан нь Хубилайн Юань улсын үе.
Анх 1265-1268 оны үед Хубилай хааны зарлигаар 70 мянган хүнтэй, олон хөлөг онгоцтой флотыг зохион байгуулж Сүн улсын эсрэг дайнд хэрэглэсэн нь Монголын усч цэргийн үндэс болжээ.
Улмаар 1272 онд “Усч цэргийн нийтийн даргын яам”-ыг байгуулж, усч цэргийг сургаж бэлтгэх, байлдаанд хэрэглэх, усан онгоц үйлдвэрлэх зэрэг асуудлыг хариуцуулсан байна.
Тэгээд ч далай тэнгисээр хүрээлэгдсэн өмнөд, зүүн өмнөд, зүүн Азийн улс орнуудтай худалдаа наймаа хийхээс эхлээд дайтан тэмцэлдэх зэрэг бүхий л харилцаа, үйл ажиллагаанд усч цэрэг чухал үүргийг гүйцэтгэж байв. Тиймээс монгол цэргийн удирдлага усч цэргийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байжээ.
Юань улсын сударт “1273 оны 3 дугаар cap гэхэд 5-6 түмэн цэрэг сургаж, 2000 онгоц хийлгэсэн”, “1282 оны 12 дугаар cap гэхэд мөн нэг түмэн монгол цэргийг онгоцоор байлдахад сургасан” гэх мэт мэдээ бий.
1281 онд Японы эсрэг дайнд Алхан жанжины удирдлагын дор 142 мянган цэрэг бүхий 4400 хөлөг онгоцыг дайчлан мордуулсан билээ. Энэ нь түүхэнд гараагүй асар том, хүчирхэг флотыг байгуулж, тулалдаанд оруулсан хэрэг байв.
Тэр үеийн далайн хөлөг онгоцны бүтэц, хийцийн талаар Марко Пологийн тэмдэглэлд бичсэнийг үзвэл “Хөлөг онгоцыг гацуур модоор хийдэг. Хөлөг онгоц нь нэг тавцантай байх агаад тэрхүү тавцан дээр дор хаяж жаран өрөө тасалгаатай сууц барьж байршуулна.
Хөлөг онгоц бүр нэгэн чиглүүлэх залуур, дөрвөн шурагтай байна. Мөн хоёр шураг нэмж байршуулах тохиолдол олон. Хөлөг онгоцны их биеийг өвч хоёр давхар банзаар хийж, хадаасаар бэхэлнэ. Зарим томоохон хөлөг онгоцны дотор талыг арван гурван хэсэгт хуваан бөх бат банзаар таслан хааж бэхэлсэн байдаг.
Хөлөг онгоц усан доторх шүрэн хад мөргөөд юм уу, эсвэл идэш хайсан халим хөлөг онгоцыг мөргөж энд тэнд нь цоолчихвол ус тэрүүхэн хэсэгт нь нэвчээд, бусад хэсэгт нь нэвчилгүй хуурай үлддэг…
Хөлгийн доторхыг таслан хаасан хана нь яав ч ус нэвтэрхээргүй бөх бат хийгдсэн байдаг агаад нэвчсэн усыг шавхаж дуусмагц зөөсөн ачаа бараагаа эргүүлж оруулна.
…Онгоцны багийг онгоцны хэмжээ, даацтай уялдуулан бүрдүүлэх бөгөөд 150-иас 300 хүний хооронд хэлбэлзэнэ. Тэдний хөлөг онгоцнууд манайхыг бодвол хавьгүй их даацтай.
Урьд өмнө эндхийн хөлөг онгоцнууд бүр их том байсан боловч олон олон арал, олтиргийн усан боомт, зогсоолын эрэг элэгдэж налууссаар онгоц зогсох усны гүн нь том хөлөг онгоцыг даахгүй хайрдуулчих гээд байдаг болохоор бага суулттай, жижиг онгоц хийх болжээ.
Хөлөг онгоцнууд нь эхлээд сэлүүрийн хүчээр урагшлах агаад нэг сэлүүр дээр дөрвөн усан цэрэг сууна. Эдгээр хөлөг онгоцны баг нь урьдынхаасаа хоёр, заримдаа гурав дахин цөөн хүнтэй байх буюу жар, ная, заримдаа нэг зуун хүнтэй байна. Гэсэн хэдий боловч маш их даацтай зарим нь мянган сагс чинжүү элбэг ачна.
Хөлөг онгоцнууд нь хэд хэдэн жижиг завь онгоц чирч явах агаад зарим нь арван ч завь чирч явдаг. Эдгээр жижиг завь онгоцондоо ачаа ачихаас гадна хөлөг онгоц зангуугаа хаяж зогсоход тэдгээр нь ойр зуурын бусад ажил амжуулах хөсөг болдог төдийгүй далайд загасчлах, онгоц засах хэрэглүүр болдог” гэжээ.
Цэргийн зориулалттай хөлөг онгоцны их бие, хашлагыг тусгайлан бэхлэж, заримыг нь төмрөөр хүртэл гадарлан халхалсан байсан ба дайсны сумнаас хамгаалах зорилгоор тавцангийн дээгүүр арьс, шир, бөх бат материалаар хийсэн бүрхүүл халх хийдэг байна.
Хөлөг онгоцны зэвсэглэл нь галт зэв, сум харвагч “Тийрэлтэт харвуур” буюу шинэ хүчит урвуур, чөдөр оньс, “Буопао” хэмээн хятад сударт тэмдэглэгдсэн “Цоргилго” буюу нэгэн төрлийн пуужин, “Гол төмөртэй их буу”, шаазан гадартай гар бөмбөг зэрэг тухайн цагтаа шинэлэг, хүчтэйд тооцогдох зэвсгээс бүрдэж байжээ.
Монголчууд хөлөг онгоцон дээр тийнхүү гол төмөртэй их буу суурилуулснаараа цэргийн түүхэнд анхдагч нь хэмээн тэмдэглэгджээ. Хөлгийн багийн дийлэнхийг хятад, солонгос зэрэг орны далайчдаар бүрдүүлэх ба харин даргалах бүрэлдэхүүн нь ихэвчлэн монгол цэргийн ноёд байдаг байж.
Ийнхүү Юань улсын үе гэхэд Тангуд, Сартаул, Зүрчиний дайнд туршлагажиж мэргэшсэн монгол цэрэг тухайн үеийнхээ шилдэг технологиор бүтсэн зэвсэг техникээр, түүний дотор галын хүч, зэвсэглэлээрээ хамгийн хүчирхэгт тооцогдох байлдааны хөлөг онгоцууд бүхий усч цэргийг байгуулсан нь Юань улсаас усан хилээр зааглагдаж асан улс орнуудаас учруулж болзошгүй аюул занал, түрэмгийллээс хил хязгаараа хамгаалах, Вирм, Ява арал гэх мэт тэнгис далайн бусад орнуудтай амжилттай дайтаж ялан дийлэх гол нөхцлийг бүрдүүлж байжээ.
Энэ нь Чингис хаанаас эхлэн Монголын их хаад, түүний дотор Хубилай сэцэн хаан, түүнийг залгамжлагчид үйлдвэрлэл, цэргийн хэргийн технологид гарч байсан шинэлэг зүйл бүхнийг хөхүүлэн дэмжиж, цэрэг армиа тухайн цагтаа хамгийн сүүлийн үеийн шилдэг зэвсэг техникээр хангахад онцгой анхаарч байсны үр дүн байлаа.
Түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: