Ардчилалд албан тушаалтнууд дүн тавих уу, ард түмэн дүн тавих уу?
Өнөөгийн Монголд ардчилал хумигдсан нь бодит байдал юм. Ардчилал хумигдсан оронд ардчиллын тухай хурал хийх нь хоёр талтай. Нэг нь өнөөгийн эрх баригчдад Монголд ардчиллыг сэргээх хэрэгтэй гэж шаардах гэж байгаа бол сайн. Ёстой газраа, цагаа олсон хурал. Ийм хурал болох гэж байгаа бол “Тавтай морил” гэж хэлэх хэрэгтэй. Харин эсрэгээрээ буюу өнөөгийн Монголд ардчилал “бүрмөсөн байгуулагдсан” мэтээр “дүгнэх” гэж байгаа бол харин ч ардчиллын эсрэг хурал болно.
Ардчилал. Монголчууд бид энэ үгийг 20 гаруй жил хэрэглэлээ. Гэхдээ ардчилал хаана байна. Хайвал олдох уу?
Ардчилал бол өөрөө зорилго, бас арга юм.
Сайн зорилго дэвшүүлж тавиад түүндээ хүрэхийн тулд сайн ч бай, муу ч бай, ямар ч арга хэрэглэж болох уу гэдэг асуултыг тэртээ XIX зуунд Оросын суут зохиолч Ф.Достоевский “Преступление и наказание” буюу “Гэмт хэрэг, шийтгэл” хэмээх зохиолдоо дэвшүүлэн тавьж, “сайн зорилгод муу аргаар хүрч болохгүй” гэж хариулсан байдаг. Хэрэв тэгвэл сайн гэх зорилго нь өөрөө муу зорилго буюу гэмт хэрэг болно гэж дүгнэсэн байдаг.
Хүн төрөлхтөн XX зууны турш сайн гэх зорилгодоо ямар ч хамаагүй аргаар хүрэх гэж оролдсон. Фашизм, коммунизм, аливаа хэлбэрийн дарангуйлал Европ, Ази, Америк, Африк тивд дандаа “сайн” гэх зорилго дэвшүүлсэн. Түүндээ хүрэхийн тулд ямар ч хамаагүй арга хэрэглэж, олон сая хүний амийг золиосолсон. Хүмүүс сайн зорилгод гагцхүү сайн аргаар хүрч болно гэсэн үнэнийг ойлгохын тулд хүн төрөлхтөн их өндөр үнэ төлсөн гэсэн үг.
Энгийн үгээр тайлбарлавал ардчилал бол сайн зорилго, түүнд гагцхүү ардчилсан буюу сайн аргаар хүрэх ёстой.
АНУ-ын Ерөнхийлөгч А.Линкольн нэгэнтээ: “Ардчилал бол ард түмний засаглал, ард түмний өөрөө байгуулсан засаглал, ард түмний төлөө засаглал” гэж хэлсэн байдаг.
Ардчилалд хүрэх сайн арга бол:
1.Шударга, чөлөөт сонгууль
2.Хараат бус шүүх
3.Чөлөөт хэвлэл мэдээлэл
4.Ам, ажлын нэгдэл
5.Ард түмэн эрхээ эдлэх, албан тушаалтан үүрэг хүлээх зэрэг болно.
Тэгвэл өнөөдөр Монголд ардчилал ямар байдалтай байгаа вэ? Ямар байдалд байгаа вэ гэхээсээ илүү ер нь байгаа юу, байхгүй байгаа юу? гэж шууд асуух хэрэгтэй байна.
Ардчилал байгаа бол бүтнээрээ байдаг. Тал ардчилал, талын тал ардчилал гэж байдаггүй. Шударга, чөлөөт сонгууль байхгүй бол ардчилал байхгүй. Хараат шүүх байгаа бол ардчилал байхгүй. Чөлөөт хэвлэл мэдээлэл байхгүй бол ардчилал байхгүй. Ам, ажил хоорондоо зөрвөл ардчилал байхгүй. Тэгэхээр энэ бүхнээс үзэхэд өнөөдөр Монголд ардчилал байхгүй байна гэж хэлэх хэрэгтэй. Тэгж шууд хэлэх хэрэгтэй. Ингэж шууд хэлж баймааж ардчиллыг сэргээх тухай бодох хэрэгтэй.
2008, 2009, 2012 оны УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиуд шударга бус болсон. 2009 оноос хойш шүүх 1990 оноос хойш хэзээ ч байгаагүй хараат байдалд орсон. Хэвлэл мэдээлэл чөлөөт бус буюу эрх баригчдаас хараат болж, тэдний ашиг сонирхолд үйлчилдэг болсон. Эрх баригчид албан тушаал авмагцаа амлалтаа мартдаг болсон. Авлига хээл хахууль хэрээс хэтэрсэн. Ялангуяа уул уурхайн том том төсөл хэрэгжиж эхэлсэн сүүлийн дөрвөн жилд хээл хахууль тэнгэрт хадсан. Ямар сайндаа Монгол Улс түүхэндээ анх удаа Авлигын индексээр 126 дугаар байранд орж байхав дээ. Өнөөдөр Монголд олон улсын аргачлалаар тооцвол улсын төсвийн 15 хувь буюу өөрөөр хэлбэл нэг их наяд гаруй төгрөг, өөрөөр хэлбэл нэг тэрбум орчим ам.доллар албан тушаалтнуудын халаасанд хээл хахуулийн хэлбэрээр орж байна. Монголын нийт хүн амд хуваавал нэг хүнд 370 ам.доллар буюу 450 мянган төгрөг оногдох хэмжээний мөнгө албан тушаалтнуудын халаасанд авлига хэлбэрээр орж байна. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэмт хэрэг улам өсөн нэмэгдсээр байна. Эрх баригчид ичих нүүрээ элгэндээ нааж, авлигатай тэмцэх нэрийдлээр бүр улстөрийн өрсөлдөгчдөө зохиомол хэрэгт хүчээр холбогдуулан ял тулгадаг болсон.
Ардчилал хумигдсан улс оронд ардчилал байгаа эсэхийг эрх баригчдаас нь асуувал “байна” гэж хэлдэг. Нүүр нь ч улайхгүй шүү. Харин өгсөн саналаас нь өөр дүн гардаг луйврын сонгуулийн золиос болсон, ажилгүйдэл, ядуурлын хайр найргүй гуядах ташуурт ширвүүлсэн, сонгуулийн амлалтуудад байнга хууртдаг, дуу хоолой нь сонсогддоггүй эгэл жирийн ард түмнээс асуувал эрх баригчдаас огт өөр хариу өгөх нь ойлгомжтой. Харин тэднээс хэн ч асуудаггүй.
Ардчилал байгаа эсэхийг ард түмнээс асуу. “Байхгүй” гэсэн үнэнийг тэд л хэлж чадна.
Ардчиллыг цөөнх нь хамгаалдаг. Харин олонхи нь устгадаг. 2008, 2009 оны сонгуулиуд МАН-АН хэмээх “олонхи”-ийг төрүүлсэн. Оросын большевикууд олуулаа болоод олонхиороо түрий барьж ардчилалыг устгасан шиг МАН-АН Монголд большевикууд шиг аягласан. МАН-АН байгалийн баялгийг гадаад, дотоодын луйварчидтай хамтран хувааж идсэн. Амласнаа мартаж, ард түмнээ хуурсан. 2012 оны сонгуулиар МАН-АН задарсан. Гэхдээ үлдэгдэл нь байсаар байна. МАН-АН-ын үлдэгдлээс салах цаг ирсэн.
Тийм учир ардчилал байгаа эсэхийг олонхиос биш харин цөөнхөөс асуу. Албан тушаалтнууд олонхийн талд байдаг тул тэд “ардчилал байгаа” гэж хэлвэл худлаа хэлж байна гэж ойлго. Харин цөөнх нь “байгаа” гэж хэлвэл үнэн хэлж байна гэж бод. “Байхгүй” гэж хэлвэл бас үнэн хэлж байна гэж үз.
Ардчилал бол ам, ажил хоёр нэг байхын нэр. Ардчилал яриа, үгээр дөнгөж эхэлнэ. Хүн хоолны үнэрээр цаддаггүйтэй адил ардчиллын тухай хий хоосон яриагаар ардчилал бий болохгүй. Харин үйл хэргээр баталгаажсан баймааж сая бүрэн бүтэн болно. Монголд ардчиллыг эхлүүлэх яриа яригдсан. Харин тэр нь үйл хэргээр баталгаажаагүй.
Ардчиллыг коммунизмтай адил бүрмөсөн байгуулж болдоггүй. Энэ бол үргэлж өрнөж байх ёстой үйл явц. Тэр утгаараа их л бодож дөрвөн жилийн настай. Дөрвөн жил болгон ардчилал байгаа эсэхийг сонгуулиар шалгах учиртай. Гэхдээ шударга сонгуулиар шүү. Сонгууль луйвардах нь ардчиллын амин судсыг таслана гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилд буюу 2008, 2009 онд болсон луйврын сонгуулиуд Монголд ардчиллын амин судсыг тасалсан.
Гэхдээ ардчиллын сайхан нь шударга сонгууль болвол үлгэрийн Феникс шувуу лугаа адил дахин сэргэдэг. Тийм ч учраас түүнийг бүрмөсөн байгуулж болдоггүйтэй адил нэгмөсөн устгаж чаддаггүй. 2013 онд ардчиллаа сэргээхийн тулд шударга сонгууль явуулах хэрэгтэй.
Ардчиллыг олуулаа устгадаг бол цөөхүүлээ, бүр ганцаараа байсан ч хамгаалж болдог. Харин түүнийг ганцаараа өмчилж болдоггүй. Хэн нэгэн хүн, ялангуяа албан тушаалтан ардчиллыг ганцаараа байгуулсан мэтээр ярьж, “ардчилсан” хэмээх тодотгол авбал тэр албан тушаалтан худлаа ярьж байна гэсэн үг. Зүсээ нуусан дарангуйлагч гэсэн үг.
Америкийн нэгэн кинонд тус киноны баатар “Happiness is real when shared with others” буюу “бусадтай хуваалцаж баймааж аз жаргал жинхэнэ байдаг” гэдэгтэй адил “Demoсracy is real when shared with others” буюу “Бусадтай хуваалцаж баймааж ардчилал жинхэнэ болно” гэж хэлэх хэрэгтэй.
Өнөөдөр Монголд бусадтай хуваалцдаггүй, нэг хүн, нэг нам өмчилдөг “ардчилал” байгаа нь эсрэгээрээ буюу бүрэн бүтэн ардчилал байхгүйг нотолж байна. Ардчилал байгаа бол бүрэн бүтнээрээ л байна. Бүрэн бүтэн биш байгаа бол ардчилал биш, харин нөгөө зүсээ хувиргасан дарангуйлал байна гэсэн үг.
Англи хэлэнд “devil is in details” гэсэн үг байдаг. Орчуулвал “аливаа юмны үнэн худал аар саархан санагдах юмсаар илэрнэ” гэсэн үг.
Үүнээс ургуулж тухайн улс оронд ардчилал байгаа эсэх нь “аар саархан” мэт санагдаж болох юмсаар илэрнэ гэж хэлж болох биз.
Тэр “аар саархан” гэх юм нь:
-Чөлөөт, шударга сонгууль
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөө
-Хараат бус шүүх
-Ам, ажлын нэгдэл
-Баялгийн шударга хуваарилалт гэх мэт болно.
Өнөөдөр Монголд шударга сонгууль байхгүй болсон, хэвлэлийн эрх чөлөө хаагдаж боогдсон, шүүх бүрэн хараат байдалд орсон, баялгийн хуваарилалт туйлын шударга биш болсон тул ардчилал хумигдсан гэж хэлж болно.
Өнөөгийн Монголд ардчилал хумигдсан нь бодит байдал юм. Ардчилал хумигдсан оронд ардчиллын тухай хурал хийх нь хоёр талтай. Нэг нь өнөөгийн эрх баригчдад Монголд ардчиллыг сэргээх хэрэгтэй гэж шаардах гэж байгаа бол сайн талтай. Ёстой газраа, цагаа олсон хурал. Ийм хурал болох гэж байгаа бол “тавтай морил” гэж хэлэх хэрэгтэй. Харин эсрэгээрээ буюу өнөөгийн Монголд ардчилал “бүрмөсөн байгуулагдсан” мэтээр “дүгнэх” гэж байгаа бол харин ч ардчиллын эсрэг хурал болно. Ингэж буруу дүгнэвэл Монголд дахин луйврын сонгууль болохыг, хээл хахууль авлига дэлгэрэн цэцэглэхийг, хэвлэлийн эрх чөлөө улам хумигдахыг, шүүх хараат байхыг дэмжинэ гэсэн үг болно. Тэгвэл шуудхан хэлэхэд энэ бол ардчиллыг дэмжих бус, харин устгах хурал болно. Ингэх гэж байгаа бол “ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцацгаа” гэж шаардах хэрэгтэй.
Уг нь ардчилал албан тушаалтнуудад хатуу, ард түмэнд зөөлөн хандахыг шаарддаг онцлогтой. Ардчилалд албан тушаалтнууд биш, ард түмэн дүн тавих ёстой. Эцсийн эцэст ямар нэгэн хурал биш харин ард түмний тавьсан дүн үнэн болно. Нэгэн хүн “Бурхан би жинхэнэ дайсантайгаа өөрөө учраа олъё, харин хуурамч найзуудаас минь намайг салгаж өгөөч” гэж гуйсан гэдэг. Бүгдээрээ бурхнаас залбиран гуйя: “Бурхан минь, биднийг хуурамч ардчилал, хуурамч ардчилагчдаас салгаад өгөөч!”
Ард түмэн өнөөгийн Монголын ардчилалд “муу” гэсэн дүн тавьж байгаа нь нууц биш. Харин ардчиллын гэх хурлынхан ямар дүн тавихыг харъя.
URL: