Магнай дарга аа, “ТЭДИ”-гийнхэн хэрэглэгчдийг хуураад байна

Ийм нэгэн явдал болжээ, Магнай дарга аа. Саяхны нэг өдөр манай сонины уншигч “ТЭДИ” үйлчилгээний төвөөс утас авахаар тус газрыг зорьжээ. Нийслэлийнхэн бүгд тэнд цугладаг юм байна гэдгийг онцлов. Долоо хоногийн хэд дэх өдөр нь ч ялгаагүй хөл хөдөлгөөн их байдгийг тэндхийн утас борлуулагчдийн хэн нь ч хэлнэ гэх юм. Учир нь утасныхаа эд анги, сэлбэг хэрэгслийг байнга сольж, засварлуулах, батарей солиулах гэх мэт иргэдэд тус төвийг зорих асуудал мунддаггүй аж. Энэ бол өнгөцхөн харвал иргэд өөрийн хэрэгцээг хангахын тулд цаг заваа зарцуулж байгаа мэт харагдавч өнгийгөөд харвал хулхи утас борлуулагчид хэрэглэгчийг хуураад байгаа процесс явагдаж байна гэж ойлгогдох.

Тодруулбал, тэндхийн утас борлуулагчид дэргэдээ бүгд шахуу гар утасны засварчинтай суудаг бөгөөд энэ нь иргэд нэг дороос түргэн шуурхай үйлчилгээ хүртэхэд дөхөм мэт харагдавч яг энэ дамжлагад “но” байна гэлээ. Лангуу болгоны ард утас засаж байгаа болон зарж байгаа бизнесменүүд “ичдэг болоосой” гэмээр башир арга хэрэглээд байгааг тэрбээр дуулгав. Утас борлуулагчид, засварчид өөрийн танил тал, найз нөхөд, амин чухал хүмүүст “ориг”, чанартай утас, сэлбэгээр үйлчлээд энгийн ардуудад арай “өөр” бүтээгдэхүүн шахдаг байх юм.Жирийн иргэнд шинэ утас авахын тулд 30 минут л хангалттай байгаа бол нөгөө хүрээнийхэн хоёр цагийг зарцуулж байгааг гэрчлэв. Яагаад тэр вэ гэж үү, хулхи, ориг хоёр төрлийн утас болон сэлбэг тэдэнд байдаг бөгөөд “гараа гаргаж” бүтээгдэхүүнээ зарах хүндээ бол хамгийн сайн гэснээ барьж бөхөлздөг байна. Утас, функцийг нь нэг бүрчлэн шалгаж, батарейг нь муутгадаггүй ориг цэнэглэгч өгч байна гэнэ. Харин жирийн иргэд лангуун дээрх утаснаас сонголтоо хийгээд дагалдах хэрэгслүүдээ бүртгэж аваад л дусаа…

Өнгөн дээрээ шинэ мэт харагдавч өндийгөөд нягтлавал хямд, хулхи, дахин үйлчилгээ авах хэмжээний утасыг борлуулдаг байна.Шинэ утас авахад хүртэл танил тал, ар, өврийн хаалга байх хэрэгтэй болсон цөвүүн цаг ирснийг түүний ийн халаглах яриа батлах нь гунигтай байна.Утас борлуулж буй лангуу болгоны ард суугаа засварчид юу хийдэг вэ гэж уншигч та надаас асуу… Тэгвэл тэд шинэ утаснуудыг хятад, хулхи бүхнээр хольж солиод хор хутгаж суудаг байх нь ээ.

Ингэж олсон “ориг” сэлбэг хэрэгслээ үнэд оруулж иргэдийн халаасыг сэгсэрч байгаагаа тэд “зах зээлийн л хууль шүү дээ” хэмээх үгээр зөвөтгөж биесээ өмөөрдөг гэх юм. Ийм байдлыг илчилж байгаа нэрээ нууцлахыг хүссэн иргэн хэдийгээр өөрөө дотныхоо найзаас ориг утас авч чадсан ч бусдыгаа ийм байдлаар хохирч байгааг харах хэцүү байна, тиймээс өнөөдрийг хүртэл хэчнээн иргэн ийм байдлаар “ТЭДИ”-гийнхэнд хууртаад байгааг ШӨХТГ-ын дарга О.Магнайд дайлаа.Магнай дарга аа, юм л бол ашиг харж бусдынхаа зүдэрч олсон хэдэн халтар төгрөгийг ийм байдлаар халаасалж байгаа хуурамч утас зарж борлуулагчдыг хяная. Нүх болгонд утас, утасны сэлбэг хэрэгсэл зарж байгаа тэднийг цэгцлэе. Утас бол хэрэглээ, нэг насны гангараа биш. Нэг хүн 1-2 утас л хэрэглэж байгаа нийтлэг дүр зураг ажиглагддаг. Талх, ус шиг амин чухал хэрэгцээ биш учраас гар утасны худалдан борлуулах зах зээлийг чангатгая. Зөвхөн “ориг” утас зардаг ганц том дэлгүүртэй болоё. Иргэд төлснийхөө хэрээр чанартай, найдвартай гар утасыг тэндээс авдаг байг. Долоо хоноод л цэнэглэгч авах, батарей солих, утасныхаа товчлуураас эхлээд дотор эд ангийг нь үзүүлж, засварт оруулах шаардлагагүй болно. Тэд биднийг хуурдаггүй, авсан мөнгөндөө дүйцэх хэмжээний үйлчилгээ үзүүлж, худал үгүй, хуурмаглал бүүр ч үгүй, хуучин утас, хямдхан сэлбэгээрээ сэтгэлийг минь хуурахгүй…ийм л байвал гоё байна. Магнай дарга аа, тэднийг үйлчлүүлэгчдээ хоёр гараар хандахгүй байхад анхаарна уу. Тэгэхгүй бол ганц утасныхаа гарлагад хүлэгдэж сардаа хөөрхөн хэдэн төгрөг төсөвлөх нөхцөл бидний хэнбугайд ч бүрдээд байгааг “ТЭДИ”-д утас борлуулдаг найзаасаа хоёр цагийн тусгай үйлчилгээ хүртсэн хэрэглэгч ийнхүү санууллаа. Анхаарах л асуудал.

“NT” © М.МӨНХТУНГАЛАГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих