Байцаагчид шинжилж, дүгнэсээр суутал “ТУУЛ”-ын энгэрт хатаж, загас харангадаж дуусах нь
Хоёр ангир гуниглахын учир
Туулын урсгал шөнөдөө сайхан сан Торгон долгио хаялан мяралздаг сан Хоёр ангир дандаа хөвдөг сөн Холын анир авангаа дуугардаг сан… хэмээх дууны үгийн утгыг бодон Туул голын хөвөөг даган нэлээд явлаа. Ийнхүү явах шалтгаан нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Маршалын гүүрний доод талд хайрус загас бөөнөөрөө үхсэн байна гэсэн мэдээлэл байв. Гүүрийн орчимд очиход усны өнгө хар ногоон болж, эвгүй үнэр хамар цоргино. Тийм газар загас үхэх ч аргагүй биз. Харин Туулын ус юунаас болж ийм болтлоо бохирдож, загас хиарсан нь гайхшрал төрүүлнэ. Мөн гүүрний зүүн талд голын хөвөөнд айл бууж гаднаа барилгын цемент зуурдаг автомашин сойсон харагдана. Архины шил, тамхины хайрцаг, төрөл бүрийн амттаны цаас дүүрэн хөглөрчээ. Туулын ус энд тэндгүй харзлан урсах ч зарим газраараа мөсөн бүрхүүлтэй байгаа нь цаг дулаарах болоогүйн шинж. Уг нь Туул голыг бүсгүй хүний аальтай. Тиймээс аливааг ариусгахаасаа гадна хүн зонд ээлтэй, урсгал нь дөлгөөн гэж хөгшид ярьдаг юм билээ. Гэвч хүн хэмээх амьтан байгальд ямар муухай харгис хатуу ханддагийг энэ орчмоос харж болохоор. Голын хөвөөгөөр хогноос их юм алга. Хэрвээ дорнын их яруу найрагч Б. Явуухулан өдийд сэрүүн тунгалаг байсан бол Туулын урсгал өдөртөө булингартай сан Тостой даавуу дандаа л хөвдөг сөн Хоёр ангир дандаа л гуниглаж Хогон дундаас ганганадаг сан… хэмээн гашуудахаар болж. Үнэхээр усны захаас зайдуухан хогон дунд хоёр ангир гунигтайхан ганганаж байлаа. Ийнхүү эргэн тойрноо ажихдаа нэгэн зүйл эргэцүүлэн бодов. Туул голд загас олноороо үхсэн байна. Одоогийн байдлаар ямар шалтгаанаар олон загас үхсэн нь тодорхойгүй” гэх мэт мэдээллээс бид яагаад урьдчилан сэргийлж болоогүй юм бол. Уг нь усыг булингартахаас нь өмнө, загасыг үхэхээс нь өмнө хайрлаж хамгаалах ёстой бус уу. Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэдгийн үлгэрээр ямар нэгэн зүйлийг болохгүй болсон хойно нь амаа барьдаг арчаагүй занд бид хэдийнэ автчихжээ. Нөгөө талаар хүн шиг аминдаа хайртай амьтан энэ хорвоод үгүй. Даанч өөрийнхөө эрүүл мэндийг хорлох гэсэн мэт эсрэг үйлдлийг дандаа хийдэг нь хачирхалтай. Эрхтэн дутуу мэт мөчир нь хугарч санжсан бургас, элгээрээ мөлхөж газрын хэвлий рүү зүтгэх усыг хараад эмзэглэх сэтгэл төрдөггүй л юм байх даа.
“Туул”-ыг хариуцсан ажилтнууд ажлаа сайн хий л дээ
“Туул голыг аваръя” гэж олон хүн ярихыг би сонссон юм байна. Харамсалтай нь тэр хүмүүс халааснаасаа гараа ч цухуйлгадаггүй бололтой. Хэрэв гараа халааснаасаа авдаг бол ядахдаа л Туулын ойр орчин хоггүй баймаарсан. Жилийн жилд хэдэн оюутан шуудай барьж Туул голын сав орчмын хогийг түүдэг. Гэвч зарим нь хог түүж явахдаа л хогоо хаядаг муу зуршилтайг хүн бүхэн мэднэ. Ийнхүү үхсэн загасны тухай бус хогны тухай ярьж буй үндсэн шалтгаан болох гол ширгэсэн явдал нь усны бохирдол юунаас болоод байгааг л тайлах гэсэн санаа юм. Магадгүй зарим нь арьс ширний үйлдвэрүүдэд бурууг нь тохох байх. Арьс ширний үйлдвэрүүдийн буруутай үйл ажиллагаа ч их байгаа. Гэвч Туул голын бохирдол Налайх орчмоос эхэлдэг гэсэн үг чих дэлслээ. Налайхад химийн хорт бодис хэрэглэдэг ямар үйлдвэрүүд байдаг билээ. Мөн нийслэлээс зүүн тийш алт болон бусад ашигт малтмал олборлодог үйлдвэр, аж ахуйн нэгжүүд юу байна тэр бүхнийг шалгах цаг болжээ. Хэдхэн хоногийн өмнө Туул голын сав газрын захиргааны ажилтнууд загас үхсэн шалтгааныг хэлэх нь байтугай энэ талаар мэдээгүй байсан. Харин өнөөдөр усгүй болсон тул эрэгт хаягдан хэмээх тайлбарыг бамбай болгон хэлж сууна. Хаврын сар дуусаагүй байхад байгаль орчин хордож аюулд өртсөнийг анх мэдээлсэн О.Нэргүй гэх залууд талархал дэвшүүлэх нь зөв байх. Тэрбээр цахим ертөнцөд энэ мэдээллийг цацаж өөрийн твиттер хуудастаа бичсэн. “Бид өнгөрсөн амралтын өдрөөр дугуйн аялал хийж байгаад Туул голыг гаталсан юм. Маршалын гүүрний ойролцоо гол гатлаад явж байтал өмхий үнэртээд байсан. Тэгэхээр нь яваад очсон чинь бөөн загас үхчихсэн байлаа. Ингээд л үүнийг олон хүн мэдэх хэрэгтэй гэж бодоод твиттер хуудастаа тавьсан юм” гэлээ. Ийнхүү анхны эх сурвалж болсон О.Нэргүйн мэдээллийг тунгааж бодох юм бол ирэх зун Туул голын сав орчмоор явах аргагүй эвгүй үнэр гарах нь тодорхой. Маршалын гүүр бол манай улсын ихэс дээдсийн ажил амралтын гол зам. Харамсалтай нь тэд ордноос ордонд гэсэн маршруттай болохоор жолоочоо түр зогсоож Туул голын ойр орчмыг ажих ухаан гардаггүй юм байлгүй. Уг нь Маршалын гүүрнээс гол даган баруун тийш явахад бөөн хэрээ тэнгэрт эргэлдэж, бургасны мөчирт суух нь ямар нэгэн муу зүйл болсныг ухаантай хэн ч болов анзаарч болмоор. Тэрхүү хэрээ шавсан орчмын голын салаанд тогтсон багахан тогтоол усанд бөөн жараахай үхсэн байх багаад цааш уруудахад хайрус загас бөөнөөрөө үхсэн эвгүй дүр зураг нүднээ тусна.
“Загас амиа хорлосон гэх нь л дээ”
Өмнө нь Туул голд загас бөөнөөр үхсэн тохиолдол цөөнгүй гарч байсан. Шалтгааныг нь арай л амиа хорлосон гэхээ шахаад арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг буруутгаад өнгөрсөн. Тухайлбал, Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Өгөөмөр уулын ойролцоох гүүрний орчимд хоёр жилийн өмнө олон тооны загас үхсэнийг нутгийн малчид болон удирдлагууд Онцгой байдлын ерөнхий газарт мэдээлж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд загас үхсэн тохиолдол гараагүй гэж НМХГ-ын байгаль орчны байцаагчид хэлж байгаа юм. Тухайн үед арьс, ширний үйлдвэрүүдээс болж загас үхлээ гэж байсан боловч шинжилгээ хийж үзэхэд энэ нь тус голын загас биш гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Мэргэжилтнүүд тэрхүү дүгнэлтдээ “Гадаадаас арилжааны зориулалтаар оруулж ирсэн загасыг муудахаар нь голын эрэгт хаясан болохыг тогтоолоо” хэмээн тайлбарлаж байсан. Гэрийнхээ хогийг гаргаад холхон хаячихаж чаддаггүй хүмүүс муудсан загасыг 100 шахам километр газар тээвэрлэж Туул голын зах дээр хаясан гэдэг нь эргэлзээтэй шүү дээ. Тэгээд ч үхсэн загасыг голдоо үйдэг арилсан дотортой болчихоогүй байлгүй, монголчууд бид. Нөгөө талаар Хэрлэн, Орхон ч юм уу аль нэг голын загас яахаараа Туулын хөвөөнд ирж үхсэн байдаг билээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Туул голын усны найрлагад байнга шинжилгээ хийдэг тул голын ус бохирдох үндэс байхгүй гэж байна. Хэдийгээр голын загас бөөнөөрөө үхсэн шалтгааныг урьдчилан хэлэх боломжгүй ч ямар нэгэн химийн бодис усанд орсныг үгүйсгэх аргагүй. Одоогоор загас юунаас болж хордож үхсэнийг тогтоохоор Туулын уснаас дээж авч шинжилж байгаа. Ирэх долоо хоногт НМХГ-ын байцаагчдын дүгнэлт гарна. Тэрхүү дүгнэлт нь л үнэн байгаасай. Бас нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгахад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Туул голын усыг хариуцсан мэргэжилтэн ганцхан байдаг юм байна. Тэр нь гадаадад сурч байгаа гэнэ. Улсын мэргэжлийн хяналтын газар ч гэсэн голын усны ганц мэргэжилтэнтэй. Гэвч Монгол оронд хэчнээн гол мөрөн байдаг билээ. Ингээд бодохоор ус, голыг аврах хүн цөөхөн бололтой. Ямартаа ч үхсэн загасыг нь өрөвдөх биш Туул голоо л үхлээс аврах сан.
URL: