“Петрочайна” үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэллээ
Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч л болж байна, цаад Тамсагт чинь. Петрочайна гэх 100 хувь урд хөршийн хөрөнгө оруулалттай газрын тосны компани манай улсын стратегийн чухал бүтээгдэхүүний өрөмийг нь хамаж аваад хусмыг нь үлдээхээр яарч байгаа нь илчлэгдлээ.
Тус компани “СОКО Тамсаг” гэх манай үндэсний компаниас 2005 онд бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг худалдан авч Дорнодын их талд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Тэр цагаас эхлэн угжны хурга шиг монголын төрийн тэргүүдэд эрхэлж толгой гудайлган өмнө нь бөхөлзөж явсаар Дорнод Матадын их талыг бараг “хувьчлаад” авчихжээ.
Юм л бол бидэнд дахиад газар хэрэгтэй байна, бүтээгдэхүүн хуваах гэрээндээ өөрчлөлт оруулаач, бидний ажиллах боломж, нөхцөлийг харж үзээч хэмээн гуншиганах тэдэнд ичих булчирхай байдаггүй бололтой.
Манайхан ч гэж нүд рүү нь эгцхэн шиг харж байгаад хэдэн хатуу үг чулуудаж чаддаггүй нь эх нутгийн минь нэгээхэн хэсэгт эзэн шиг явах боломжийг олгочихжээ. Тиймээс л Дорнодод монгол ажилчин дорд үзэгдэх болж эх орондоо боолын хөдөлмөр эрхэлж байна.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл тэдний эрх ашгийг хэн ч хамгаалсангүй ээ. Төр нь хүнээ хамгаалах нь бүү хэл халгаж зугатаад нүүр тулахгүй байхад юу боллоо гэж харийнхан юу дутуу байна гэж ирээд л хөлд нь суух вэ дээ.
“Петрочайна дачин тамсаг” компанийн аргаа барсан монгол ажилчид удирдлагууддаа удаа дараа цалин хөлсөө нэмүүлэх, ажиллах орчин нөхцөлөө сайжруулах хүсэлтийг амаар болон бичгээр хүргүүлж байсан ч тусыг эс олсон учир хоёр хоногийн өмнө “сануулах” жагсаал хийсэн билээ.
Гэтэл өчигдрийн байдлаар үр дүн гараагүйгээр үл барам удирдлагуудаас нь цалин хөлстэй холбоотой асуудлаар ам нээхгүй. байгааг тус компанийн ҮЭХ-ны дарга Ч.Владимир хэлж байна. Тэд хятад удирдлагуудаасаа доорх зүйлийг шаардсан бөгөөд шаардлагад,
1. Ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх,
2. Ажлын хоногийг 30:14 болгох,
3. Компанийн удирдлагат ҮЭХ-г оруулах,
4. Ажилчдыг ажлаас халахдаа ҮЭХ-той зөвлөлдөх,
5. Ахмадуудыг жилд нэг удаа эмчийн үзлэгт оруулах ба сувилалд явуулах,
6. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын талаарх сургалтыг ҮЭХ-той хамтран явуулах гэсэн монгол улсын хууль тогтоомжид бүрэн нийцсэн үндэслэл бүхий шаардлагыг хүргүүлсэн юм.
Хэд хэдэн удаа энэхүү шаардлагыг биелүүлэхийг хүсч байгаа ч ус балгасан мэт дуугүй байгаа “Петрочайна”-гийн удирдлагуудын далд санаа чухам юуг илэрхийлнэ вэ. Монгол ажилчид дахин шаардлага хүргүүлж хариу өгөхгүй тохиолдолд ажил хаяна гэж байгаа юм.
Компанийн удирдлагууд ажилчдын цалинг 30 хувиар нэмсэн гэх тайлбарыг хэлж байгаа ч энэ нь зөвхөн нэр төдий л нэмэгдэл байсан гэдгийг ажилчид хэлж байгаа юм. Учир нь компани ажилчдын үндсэн цалинг нэмээд хээрийн нэмэгдлийг нь хасчихжээ.
Энэ нь нийгмийн даатгалын дэвтэр дээр нэмэгдсэн мэт харагдаж байгаа боловч 10-20 доллар л нэмэгдсэн байгааг Олборлолтын оператор Э.Дашдорж, Г.Эмхтүвшин нар учирлав. Газрын тос олборлох голомтод ажиллаж байгаа 300 гаруй монголчууд байна.
Үүний 90 хувийнх нь цалин нэмэгдээд 300-500 ам.доллар болжээ. Энэ нь бусад уул уурхайн компанийн цалинтай харьцуулахад 3-4 дахин бага байгаа юм. Гэтэл компани өдөртөө туршилтын олборлолт нэрээр нэг сая ам.долларын өртөг бүхий газрын тосыг Бичигтийн боомтоор урд хөрш рүү зөөвөрлөдөг гэдгийг ч бид өмнө нь мэдээлж байсан.
Компани ирэх зунаас 19,21 дүгээр талбайг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа бөгөөд хэрэв уг талбай ашиглалтад орвол Хятадаас 4000 ажилтан орж ирэхээр төлөвлөгджээ.
Ийм байж болох уу. Ч.Владимир гуайн хэлснээр “Цалин нэмэхгүй бол ажил хаяна гэсэн шаардлагын хариуд компанийн удирдлагуудаас нэн хачирхалтай хариу хэлжээ. Тодруулбал, “Монголчууд ажлаа хийхгүй бол Өвөрмонголоос оруулж ирэх нефтийн гэрээг цуцлуулна” гэж шантаажилжээ.
Монгол төрийн бодлогоор ажил хэрэг ярьчихаад байхад авдрыг нь ухаж байгаа захын компани алтыг нь авчихаад ингэж том дуугарч болох юм уу, Ерөнхий сайд аа. Петрочайна хоёр улсын төрийн бодлогоор гэрээлсэн яриаг таслах эрхтэй юу.
Монгол хүнийг үнэгүй ажиллах хүч болгон ашиглачихаад төрийн бодлогоор хөндөгдөж байгаа яриа хэлэлцээрийг тасалдуулах, шантаажлах дархан эрх энэ компанид байж болох уу.
Петрочайна дэлхийд эхний тавдугаарт эрэмбэлэгддэг байж болох ч бүхэл бүтэн улс орны яриа хэлэлцээрийг уландаа гишгэж чадах хэмжээний даруулгагүй, дээрэнгүй үзлээр бидэнд хандаж болох уу.
Орон нутагтаа автозам барина гэчихээд төдийгөөс өдийг хүртэл ганц хүрз шороо ч засаагүй тэднээс хариуцлага, бүтээн байгуулалт, нөхөн сэргээлт, онгон атар газрынхаа үнэ цэнийг нэхье. Гэтэл бас буруу сонсоогүй бол юу гэнэ вэ, хятадууд.
Одоогийнхоо 300 ажилтны цалинг нэмж чадахгүй хэрнээ 4000 хятад оруулж ирнэ гэв үү. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах чухал асуудал. Аюул энэ байна. Өнгөцхөн харвал эдгээр 4000 хятад ажил хийх гээд байгаа болов ч амьдрал эхлүүлж амьдарч эхлэх гээд байна.
Газар нутаг, гэр орны дотоод амин чухал асуудал давхар хөндөгдөж монгол хүний эрүүл мэнд, удамшил, хэл, хил яригдах асуудал хөндөгдөх учиртай. Үүнээс л сэрэмжлье. Хөршүүд яагаад ийм олноор нутаг нэгтнээ Дорнодод дуудаж байгаа нь аюул дагуулж байна.
Барж идэхээр мэрж идэх өнөөх нанхиад улсын бодлого мөн гэж хардаж байна. Аюул энэ байна. 4000 хятадыг оруулж ирэх гол шалтгаан нь “Монголчууд ажиллахгүй байна, биднээс их хэмжээний цалин хөлс шаардаж байна. Тиймээс бид өөрийн ажилчдаараа үйл хэргээ үргэлжлүүлнэ” боллоо…тэд ингэж хэлээд ам таглана.
Монголчууд залхуу, хорго, ноён зантай, нохой гүйдэлтэй…гэх мэт хар муу үгийн зэвээр нэрээ хугалуулаад дуусна. Ингээд л монголын зүүн хязгаараас эхлээд хятадын нутаг орон эзлэх бодлого биелэлээ олж эхлэх ихээхэн хөрс тавигдаж байна хэмээн хардана.
Бодоод үзье. 300-хан ажилчнаа цалинжуулж чадахгүй байж тэр олон хятадыг яаж цалинжуулах вэ гэсэн асуултад тус компанийн хуулийн зөвлөх “туслан гүйцэтгэгч компани оруулж ирэх учир бидэнд хамаагүй” гэх хөгийн тайлбар хэлж байна.
Гэтэл туслан гүйцэтгэгч компани Петрочайнаагаас санхүүжиж ажилчдынхаа цалинг тавина. Ингэж л цөөхөн хэдэн монголчуудыг минь маллах арга заль мэхээ хэдийнэ боловсруулчихсан сууж байх юм. Гэтэл бид зам тавиулж 300 хүнээ ажлын байраар хангалаа гээд баярлаж суугаа нь юутай эмгэнэл вэ.
Харсаар байтал нүднийх нь өмнө хээв нэг томорч, гараа халаасандаа шуучихаад шилнийхээ дээгүүр ярвайж суугаа урд хөршийхний толгойг илэх хууль ярьсан гуулийн ашиг сонирхолтой эрхмүүдэд хэрүүлийн алимаар хооллоод суух зав үнэхээр байна гэж үү. Хууль мэддэггүй, хэрэгжүүлдэггүй Ерөний сайдтай улсад хариуцлага яриад ч нэмэргүй дэг ээ. Яая даа байз…
М.Мөнхтунгалаг
Эх сурвалж:
URL: