Ерөнхийлөгчийн сонгуульд аль намын хэн өнгөлөх бол
Монголчууд ирэх дөрвөн жилд улс орны эв нэгдлийг зангидаж, төр тэргүүлэх Ерөнхийлөгчөө сонгох эгзэгтэй цаг мөчид тулж ирээд байна. Нэн хариуцлагатай энэ үед аль намаас хэнийг нэр дэвшүүлэх бол гэсэн хүлээлт бий болжээ. Төр, засгийн бүх эрх мэдэл нэг хүчинд шилжсэн үед тэр тусмаа сөрөг хүчин МАН- аас хэний нэрийг дэвшүүлэх бол гэдгийг олон түмэн чих тавин анзаарч, санал бодлоо ч илэрхийлж байна. МАН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ намын гишүүдийнхээ саналаар ардчилалтай, ил тод, шударга зарчмаар тодруулж байгаа нь олны анхааралд аль хэдийнэ өртсөн. Эхнээсээ хамгийн олон давтамжтай нэр гарсан тус намын лидерүүдэд ч олны ам сайн байна. Аймгуудын дүнгээс харахад өнөөдрийн байдлаар МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан нарын нэрс хамгийн олон давтамжтай гарчээ.
Эд бүгд сонгогч олны хүсэн хүлээсэн лидерүүд, тэр дунд анх удаа эмэгтэй хүн өрсөлдөж байгаа нь тус нам хэр ардчилсан байгаагийн шалгуур гэлтэй. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Н.Багабандиас эхлээд нэр бүхий хүмүүсийг Ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Уг нь бол МАН- аас хэнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ хэмээн зохион байгуулж эхэлсэн энэ ажил хамгийн ардчилалтай шударга шүүлт гэдэгт эргэлзэх хэрэггүй. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийг сонгох сонгуулийг ард түмний санал бодолд тулгуурлан гаргаж ирнэ гэдэг өөрөө ёс зүйн том асуудал учраас ард түмэн ч ам сайтай хүлээж авсан бололтой. Улстөрийн тулхтай хүчний хувьд, улс орноо олон жил удирдаж ирсэн намын хувьд ард түмэн, гишүүд дэмжигчидтэйгээ хамт Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэсэн үг. Тийм ч учраас нийт ард түмний дунд ийнхүү ардчиллын зарчмаар санал асуулга явуулж эхэлсэн нь нүдээ олсон асуудал мөн.
Мэдээжийн хэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч нэг намд үйлчилдэг, нэг намын Ерөнхийлөгч биш шүү гэдгийг ойлгуулахыг зорьсон учраас ард түмэнтэйгээ хамт нэр дэвшигчээ тодруулахыг зорьж байна. Өнөөдөр эрх баригчдын хууль бус үйлдэл тоймоо алдаж, хуулийг уландаа гишгих болсон нь жирийн үзэгдэл. Ийм үед Ерөнхийлөгчийг АН-аас биш, бусад намаас гаргаж ирэх нь улс орны аюулгүй байдал, ард түмний амьдралд хэрэгтэй гэх хүн олон болсон. Тодотговол эрх мэдлийг тэнцвэржүүлэхгүй бол улс орны эмх замбараагүй байдал газар авлаа гэсэн мессэжийг ард түмэн өгч буй. Тэгэхээр МАН улстөрийн ууган хүчний хувьд ард түмэнтэйгээ хамтраад Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах юм бол тэдний гарт ялалт бий гэдгийг улстөр судлаачид ч хэлэх болжээ.
АН фракцын дайнаар нэр дэвшигчээ гаргаж ирнэ
МАН-ын дараа томоохонд тооцогдох улстөрийн хүчин бол АН. Өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвших нь тодорхой хэмээн нэг хэсэг хүмүүс хэлж байхад нөгөө хэсэг нь АН дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа далд хэлбэрээр ширүүхэн өрнөж буй гэх нь ч бий.
Ямартай ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд намаасаа нэр дэвших эрхийн мандат өвөртлөнө гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа. Нөгөө талаар хууль ёсны сурталчилгаа эхлээгүй байхад эртнээс сурталчилгаагаа эхлүүлсэн. 2013 оны босгон дээр Хөвсгөлийн их тайга, цаатны урцнаас эхэлсэн түүний сурталчилгаа Өвөрхангай аймагт малчны хотонд хүртэл өрнөөд өдгөө хүн амын төвлөрлөө бараадсан. Яг өнөөдөр бол Ерөнхийлөгч интернэт орчинг захирах шахам л сууна. Түүнчлэн “Далан мянга таны амьдралд” гэх мэт уралдааныг оюутан залуусын дунд зарлуулах замаар далд сурталчилгаа өрнүүлсэн шиг сууна. Ц.Элбэгдорж нэр дэвших эсэхдээ эргэлзэлгүй сурталчилгаа хийж байгаа нь бас л цаанаа учиртай гэх.
Хэрвээ эх сурвалжийн хэлсэн шиг Ерөнхийлөгчийн сунгаа АН дотор ширүүхэн өрнөх юм бол Ц.Элбэгдорж олон фракц дунд хоосон хоцрох магадлал тун өндөр. Яагаад гэвэл өдгөөгийн Ерөнхийлөгчийн нэр хүнд ард түмний дунд багагүй унасан бөгөөд АН түүнийг ахиад нэр дэвшүүлбэл өвдөг шороодно гэсэн прогнозыг хийгээд буй. Тэр хэрээр АН дотор байгаа хүчирхэг фракцууд түүнийг сунгаанд өнгөлүүлэхгүй байх зорилго бий. Тухайлбал, Х.Баттулга, Н.Алтанхуяг, З.Энхболд нарын фракц бол хүчирхэгтээ орох төдийгүй түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гээд гэдийчих юм бол аюултай.
Харин үүнийг эрт мэдэрсэн Ц.Элбэгдорж Н.Алтанхуягийг удаа дараа хууль зөрчиж, төрийн олон мянган алба хаагчийг гудамжинд гаргаж байхад юу ч хэлэхгүй байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгааг хүлээсэн хэрэг гэх. Уг нь ном ёсоор бол Засгийн газрын тэргүүн нь хууль бус зүйл удаа дараа хийж байхад үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч маань чимээгүй суух учиргүй л дээ. Олон мянган иргэдийн амьдрал, үндэсний аюулгүй байдлын төлөө дуугараад зогсохгүй, тэдэнд арга хэмжээ авах ёстой хүн. Тэгэхээр цаанаа ямар нэгэн учир байгаа, тэр нь намаас нь нэр дэвших горьдлого гэж төвөггүйхэн ойлгогдох аж. Нөгөө талд болохоор УИХ-ын дарга З.Энхболдод тал засч, алсуур нь Н.Алтанхуягийн фракцыг Засгийн газраас шахах бодлого ч явуулж буй гэдэг. Тэгэхээр АН айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ нэр дэвшүүлэх тухайд бол фракцын дайнаар өндөрлөж хэн сайн хор найруулсан нь энэ эрхийг гардах нь. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд ямар ч ардчилалгүйгээр нэр дэвшигчээ тодруулах бололтой. Хамгийн гол нь дөрвөн жилийн турш намынхаа төлөө ажилласан Ц.Элбэгдорждоо итгэл хүлээлгэхгүй байгаа нь ийнхүү фракц хооронд дайн зарлуулах нь. Түүнчлэн өдгөөгийн Ерөнхийлөгчийн зүгээс томоохон улстөр явуулахыг ч үгүйсгэхгүй.
“ШУДАРГА ЁС”-чууд угшил угшилаа дагах болов уу?
Өнгөрөгч сонгуулийн үр дүнд 10 орчим суудал авч, Засгийн газарт хүч хавсрах болсон “шударга ёс”-чууд ч айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч оролцох нь дамжиггүй. Багагүй хөдөлмөр зүтгэлийн хүчээр гуравдагч хүчний орон зайг бүрдүүлсэн учраас Ерөнхийлөгчийн сонгууль бол тэдний хувьд өөрсдийнхөө хэм хэмжээг мэдрэх нэгэн том шалгуур мөн. Өөрөөр хэлбэл, ард түмнээс ямар дүн авах вэ гэдэг том шалгуурын өмнө зогсч байгаа хэрэг. Шинэ тутам энэ улстөрийн хүчин УИХ-ын сонгуулиас хойш ард түмнээсээ гурав дахь удаагаа дүн сонсох гэж байгаа нь энэ. Тэгэхээр өндөр ач холбогдол өгөхөөс ч өөр аргагүй.
Гэхдээ МАН, АН гэх улстөрийн хоёр том хүчинтэй өрсөлдөнө гэдэг тэдний хувьд амаргүй том даваа бөгөөд онол практик аль алиных нь хувьд боломжгүй зүйл. Хэн нэгнээ нэр дэвшүүлээд дээлийнх нь захыг мушгиад сууж болно л доо, гагцхүү ялалтын туг мандуулна гэдэг онол практикийн хувьд байхгүй зүйл. Тиймээс энэ эвслийн хувьд аль нэг улстөрийн хүчинтэй хүч хавсарч байж сая амжилт үзүүлнэ. Харин МАХН-МҮАН хэмээх хоёр нэгдэл хоёр өөр угшилтай, хоёр өөр үзэл баримтлалтай. Тэгэхээр энэ эвсэл өнгөрөгч УИХ-ын сонгуульд өрсөлдсөн шигээ хамтдаа уриа гаргаад, гэрээлээд явах боломж бас л тун хомс. Яагаад гэхээр МҮАН барууны үзэл баримтлалтай, өдгөө төрийн эрхийг атгаж буй АН-ын угшилтай. Харин МАХН нь өдгөө сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй МАН-тай үзэл баримтлал ижил, угшил нэг юм.
Тодотгох юм бол зүүний үзэл баримтлалтай нам. Тэгэхээр үзэл баримтлалын дагуу МҮАН нь АН-тай эвсч, МАХН нь МАН-тай эвсэх магадлал бий. Юутай ч улстөрийн соёл, ард түмнээ бодсон ч үзэл баримтлалаа дагах л болно. Түүнээс биш барууны үзэл баримтлалтай намтай зүүн нь нэгдээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдэг байж болохгүй асуудал гэдгийг судлаачид хэлж буй. Үнэн хэрэгтээ сонгогч олон ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн гол тулаан МАН-МАХН, АН- МҮАН гэсэн хоёр эвслийн дунд өрнөж өнгөрөх нь тодорхой. Хажуугаар нь улстөрийн бусад жижиг хүчнүүд, шинэ тутам эвсэл, бие даагчдын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүс ч байж л таарна.
URL: