Өглөө бүр 500 хятад ажилчин улаанбаатарт ирж байна
Зам, барилгын улирал эхэллээ. Гэтэл ажилчдын олонхи нь гадныхан байдаг. Ялангуяа БНХАУ-ын иргэд. Тиймээс манай улсад хөл тавьж байгаа хятад ажилчдыг сурвалжлахаар өчигдөр өглөө төв вокзалыг зорилоо. Өмнөд хөршөөс өглөө бүр Замын-Үүд-Сайншанд-Чойр-Багахангай-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэг 9.30 цагт ирдэг ч олонхи нь наймаа эрхлэгч монголчууд. Харин түүний араас 10.30 цагт Эрээн-Улаанбаатар чиглэлийн нэмэлт вагонд хятадууд ирдэг байна. Энэ үеэр хятад, монгол хүмүүс хоёр гурваараа энд тэнд зогсон хоорондоо ярилцана. Хятадуудыг угтан авахаар зогсч буй нь илт. Зарим нь нутаг нэгтнүүдээ хүргэхээр төмөр замын тэрэгчидтэй тохиролцоно.
Галт тэрэг ирж зогсох чимээнээр үйлчлэгчид хаалгаа нээв. Цүнх, чемодан барьсан хятадууд бууж байгаа нь харахаас андашгүй юм. Вагон бүрээс 16, 22, 29, 27, 24 гэх мэт тооны хятад ажилчид бөөн бөөнөөрөө буув. Бүр вагон дүүрэн ч ирсэн байлаа. Тэд ногоон алаг хувцсаар жигдэрчээ. Тэднийг нэгэн залуухан бүсгүй их л сурамгай газарчлав. Нэг дор ирсэн 35 хятад иргэдийн ачаа тээшийг портерт ачуулав. Араас нь хэд хэдэн жижиг тэрэг тэднийг зөөхөөр дараалан зогсчээ. Олуулаа ирсэн “ажилчин зөгийнүүд”-ийн талаар монгол хэлмэрчээс лавлавал “Барилгад ажиллахаар ирсэн хууль ёсны зөвшөөрөлтэй иргэд” хэмээн цааш мэдээлэл өгөхөөс эрс татгалзав.
Нэмэлт галт тэрэг 24 вагонтай, нэг бүр нь 36 суудалтай. Дунджаар бодвол дор хаяж 500 орчим хятад ажилчин өглөө бүр манай улсын нутаг дэвсгэрт хөл тавьдаг ажээ. Вагоны үйлчлэгчдээс лавлавал тэд өдөр бүр ирдэг гэнэ. Ялангуяа өнгөрсөн сарын сүүлчээс манай улсыг зорих нь эрс нэмэгдсэнийг төмөр замын ажилчид хэлж байлаа. Хуулийн дагуу манай улсын хүн амын гурван хувь нь гадаад иргэн байх ёстой. Нарийвчилбал нэг улсын иргэдийн тоо нэг хувиас хэтрэхгүй гэжээ. Тэгвэл өнгөрсөн сараас эхэлсэн хятадуудын цуваа нэг биш нэлээд хувийг эзэлсэн байна.
Б.ЗАЯА
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: