АТГ “Эрдэнэс Тавантолгой”-н тендерийг шалгах нь

Тавантолгойн орд газрын ажил зогссон төдийгүй, зарлагдсан тендер утгаа алдлаа. Шинээр байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газар өмнөх Засгийн газрын зарласан тендерийг хүчингүй болгож орд газар үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын “Шинхуа Энержи”-ийг шахаж, тендерт торойгоод байсан ОХУ-д хаалт тавьснаар Тавантолгойн орд газрын ажил жинхэнэ утгаараа чөдөрлөгдөөд байгаа. Хойд өмнөд хоёр их хөршөө адласны төлөөсөнд бид нүүрсээ гаргах зах зээлгүй болж, шатахуун түлшээ өндөр үнээр авах төдийгүй хомсдолд ч орж мэдэхээр буй. Өөрөөр хэлбэл хятадууд нүүрсээ биднээс биш Киргизстанаас авахаар болж, оросууд шатахуун түлшнийхээ татварыг нэмж, монголд нийлүүлэх хувь хэмжээгээ багасгахаар болов.

Энэ бол бидэнд ирсэн томоос том аюул мөн. Байдал улам хурцдаж, орд газрын ажил зогсонги болсон энэ үед манай улсын Засгийн газар ажлыг зогсоохгүй нэрээр Тавантолгойн орд газарт ямар ч тендергүйгээр  “Хишиг Арвин Индустраль” хэмээх компанийг хөрс хуулуулах нэрээр оруулчихсан. Мэдээллийн хэрэгслээр дэлгэснээр бол “Хишиг-Арвин Индустраль” компанийн ар талд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг байгаа хэмээсэн. Харин хамгийн ойрын эх сурвалжийн мэдээллээр бол өнгөрөгч 2011 онд хамтарсан Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж асан Н.Алтанхуяг Тавантолгойн тендерт энэхүү компанийг зүтгүүлээд дийлээгүй юм билээ. Учир нь тухайн үед “Хишиг Арвин Индустраль” нь орд газарт үйл ажиллагаа явуулах ямар ч шаардлага хангаагүй байсан аж. Тиймээс тухайн үед тендерийн ажлын хэсэг хассан учраас Н.Алтанхуяг аргагүй мухардалд орсон мэдээллийг хэвлэлүүд дэлгэж байв.

Нөгөө талаар яг энэ үед Тавантолгойн орд газрыг ашиглах, гаднын хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах ажлын хэсгийг одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахалж байсан гэдгийг ард түмэн өдгөө мартаагүй. Тийм ч учраас “Хишиг Арвин Индустраль” хэмээх компанийн ард Н.Алтанхуягийг байна гэж ойлгогдож буй. Зөвхөн үүгээр ч зогсохгүй Н.Алтанхуяг сайдын охин тус орд газарт 17 тэрбумын тендер хууль бусаар авсан гэх мэдээлэл цацагдах ч болсон. Тэгэхээр орд газрын тендер Ерөнхий сайдын гараар ороод байна гэх мэдээллийг улам л бататгасан хэрэг боллоо. Харин бүр сүүлийн үеийн мэдээллээр Тавантолгойн тендер тойрсон асуудлыг АТГ шалгаж байгааг эх сурвалж хэллээ. Энэ бүх мэдээллийн багцаас харах юм бол магадгүй “Хишиг-Арвин индустраль” компани болон бусад тендерт оролцож буй хууль бус компаниудыг шалгаж буй бололтой юм. Үүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудыг ч шалгах нь дамжиггүй. Цаад агуулгаар нь авч үзэх юм бол Ерөнхий сайдад холбогдох хууль бус тендерийг АТГ шалгах нь.
Стратегийн ач холбогдол бүхий орд газар тойрсон тендерийн асуудлыг АТГ шалгаад эхлэх юм бол үүнд маш олон хүн холбогдож таарна. Ерөнхий сайдаасаа эхлээд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Я.Батсуурь, Уул уурхайн сайд Д.Ганхуяг гээд бусад хүмүүс ч холбогдож таарна.

Б.Өлзий

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих