“Чалко”-гоор халхалсан 17 тэрбумын тендер
Иргэн миний хувьцаа хэний халаасанд явна вэ. Өмнөх Засгийн газрын үед Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр болж, тогтоол гаргаж байсан билээ. Гэтэл тэрхүү хувьцааны сураг алдрав.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 29 хувийг 764.350 иргэнд үнэ төлбөргүйгээр олгосон гэх тайлан мэдээ албаныханд бий. Эдгээр иргэн нь 1072 ширхэг хувьцаагаа авах сонголт хийсэн аж. Харин бэлэн мөнгөжүүлэхийг хүссэн иргэдийг энэ тоонд оруулаагүй.
Мөн сургалтын төлбөр, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бэлэн мөнгө авчихсан тул эргэж харалтгүй. Нэг үгээр хэлбэл, тэд хэдийнэ хувьцаагаа арилжаад үр ашгийг нь хүртчихсэн гэж болно.
Нөгөөтэйгүүр, дээрх 764350 хүний тоонд иргэн би багтаж байгаа эсэх нь тодорхойгүй. Мөн аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр худалдаалахаар болсны дагуу 1500 компани “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг 29 рэрбум төгрөгөөр худалдан авчээ.
Долоон тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн ордоос иргэн, аж ахуйн нэгж ашиг хүртэхийг харж суух зуур дээгүүрээ хувааж идээд дуусаж байгаа бололтой юм. Өнөөх ДОХ гэгчийг чинь дээгүүрээ л хуваагаад авчихна, мань мэтэд хүртэхгүй ээ гэдэг шиг л үйл явдал өрнөж эхэлжээ.
Үгүй дээ л, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д нэг ч иргэн байхгүй. Иргэд, аж ахуйн нэгжийн хяналтаас ангид гэж ч тодотгож болно. Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан ТУЗ-ийн хараат бус гишүүнээсээ хүртэл татгалзаж байсан удаатай.
Гагцхүү төрийн нарийн бичгийн дарга нар, улстөрчид үүрээ засаж, өндгөө бөөцийлөөд суучихсан. ёстой л төр, төрөл нь холилдоно гэгчийг жинхэнэ утгаар нь тольдож болохуйц.
Тухайлбал, Л.Гантөмөр сайдын дүү Л.Ганболд, Батж.Батбаярын хүү Батбилэг Г.Батхүүгийн хүү Г.Ганхүлэг, Г.Дэнзэнгийн төрсөн эгч Одонгэрэл гээд нэрлээд байвал чамлахааргүй урт жагсаалт хөвөрнө. Тэд Монголын томоохон ордод сандайлж суугаад савраа дүрчихсэн.
УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн хүү Ганхүлэг л гэхэд тээврийн албаны дарга гуншинтай. Ийм атал иргэдийнхээ эрх ашгийнхаа төлөө нэгдэн нийлж дуугарах иргэний хөдөлгөөнийхөн ч таг чиг. Хувьцаанд хууртагдсан иргэд ч хараа хяналтаа сулруулж, бараг л хөрөнгөтэй эсэхээ мартчихаж.
Хэзээ ашиг өгөх бол гэж хүлээхээс биш хэн хэн дээгүүрээ юу хийгээд байна гэдгийг анзаарсангүй. Аж ахуйн нэгжийн хувьцаа худалдаж авсан 29 тэрбум төгрөг ч хэний халаасанд орж, юунд зарцуулагдав гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ эхнээсээ цухалзаж эхэллээ.
Төр, төрөл нь хутгалдсан эрхмүүд хэндээ юуг найр тавьсаныг ах намынхан уудлаад гаргаад ирэв бололтой. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр цахим хуудсаараа нэгэн хүнийг танилцуулсан нь “Говь Повер” компанийн захирал Ч.Уянга гэгч байлаа.
Энэ хүнийг танилцуулах болсон нь дээрх “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой. Тавантолгойн уурхайгаас машинаар нүүрс зөөвөрлөж Цагаан хадад авчирч асгах үүрэг бүхий 17 тэрбум төгрөгийн тендерт ялалт байгуулсан компанийн эзэн бүсгүй.
Энэ оны нэгдүгээр сард барилгын засал чимэглэлийн “Говь Повэр” ХХК-ийг нэг сая төгрөгөөр худалдан авчээ. Гэтэл мөн өдрөө компаниа нэг тэрбум төгрөгөөр үнэлсэн сэргэлэн бүсгүй. Улмаар тухайн сарынхаа 18-ны өдөр 17 тэрбумын тендерт ялалт байгуулсан гэж байгаа.
28-хан настай энэ бүсгүйг ийм хэмжээний амжилт гаргахад нь Ерөнхий сайд ахынх нь, дээр нь Засгийн газрын хэрэгэрхлэх газрын дэд дарга ажилтай хамтран амьдрагчийн нь гавьяаг үнэлж баршгүй.
Ингэж нэг сая төгрөгийн компанийг хэд дахин аривжуулсан Гэрэлхүүгийн Уянгыг АТГ-ынхан овоо хараандаа авч, нягталж шалгах хэрэгтэй юм биш үү. Татварын ерөнхий газар, Цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэсийнхэнд өгөөш тавиад өглөө.
Үргэлжлүүлэн шалгаач. Шударга л байцгаая л даа. Тийм биз дээ, Ерөнхийлөгч өө. Тэнэг л биш бол компаниа тэгж үнэгүйдүүлж, бусдад өгөөш болгож өгнө гэж байхгүй. Үнийн дүнгээ нуун дарагдуулсан ч байж мэднэ, татварынхан. Ар өврийн хаалга гэж харж үзэлгүй арга хэмжээ авч, хариуцлага нэхэмжлье, Ерөнхийлөгч өө.
Ашиг сонирхлын зөрчилтэй Н.Алтанхуягт хандаад нэмэргүй. Нэг чихээр оруулаад нөгөө чихээрээ сэгсэрчихнэ. Учир нь Н.Алтанхуягийн төрсөн эгч Н.Наранцэцэгийн охин нь Г.Уянга. Дээр нь тэрбээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнгийн хамтран амьдрагч гэх мэдээлэл бий.
“Их тэнгэрт” болсон аймгийн Засаг дарга нарын уулзалтын үеэр Н.Алтанхуяг “Энэ Г.Дэнзэн бид хоёрыг ашиг сонирхлын зөрчилтэй, ураг төрлийн холбоотой гэдэг л юм. Гэхдээ туслах байхдаа эгчийн маань охин суучихсан хүнийг би яалтай.
Ямар чи манай хүргэн гээд хойш нь татаад байлтай биш” хэмээн нийтэд холбоогоо илчилсэн байдаг. Тэгэхээр Г.Уянгын хамтран амьдрагчийг нагац ах нь хэдийнэ нийтэд зарлачихсан гэж үзэж болох талтай. Ийм байхад Н.Алтанхуягт асуудал болгож тавих гэж үү.
Харин ч хамтад нь шалгаж, хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Тийм биз дээ, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч өө. ТУЗ-ийн гишүүдээс улстөрчдийг зайлуулья. Төрийн төмөр нударгыг энэ удаад л үзүүлчихье. Төр, төрөл нь холилдож, ард түмнээ үл тоож, ашиг хонжоо хайсан тэднийг ул мөргүй цэвэрлье.
Ингэж чадвал ард түмэн ардчилсан Ерөнхийлөгчид талархана. Нөгөөтэйгүүр, 17 тэрбум төгрөгийн тендерийг зарлах шаардлага байсан уу, үгүй юу гэдэг асуулт урган гарна. “Эрдэнэс Тавантолгой” уурхайгаас Цагаан хад байтугай хил давуулаад ч нүүрсээ асгах хэмжээний ажлыг хийх бүрэн боломжтой.
Ийн атал 17 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн нь дэгдээхэйгээ хооллох гэсэн арчаагүй арга ч байсан байж мэднэ. Гол нь “Эрдэнэс Тавантолгой”-д яг л “Эрдэнэт”, МИАТ-ийг иддэг шигээ тоглолт хийж байсан байгаа юм. Бага багаар шимэж, цөлмөх ажиллагаа.
Багануурын уурхайд 10 сая шоо метр куб хөрсийг хуулбарлан байж гаргасан нүүрсээ нэг тонныг нь 23 мянгаар, Шивээ-Овоо нэг тонныг нь 18 мянган төгрөгөөр олборлодог. Гэтэл Тавантолгойд нэг сая шоо метр куб хөрс хуулчихаад нэг тонныг нь 41 мянган төгрөгөөр олборлож байгаа нь шударга ёсонд нийцэх үү.
Адилхан л төрийн өмчит биз дээ. Ийм ялгавартай, алагчилсан байдлыг юу гэж тайлбарлах уу. Асуудлыг хэнд тавьж хаяглах уу, Еренхийлөгч өө. Саяхан “Чалко”-гийн асуудлаас болж эдийн засгаа элгээр нь мөлхүүлчих дөхлөө. Гэтэл үнэн хэрэгтээ хөшигний цаана дээрх хэрэг өрнөж байж.
Засагт гарангуутаа алдаатай гэрээг засаж сайжруулна гэж ам ангайх бүртээ тодотгож байсан тэдний үнэн төрх энэ. 17 тэрбум төгрөгийн тендерээ ажил хэрэг болгож, ах дүүдээ шилжүүлэхийн тулд Тавантолгойн нүүрсийг зогсонги байдалд оруулсан байж. Ингэж хардах хангалттай үндэслэл байна.
Хятадын тал Монголд газардаж хэлэлцээр явагдсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж, улмаар хоёр тал тохиролцсны дагуу нүүрсээ нийлүүлж эхэлсэн тухай Н.Алтанхуяг мэдэгдсэн юм. Гэтэл гэрээнд ямар ч өөрчлөлт ороогүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Харин ч 70 ам.доллараар нүүрсээ зарахгүй гэж том дуугарч байсан тэд өнөөдөр 56 ам.доллараар “Чалко”-д нийлүүлээд эхэллээ. Нүүрсний үнэ нь 110 байхад 70 ам. доллараар хийсэн алдаатай гэрээ гэж ах намынхныг зэмлээд байгаагүй бил үү. Гэтэл энэ юу вэ. Ариун явдал уу, ардчилсан Ерөнхийлөгч өө.
Д.Дорж
Эх сурвалж:
URL: