“PSY”-ийг Монголд хазаарлая
Дуучин Парк Жае Сан буюу “PSY”-ийн “Ганнам Стиль” нэртэй дуу өнгөрсөн оны хөгжмийн синдром байж чадсан. Хэдийгээр тэрбээр 2001 онд уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч 10 гаруй жилийн турш дэлхийн тавцанд “хэн ч биш” байв. Түүний хоржин үгтэй, хөгжөөнтэй бүжиг дэлхий нийтийн сонорыг татаж, хормын дотор “Макарина” бүжгийн сүүл мушгиж, гайхалтай амжилтыг үзүүлсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Хар тамхины хэрэгт орооцолдож, 500 мянган вонны торгууль төлж байсан удаатай тэрбээр, Солонгосын дуу хөгжмийн төлөөлөл болж анх удаа дэлхийн тавцанд дээгүүр гишгэсэн хүн. Эл утгаараа түүний уран бүтээлийн алхам бүр хөгжим судлаачдын хараанд өртөж, “Ганнам Стиль”-ийн араас “ганган” дууны хүлээлт үүсээд байсан. Харин түүний алдаршсан хугацаанаас хойших хоёр дахь дуу өнгөрсөн долоо хоногт дэлхийн томоохон цахим хуудас “юутуб”- ээр цацагдав. Эл дууны нэр нь “Жэнтэлмэн” бөгөөд одоогоор 200 орчим сая хүний хүртээл болсон байна. Гэвч “Ганнам Стиль” дууныхаа амжилтыг эвдэж чадахгүй нь тодорхой болсон гэж дэлхийн хөгжим судлаачид үзлээ.
Мөн түүний “Жэнтэлмэн” дууны дүрс бичлэгийг Солонгосчууд өөрсдөө хориглолоо. Тухайлбал, олон улсад эфирээ цацдаг, Солонгосын алдарт “KBS” телевиз түүний дууг явуулахыг бүр мөсөн хориглосон бол бусад сувгууд оройн цагаар насанд хүрэгчдэд гэсэн утгатайгаар гаргаж байна. Хэдийгээр Өмнөд Солонгос Улсын телевизүүд эфирийн дийлэнх цагийг соёл урлаг, кино урлагтаа зарцуулдаг ч энэ удаад түүний дуунд хязгаар тогтоолоо. Учир нь тус улсын телевизүүд соён гэгээрүүлэх, олны амгалан тайван байдлыг хангах үүднээс олны танил хүмүүсийн оролцоотой хөгжөөнт нэвтрүүлгийг ихээр бэлтгэж нийгмийн сэтгэл зүйг цаг тутамд “дэвтээж” байдаг юм. Гэтэл алдарт дуучныхаа дүрс бичлэгийг хориглосон шалтгаан нь “бахархал” төрүүлмээр аж. Сийрүүлбэл, тэрбээр дууныхаа дүрсжүүлсэн хувилбарын эхний таван секундэд “машин зогсохыг хориглоно” утга бүхий тэмдгийг өшиглөж нийгмийн хэв журмыг зөрчсөн байна. Цаашлаад, минут бүр эмэгтэй хүнийг үл хүндэтгэж байгаа нь хүүхэд залууст ихээхэн муу үлгэр дуурайл болно гэж үзжээ. Түүнчлэн замын тэмдэглэгээ, гэрлийн шон зэрэг зүйлийг “буруу” утгаар хэрэглэж байгаа нь нийгмийн залуу сэтгэлгээг булингартуулах аюултай гэв. Харин дуучин залуугийн “Хөгжилтэй байх, гэхдээ тэнэг биш” гэх уриа нь эсрэгээрээ эргэж уран бүтээл нь “тэнэг” цолыг хүртлээ. Гэтэл Солонгост бодлогын чанартайгаар хориглосон эл дууны дүрсийг манай улсад ямар нэг цензургүйгээр гаргаж болох бүх л “өнцгөөс” толилуулж байна. Түүнчлэн телевизийн өөрийн гэсэн өнгө төрхтэй нь огтоос нийцэхгүй “Жэнтэлмэн” дууны дүрс бичлэгийг Монгол үндэсний олон нийтийн радио телевиз үзэгч ихтэй буюу амралтын өдрийн өглөөний хөтөлбөрөөр цацаж байгаа нь нэгийг бодууштай санагдана.
“NT” © Б.ШИРНЭН
URL: