Вирусийн халдвар ДЭМБ-ыг донсолгож эхлэв

poultry_big-300x201Хятадад дэгдсэн вирус хурдацтай тархаж байна. Сүүлд авсан мэдээллээр өвчлөгсдийн тоо 100 хол давжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар нас барагсдийн тоо 20-д хүрсэн нь аюулын харанга дэлдэж эхэлсэн аж. Хятадын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар вирусийн халдвар энэ чигээрээ тархвал азийн орнуудад халдварлах магадлалтай хэмээжээ. Айдас дагуулж, аюулын харанга дэлдсэн эл вирус нь мал, амьтны гоц халдварт өвчин юм. Улс орны нийгэм, эдийн засагт асар их хор хохирол учруулдаг хөнөөлт дайсан. Халдвар авсан иргэдийн тоо асар хурдацтай нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн байгууллагуудын толгойн өвчин болжээ. БНХАУ нь өнөөдрийг болтол вирус хүнээс хүнд халдварладаг эсэхийг тогтоогоогүй байгаа аж. Шувуу томуугаар бүх төрлийн тэжээвэр болон зэрлэг шувуу өвчилдөг, вирусээр үүсгэгддэг өвчин юм. Хамгийн аймшигтай нь томуу өвчний дэгдэлт гарсан тохиолдолд анхны шинж тэмдэг илэрснээс хойш 2-12 хоногийн дотор 100 хувь үхүүлдэг болохыг судлаачид тогтоожээ.

НҮҮдлийн шувууд “нҮгэлтэй” вирустээгЧид гэнэ

Зарим эрдэмтдийн үзэж буйгаар эл вирусийн халдварийг нүүдлийн шувууд тараасан гэх. Тэгвэл нүүдлийн болон усны шувууд өөрсдөө вирус тээгч, хадгалагч болдог байна. Тэд нүүдлээрээ халдварыг тараах аюултай аж. Мөн шувууны сангасанд вирус хадгалагдаж явдаг. Сангасаар бохирлогдсон нуур, цөөрмийн ус халдварын эх үүсвэр болох нөхцөлийг бий болгодог гэнэ. Судалгаанаас үзвэл, 1918-1919 онд дэлхийн олон орныг хамарсан томуу өвчний үед 20 сая хүн энэ вирусийн улмаас нас барсан гэсэн мэдээлэл бий. Энэ өвчин гахайн томуугийн үүсгэгчээс гаралтай болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. 1957-1958 онд гарсан Азийн томуу гэж нэрлэгдсэн томуугийн үед олон сая хүн, 1968 -1969 онд гарсан “Гонконгийн томуу”-гийн дэгдэлтийн үед 33800 хүн нас барсан гэх судалгаа байна. Тэгэхээр манай улсад энэ өвчин дэгдэхгүй гэсэн баталгаа байхгүй. Учир нь манай орон 19 багийн 460 гаруй төрлийн шувуудтай. Эдгээрийн 80 орчим зүйл нь суурин, 380 гаруй зүйл шувууд нь нүүдлийнх. Тэдгээрийн 247 зүйл нь манай орны нутагт ирж өндөглөж зусдаг, 52 зүйл дайрч өнгөрдөг байна. Харин 10 зүйл шувуу Сибирээс ирж өвөлждөг гэсэн судалгаа байгаа. Усны шувуудын нүүдэл гуравдугаар сарын сүүлчээс эхэлдэг. Иймээс манай оронд шувууны томуу өвчний халдвар нүүдлийн шувуугаар дамжин орж ирэх магадлал өндөр. Зуун хурга, мөнгөн цахлай, үүлэн цахлай, бор галуу, зэрлэг нугас, хөх дэглий, алагтуу мэтийн 38 зүйлийн нүүдлийн шувуугаар томуу өвчний халдвар тархах магадлалтай гэж шувуу судлаачид үздэг байна. Тэгэхээр Дорнод монголын бүсээр дамжин ирж буй шувуудын нүүдлээс болгоомжлох нь зүйтэй. Учир нь эл бүс нутгаар Зүүн өмнөт Азийн орнуудаас нүүдлийн шувууд дамжин ирдэг. Харин өвчин одоогоор тус бүс нутагт тархаад байгаа юм. Манай орны тухайд, гэрийн тэжээвэр тахиа, шувуунд шувууны томуу өвчин халдварласан тохиолдол хараахан илрээгүй. Түүнчлэн хүн өвчилсөн явдал гараагүй аж. Гэхдээ монгол орны бүх нутагт нүүдлийн шувууд ирдэг. Дамжин өнгөрдөг учраас шувууны томуу өвчин халдварлах аюул шувуу нүүдэллэх улиралд хамгийн өндөр байх магадлалтай.

Тахианымаханд тавих хЯналталга

Монголчууд өөрсдийгөө тайван амгалан хүмүүс гэдэг. Тэгвэл ангайж сууж байх зуурт чинь айдас дагуулсан вирус ар хударгаар нь айлчлаад ирэх вий дээ. Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд хяналттай ажиллаж эхэлсэн ч шувууны гаралтай бүтээгдэхүүнд тавигдах хяналт сул байна. Хүнсний зах болон худалдааны төвүүдэд тахианы мах, өндөг зэрэг бүтээгдэхүүн хазааргүй зарагдаж байх жишээтэй. Өнөөх түргэн шуурхай гэгдэх тахианы шарсан мах зардаг газруудад хяналт алга. Харин ч чоно борооноор гэгчээр реклам сурталчилгаагаа цацаж, хямд үнээр авсан тахианы махнуудаа өндөр ханшаар зарж байна. Ашиг олох нь бизнесийн байгууллагуудад байж болох ч аюулын харанга дэлдсэн томуугийн вирусийг импортлоод ирэх вий. Манай иргэд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг зарж борлуулахдаа гаргуун. Үйлчлүүлэгч ч сайтай. Өндөг чанахаас авахуулаад гуя, мөчөөр нь жижиглэн шарж энд тэндхийн худалдааны төвүүдэд зарна. Энэ нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй газарт хийгдсэн эсэхийг нь шалгахгүй шууд л аваад идчихдэг бидэнд өвчин тусахгүй гэсэн баталгаа алга. Тиймээс өөрсдийн болон өрөөл бусдын ариун цэврийн сайтар сахиж, ил задгай зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс аль болох хэрэглэхгүй байх, цаашлаад шувууны гаралтай махнаас “татгалзах”-ыг анхааруулахад илүүдэхгүй биз.

“NT” © Б.Чанцал


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих